АНУ, БНАСАУ-ын харилцаанд шинэ үе эхэллээ
Америк, Умард Солонгосын түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалт Сингапурын аялал жуулчлалын бүс Сентоза арлын “Капелла” зочид буудалд өчигдөр боллоо. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын уулзалт 45 минут үргэлжлээд өндөрлөсөн юм. Уулзалт хаалттай болсон бөгөөд зөвхөн орчуулагчид байлцжээ. Түүхэн уулзалтын гол зорилго нь Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгож, энхийн хэлэлцээр байгуулах гэдгийг талууд онцолж байсан юм. Ганцаарчилсан уулзалтын дараа өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй дээд хэмжээний уулзалт зохион байгуулсан юм. Өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй уулзалтад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Жон Болтон болон Дотоод яамны сайд Жон Келли оролцсон бол Умард Солонгосын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус улсын Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга Ким Ён Чол, олон улсын асуудал эрхэлсэн хэлтсийн эрхлэгч Ли Су Ён болон Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Ли Ён Хо нарын албаны төлөөлөгчид багтжээ. Өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй уулзалт цаг гаруй үргэлжилсэн байна. Улстөрчид Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох асуудлаас гадна БНАСАУ болон АНУ хооронд шинэ дипломат харилцаа тогтоох талаар ярилцсан аж. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нар хамтарсан тунхагт гарын үсэг зурсан байна. Гарын үсэг зурах ёслолд хоёр улсын төрийн тэргүүнээс гадна АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, Ким Жон Уны дүү болох Умард Солонгосын Улс төрийн товчооны дарга Ким Ё Жон нар байлцжээ. Энэхүү гэрээний агуулгыг талууд нууцалж байгаа аж. Ажиглагчид хоёр улсын тэргүүний баталсан баримт бичгийг энхтайвны гэрээ байж магадгүй хэмээн таамаглаж байна. Түүхэн дээд хэмжээний уулзалтын дараа БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун орон нутгийн цагаар 16.00 цагт Сингапурыг орхисон бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 19.00 цагт Вашингтоныг зорьжээ. АНУ-ын албаны хүмүүсийн өгсөн мэдээллээр, Ким Жон Ун 16.00 цагт нутаг буцах талаар мэдээлэл цацагдсаны дараа Ерөнхийлөгч Д.Трамп Сингапурыг орхихоор шийджээ. Уулзалтын дараа орон нутгийн цагаар 11.00 цагт хоёр улсын тэргүүн үдийн зоог барьсан байна. Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун орон нутгийн цагаар 14.00 цагт “Капелла” зочид буудлыг орхисноор түүхэн уулзалт албан ёсоор өндөрлөсөн юм. ВВС агентлагийн явуулсан судалгаагаар америкчуудын 72 хувь нь Ким Жон Ун Д.Трамп нарын уулзалтыг дэмжсэн байна. Судалгаанд оролцсон иргэдийн 68 хувь нь Ким Жон Уны шийдвэрийг хүндэтгэж байгаагаа илэрхийлжээ.
Америк, Умард Солонгосын түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалт Сингапурын аялал жуулчлалын бүс Сентоза арлын “Капелла” зочид буудалд өчигдөр боллоо. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын уулзалт 45 минут үргэлжлээд өндөрлөсөн юм. Уулзалт хаалттай болсон бөгөөд зөвхөн орчуулагчид байлцжээ. Түүхэн уулзалтын гол зорилго нь Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгож, энхийн хэлэлцээр байгуулах гэдгийг талууд онцолж байсан юм.
Д.ТРАМП: ХОЁР ТАЛД АШИГТАЙ ХЭЛЭЛЦЭЭР ХИЙЛЭЭ
Дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн талаар Цагаан ордны тэргүүн “Түүхэн уулзалтад оролцсон нь миний хувьд нэр төрийн хэрэг байв. Бидний дунд найрсаг харилцаа тогтсон. Хоёр талд ашигтай маш сайн хэлэлцээр хийлээ. Талуудын аль аль нь уулзалтын үр дүнд сэтгэл хангалуун байгаа. Бид түүхэн баримт бичигт гарын үсэг зурлаа. Бид чухал асуудлыг хамтдаа шийдвэрлэнэ. Би Ким Жон Уныг Цагаан ордонд урьж ээлжит хэлэлцээр хийхэд бэлэн байна. Хэрвээ хоёр улсын дипломат бодлогод үл ойлголцол үүсвэл энэ удаагийн хэлэлцээр бүтэлгүйтэх эрсдэлтэй” хэмээлээ. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзаад буй гэрээний талаар “Бид маш чухал, дэлгэрэнгүй баримт бичигт гарын үсэг зурлаа” гэж Д.Трамп хэлсэн байна.
КИМ ЖОН УН: ЭНХТАЙВАНД ХҮРЭХ ЭХЛЭЛИЙГ ТАВЬСАН
Умардын удирдагч Ким Жон Ун нүүр тулсан уулзалтынхаа талаар “Сингапурт ирэх зам дардан байсангүй. Бидний өмнөх хаалттай харилцаа, хуучин өрөөсгөл ойлголт уулзалтын зохион байгуулалтад саад болж байсан. Гэвч бид бүгдийг залруулж, нүүр тулан уулзлаа. Уулзалтыг зохион байгуулахад хүчин чармайлт гаргасан АНУ-ын Ерөнхийлөгчид талархлаа илэрхийлье” хэмээжээ. Ким Жон Ун нутаг буцахынхаа өмнө Сингапурт болсон уулзалтыг энхтайванд хүрэх эхлэл байлаа хэмээн товч дүгнэсэн юм. Харин уулзалтын төгсгөлд байгуулсан нууц баримт бичгийн талаар Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун “АНУ-ын төрийн тэргүүнтэй хийсэн дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн баримт бичигт гарын үсэг зурсан нь хоёр улсын харилцааны шинэ эхлэл юм. Бид цаашид томоохон өөрчлөлтийг харж байна” гэжээ.
Х.Эрдэнэзаяа
URL: