ҮХСЭН ХҮНИЙ ХОХЬ ГЭГЧЭЭР, ТАЛИЙГААЧИЙН ӨӨРИЙНХ НЬ БУРУУ БОЛООД БАЙНА УУ

olloo_mn_1528855660_olloo_mn_1423619006_altaiӨнгөрсөн дөрөвдүгээр сард БЗД-ийн 26 дугаар хороонд сүндэрлэж байгаа “Саруул” хотхоны барилгын ажил дээр хоёр ноцтой осол ойр ойрхон гарсан билээ.

Тодруулбал, барилгын ажлаа гүйцэтгэж байсан кран унаж, жолооч нь хүнд бэртэл авсан бол хоёр хоногийн дараа барилгын ажил гүйцэтгэж байсан иргэн 9 давхраас унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Мөн удалгүй тус хотхонд их хэмжээний гал гарч, галд 27 настай эмэгтэй шатаж амиа алдсан байдаг. Ийнхүү гурван удаа ойр ойрхон аймшигтай осол гаргасан газар өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар байна.

Тухайнд үед НМХГ-аас барилгын ажлыг зогсоох акт тавьж байсан ч энэ хугацаатай байдаг гэнэ. Бүр зогсоох эрхзүйн заалт байдаггүй талаар мэргэжлийн хяналтын байцаагч нь хэлж байна.

Тэгвэл дээрх барилга дээр ажиллаж байгаад өндрөөс унаж амиа алдсан талийгаачийн ар гэрийнхэн нь гомдолтой байна. Өнөөдрийг хүртэл ослын дүгнэлт эцэслэн гараагүй. Гарсан дүгнэлт нь буруу ойлгомжгүй байгаа төдийгүй, талийгаачийг өөрийнхөө буруутай үйлдлээс болж амиа алдсан мэтээр тайлбарласанд ихэд гомдолтой байгаа гэдгээ төрсөн дүү Баасанхүү нь ярьж байна. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Харамсалтай хэрэг явдал гарснаас хойш бараг хоёр сар болчихжээ. Ослын шалтгаан дүгнэлт юу гэж гарсан бэ?

-Туслан гүйцэтгэгч “Тольт дэнлүү” компанид ажиллаж байсан. Ажилчин нь өөрөө хөдөлмөр аюулгүй байдлаа хангаж ажиллаагүйгээс болж, өөрөө унаж нас барсан. Өөрийнх нь буруутай үйл ажиллагаа гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, манай талийгаачийг зааварчилгааны бус газраас очиж ажил үүргээ гүйцэтгэсэн гэж яриад байгаа юм билээ. Өөрийнх нь буруу л гэж бидэнд ойлгуулсан дүгнэлт гаргаж бидэнд өгсөн.

-Кран унасны дараа тус барилгын ажлыг түр хугацаагаар зогсоосон байдаг. Гэвч хууль дүрэм шаардлага биелүүлээгүй дээрх компани ажлаа үргэлжлүүлэн хийж байгаад удалгүй 4 дэхь хоног дээр нь танай ах унаж амиа алдсан байдаг?

-Харин тиймээ. Кран унасан өдөр манай ах гэртээ ирээд “Өнөөдөр манай барилга дээр кран унасан. Мэргэжлийн хяналтаас үйл ажиллагааг нь зогсооно гэсэн. Гэвч зогсоох зогсоохгүй нь мэдэгдэхгүй. Бид нарыг ажлаа хурдан хий” гэж яаравчлуулж шахсан. Тэгэхээр нь би мэргэжлийн хяналт зогсоох шийдвэр гаргачихаад яагаад үргэлжлүүлэн ажиллуулсан юм бэ гэж байцаагчаас нь асуухаар “Кран унасан барилгатай ямар ч хамаагүй барилга шүү” гэж хэлсэн. Их муухай учир битүүлэг юм яриад байгаад нь гомдолтой байна. Тиймээс би хэвлэл мэдээллийн байгууллагад хандъя гэж бодсон. Гэхдээ мэргэжлийн хяналтын байгууллагын эцсийн дүгнэлт гарахыг хүлээсээр байна. Өнөөдрийг хүртэл гарч бидний гар дээр тавигдаагүй байгаа.

-Талийгаач дээрх барилгын ажил дээр удаан ажиллаж байсан уу?

-Ер нь барилгын ажлаараа бригад болж ажилладаг хэсэг хүн бий. Тэдэнтэйгээ нийлээд энд тэнд барилга дээр туслан гүйцэтгэгч хийдэг хүн байсан. Харин энэ “Алтай” констракшны бариулж байгаа “Саруул” хорооллын барилга дээр 17 хоног ажиллаж байсан юм. Тэгээд л золгүй юм болчихлоо. Удаа дараа осол гаргасан энэ компани өнөөдрийг хүртэл барилгын ажлаа явуулсан хэвээрээ байгаа юм билээ.

-Талийгаач хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаагүй байсан гэдэг нь үнэн юмуу. Уг нь ажил хийлгэж байгаа компани бүх зүйлийг нь хангаж бэлтгэж өгөх ёстой биз дээ?

-Кран унаснаас гурав хоногийн дараа ах маань унаж амиа алдсан шүү дээ. Тэр нь дөрөвдүгээр сарын 22 буюу бүтэн өдөр байсан. Өөрөө баасан гарагийн орой “Бид нар тоосго болон барилгын материалаа 11 давхар руу үүрлээ” гэж ярьсан. Гэвч кранаар зөөх ёстой биз дээ. Яагаад лифтэн шатгүй байгаа үед барилгын ажилтнуудаар тэгж зөөлгөсөн юм бэ. Хогны машин ирээд хогоо гаргаарай гэсэн юм билээ. Тэгээд ах маань ууттай хог үүрээд, бэхжилтгүй байсан тагт нуралт үүсээд доошоо дийлдээд унасан юм билээ. Өдөр болгон хөдөлмөр хамгааллын дэвтэр хөтөлдөг. Тэр дэвтэр дээр манай ахын гарын үсэг байхгүй. Сүүлийн өдрүүдэд өөр хүн гарын үсгийг нь өмнөөс зурчихсан байгаа юм.  Тэгэхээр “Алтай” констракшн асуудлаас мултарч, туслан гүйцэтгэгч компанидаа бүх буруугаа чихэж, үлдээх гээд байгаа юм шиг санагдаад байгаа. Эцсийн эцэст хохироод үлдсэн хоёр хүүхэд, настай ээж, дүү нь хэцүү байна шүү дээ.

-Хог яг хаясан уу. Эсвэл өөр юм хийж яваад унасан уу?

-Ажлынх нь хүмүүс ууттай хог үүрээд гаргаж хаясан гээд байгаа. Гартаа шрүп барьсан байсан. Гэвч хэргийн протокл дээр тэр нь авагдаагүй байх жишээний. Энэ мэтчилэн хавтас хэрэг болон дүгнэлтэд их утгагүй зүйлүүд олон бий. Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг харахаар “Алтай” констракшн туслан гүйцэтгэгч компаниараа дамжуулж бүх юмаа хамгаалчихаад байгаа юм. “Тольт дэнлүү”-гээс гадна өөр нэг компани байгаа. Тэр нь засал чимэглэл хийдэг байсан юмуу даа, тэр компани руу буруугаа чихээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, манай ах өөрөө гүйж очоод унасан мэт л дүгнэлт гаргасан байна билээ.

-Талийгаач энд амьдардаг байсан уу?

-Тийм. Тэтгэврийн настай ээж, группийн дүүтэйгээ энд амьдардаг байсан. Гэр нь Эрдэнэтэд байдаг ч гэр бүлийн хүнээсээ ер нь бол тусдаа амьдраад нэг жил болж байна. Миний ах чинь 41 настай архи тамхи хэрэглэдэггүй, ажилласаг, хүний дээд хайлан байсан юм. Үнэхээр харамсалтай байна.

-“Алтай” констракшн болон “Тольт дэнлүү” компаниас хохирол барагдуулсан уу? 

-Бүхэл бүтэн хүний амь нас хохирсон байхад ямар ч хохирол барагдуулаагүй. Ажил явдлынх нь зардал гэж хоёр компаниас нийлээд 4 сая төгрөг өгсөн. Одоо ямар ч харилцаа холбоо байхгүй.

О.Сайхан

URL:

Сэтгэгдэл бичих