Доромжлол амссан нулимс худал байдаггүй…
Тэмээтэй аяллын Baigalmaa Baikal….нулимсан дундуур туучсан амьдрал, нуугдаж ургасан сарнай, чимээгүй хашгираан, чиглэж зүтгэсэн зориг…миний нутгийн тасхийм хүйтнийг туулж, Шаргын уудам говьд тэмээгээ хайгаад уйлаад гүйж явахад нь би яг тэр дов сондуул, догшин жаврыг үнэрлэх шиг болсон. Үнэн нулимс, үнэн хайр, үнэн тэвчээр… олон жил тэвчсэний эцэстодоо л өөрөөрөө орших гэж зүтгэн буй сэтгэл зүрхний тэсрэлт…яг түүнтэй адил амьдрал туулж яваа олон олон монгол бүсгүй бий. Даваа гүвээ давж чадалгүй нугарч, хайраа золиослон хадмын газраас нутаг гүйж, хагацан хаягдаж, урагдан сэмэрч, эсвэл чимээгүйхэн дээлэн дотроо үхсэн олон олон амьдрал, хайр, тэмцэл, тэвчээр, бас доромжлол…”Нямкад надаас өөр хэн ч байхгүй” гэж тэр хэлсэн, түүний тэвчээрийн утга учир…амьдралаа авч үлдсэн цорын ганц шалтгаан…тэр үнэн ярьсан. Хайрлаж чаддаг хүний харц гэрэлтдэг. Доромжлол амссан нулимс хэзээ ч худал байдаггүй. Тэгээд ч тэр уйлъя гэж уйлаагүй, зангиръя гэж зангираагүй. Хатгаж, мөшгиж, хайрсаар байгаад үнэн оршихуйд нь халдаж, үнэн үгийг нь хэлүүлчихлээ. Туулсан зовлонгоо олны өмнө дэлгээд байхыг түүн шиг эмэгтэйчүүд хүсдэггүй. Гэтэл Байгалмаа энэ хязгаарын давчихлаа. Юу ч гэж хэлүүлэхээс эмээлгүй, юунаас ч айлгүй, бас нэрэлхэлгүй зовсон зовлон, хайрласан сэтгэлээ дэлгэчихлээ. Өнөөдрийг хүртэл тэвчиж, тэсч үлдэж, тэгээд өөрсдийнхөөрөө амьдарч чадсаныхаа төлөөсийг тэр одоо ч төлж явна. Тэр монголчуудынхаа өмнө найман сарын өмнө бүх зорилгоо зарласан. Харин сая бүх сэтгэл зүрхээ асгачихлаа…хамгийн гол нь тэр үнэн оршиж байна. Түүний асгаран урсаж буй сэтгэл рүү чулуу шидэх хэрэггүй, нулимах хэрэггүй, атаа хорслын үгээр ааг омог, эрч хүчийг нь дарахаас аль эрт өнгөрсөн. Учир нь тэр аль эрт эрчлэн урссан, аль хэдийн асан дүрэлзсэн. Түүний омог хүйтэн бус халуун юм, түүний бардам зан цэвдэг бус, цэвэр юм. Зөв ч бай, буруу ч бай, зүтгэсэн зорилго нь бүтсэн ч бай, бүтээгүй ч бай хамаагүй, зорьж, зовж, зорилготой байгаагийнх нь төлөө би Байгалмааг хэдий танихгүй ч гэсэн үргэлж хүндлэх болно. Өнөөдөр, маргааш, нөгөөдөр би түүний араас сүү өргөх болно. Яагаад гэвэл тэр Лондон орсон ч бай, үгүй ч бай, эзэн Чингисийн талбайгаас хөдлөхдөө л өөрийнхөө болоод өрөөлийн зөрчлийн цаана гарч, аль хэдийнэ ялчихсан шүү дээ!
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Энэ Эмүжин Байгалмаа хоёр нэг тэрэгний дугуйнууд байна. Эр нөхрөөсөө урвах, хүн хулхидах, гүтгэх хулгай хийх нь тэгээд сайн явдал уу
Ямар ч эх хүн хүүг нь бузарлаад байгаа янхан эмийг зүгээр хараад суухгүй. Цэрэн харин ч их тэслээ. Үгээ хэлэх цаг нь болсон. Энэ хүүхэн өөр ямар ч айл гэрийг тамд унагах байсан юм. Хүмүүс мэддэг боллоо.