ДӨРӨВХӨН ХОНОГТОЙ НЯРАЙ ОХИНЫГ ХУЛГАЙЛСАН ЭМЭГТЭЙГ ШАЛГАЖ БАЙНА

olloo_mn_1528767242_5kovkejuira7g3bu5r6lgm91ikТөрөөд дөнгөж дөрөв хонож байсан нярай охиныг хулгайлсан хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн пүрэв гарагт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Тахилтад гарсан байна.

Хэргийн тухайд дөнгөж төрсөн охины ээж, ээжүүдийн группээс нэгэн эмэгтэйтэй цахим сүлжээгээр дамжуулан танилцжээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн иргэн А нь нийслэлд амаржихаар ирсэн байжээ. Энэ үеэр ээжүүдийн группэд байдаг нэгэн эмэгтэйтэй танилцаж, туслаж дэмжихийг хүссэн байна.

Харин хотод ирээд эрүүл саруул охинтой болсон ээж, Тахилтад байдаг найзындаа түр хугацаагаар байж байсан бөгөөд нөхөр нь хөдөөнөөс ирж авахыг хүлээж байсан гэнэ.

Гэвч дээрх хулгайч эмэгтэй цахим сүлжээгээр хохирогч ээжтэй чатлаж “Танай хүүхдэд бэлэг өгөх гэсэн юм. Гэрийн хаягаа заагаад өгөөч” хэмээн энэ сарын 04-ний орой найзынх нь гэрт бэлэг бариад иржээ. Түүнчлэн тэрбээр “Харанхуй болчихлоо танайд хоночихоод явъя” гуйсан гэнэ.

Энэ талаар хохирогч ээж А “Тэр эмэгтэй миний байгаа газар энэ сарын 04-нд ирсэн юм. Маргааш өглөө нь би эрт өглөө босчихоод охиноо салхилуулахаар гэрээс аваад гарсан юм. Гэхдээ өглөө нь охинтойгоо унтаж байхад тэр хулгайч эмэгтэй намайг болон охиныг чинь их ээлжилж харж ажиглаад байсан шүү гэж дүү надад хэлсэн. Манайд бэлэг бариад ирсэн орой би “Манайд хөдөөнөөс хүмүүс ирж байна. Чи явахгүй юмуу” гэхэд тэрбээр “Харанхуй болчихлоо хоночихоод явъя” гэж гуйхаар нь адилхан эмэгтэй хүмүүс байна даа гэж бодоод ор засч өгөөд унтуулсан. Маргааш өглөө нь их салхитай байхад охиноо түр аваад гарсан.

Удалгүй гэртээ орох гэтэл нөгөө эмэгтэй “Эгчээ би охиныг чинь жаахан тэвэрье гээд авсан. Гэрийн үүдэнд дээр зогсч л байсан. Би гутлаа өмсөх гээд гэрлүүгээ түр орчихсон хойгуур гэнэт алга болчихсон. Би хашаанд хайгаад гудамж руу гартал, цагаан тоос татуулан гүйж харагдсан. Араас нь гүйгээд би яаж гүйцэх билээ дээ хий дэмий  хашгирсан. Гэтэл цагаан Приус машин гудамжаар тойрч гарч ирээд нөгөө хүүхнийг суулгаж аваад явсан. Тэгээд л бид цагдаа дуудсан, цагдаа нар ч хурдан ирсэн. Нөгөө хүүхэн утсаа салгасан, 45 миунтын дараа фэйсбүүк рүү ортол зургаа сольчихсон. Намайг блок хийсэн байсан. Харин бүр шөнө нь цагдаагийн газраас хүүхдийг минь олсон, намайг ирж ав гэсэн. Би тэгээд СХД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс очиж охиноо эсэн мэнд хүлээж авсан.

Цагдаагаас тэр эмэгтэйг саатуулна гэж хэлсэн хэрнээ нөхрийнх нь хамт гадуур сул гаргасан байна билээ. Тэдний цаана нь байгаа хүмүүс одоо намайг гүтгээд байгаа. “Чи хүүхдээ үрчлүүлнэ” гэчихээд одоо хулгайлсан гэж ярилаа гэж. Тэр эмэгтэй намайг охиноо үрчлүүлэх үү гэж асуусан. Би юу гэлээ гэж одонгийн охиноо хүнд үрчлүүлэх билээ дээ. Үгүй л гэсэн. Одоо би тэр танихгүй эмэгтэйгээс айж байна. Надад ямар ч хамгаалалт байхгүй. Дахиад миний хүүхдийг хулгайлахыг завдвал яах вэ” гэж ярьжээ.
Хэний ч санаанд багтамгүй энэхүү хэрэгт холбогдсон эмэгтэй бол өөрөө хоёр хүүхэдтэй эх хүн ажээ. Тэрбээр хүүхэд хулгайлсаныхаа дараа цахим хуудсандаа “Би төрчихлөө” хэмээн нялх охины зургийг оруулсан пост хийжээ. Тэрбээр цагдаад баригдах үеэрээ гэртээ нөхрийнхөө хамт охиныг усанд оруулж байжээ.

Тиймээс ээжүүдийн групп гэсэн гэгээлэг сайхан ертөнцөд байдаг энэ эмэгтэй гэмгүй хөөрхөн үрийг хулгайлах сэдэл төрсөн үү, эсвэл өөр шалтгаан байсан уу гэдгийг цагдаагийн байгууллагаас шалгаж тогтоох бизээ. Ямартаа ч одоогоор энэ хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа ажээ.

О.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих