Аав ажилдаа явсан
“Аав ажилдаа явсан”. Жаал хүүг ингэж хэлэх бүр айл саахалт байдаг бидний элэг эмтэрч, уушиг урагдах шахна. Yрээ гэх хэн бүхний зүрхний угт зүү адил шивж, бэтэг мэт битүү зовиур шаналгаад автуулдаг жаал хүүгийн энэ үг хөөрхий муу ээжид нь бүр хэцүү байдаг байхдаа гэсэн бодол төрөх тутам Дэжидмааг давхар хайрлан өрөвдөнө.
Бид энэ нэгэн зовлонт амьдралын түүхийг анхнаас нь сайн мэдэх юм. Түүх ч гэж дээ, ердөө хоёрхон жилийн явдал бөгөөд хүүг гурван настай байх үеэс эдүгээ тав хүртэлх үйл явдал.
Тэр жилийн намрын дунд сарын шинийн наймны билэгт сайн өдөр Төмбөөгийн сэвлэг даахийг үргээхэд бид зочноор оролцож билээ. Товлосон өдрийн яг морин цагт ус ёслол эхлэх ёстой, түүнийг хойшлуулах аргагүй байж. Тэгээд ч амжвал урьд өдөр нь, эс амжвал наймны өглөө заавал ирнэ. Хүүдээ том бэлэг авчирна гээд жигтэйхэн баяр хөөртэй одсон аавыг нь удахгүй ороод ирэх юм гэж итгэцгээж байсан болохоор найрыг цагт нь эхлүүлжээ.
Тийнхүү даахь үргээх ёслол монгол заншлаар болж, байдгаараа гоёсон Төмбөө хүүг цугларсан хүн бүр тавагтай идээ мэт гар дамжуулан, бариулд нь хадаг уясан хайчаар түүний сэвлэгнээс нэг нэг туг үс хярган авч “Том сайхан эр болоорой” гэж ерөөн авчирсан бэлгээ өгсөөр байлаа. Хүүг ямархан баяртай байсныг зүйрлэх аргагүй. Гэлээ ч үүд рүү байн байн харах нь аавыгаа л ороод ирнэ гэж горьдсон, итгэсэн байдал ил байсан. Түүнийг мэдэрсэн бид:
-Аав чинь одоохон хүрээд ирнэ дээ, хүү минь гэцгээж байж билээ. Төмбөөгийн даахийг дух санчигнаас нь дагз хүртэл байчилсаар хэдэн туг үс үлдэхэд ёс ёмбо мэдэх настан буурал:
-Таминь ээ! Аавд нь хувь үлдээнэ шүү дээ гэв. Ингэж хүүгийн дагзан дээр бяцхан үс үлдсэн бөгөөд тэр бол аавынх нь хувь байсан юм. Заавал оролцох ёстой ойр дотны хүнд сэвлэг даахинаас хувь үлдээдэг монгол ёс байдаг л даа.
Хүү найр өндөрлөж зочид таран тартал,
-Аав яагаад ирэхгүй байгаа юм бэ? Хэзээ ирэх юм бэ гэж шалгаасаар байлаа. Бид яахав дор бүрнээ л “Аав нь ирнэ дээ, ирнэ. Аав нь ажилдаа явсан” гэцгээж байлаа. Харамсалтай нь хүүгийн аав ирсэнгүй. Өдгөө болтол ирсэнгүй. Хүүгээс нуух золгүй тохиол, хэзээ ч эргэж ирэхгүй эмгэнэлт явдал түүнд тохиожээ.
-Аав яасан юм бэ?
-Аав нь ажилдаа явсан! Хүү энэ үгийг сайтар тогтоож авчээ. Аавыг нь огт дурсаагүй байхад ч, өөр юм ярьж байхад ч, өхөөрдөж толгойг нь илсэн ч “Аав ажилдаа явсан” гэх гурван үгийг л хэлдэг болжээ. Манай хадам хөдөөнөөс ирээд хүүгийн дагзанд байгаа хэдэн урт үсийг имрэн, толгойг нь илтэл:
-Аав ажилдаа явсан гэж билээ. Өнгөрсөн зун нэг төрхгүй банди Төмбөөгийн мөнөөх туг үснээс чангаан:
-Энэ чинь юу юм бэ? Ямар моод гээч вэ гэсэнд аанай бас:
-Аав ажилдаа явсан хэмээж. Би нэг удаа хүүг өрөөсөн шаахайдаа баахан чулуу овоолоод ачаатай машин болгон элсэн дээр тод мөр гарган “Дүүд-Дүүд” дуугаран тоглож суухтай тааралдав. Аавыгаа л машин дүүрэн ачаатай ирж яваагаар төсөөлж байх бололтой.
-Хүү юу хийж сууна даа?
-Аав ажилдаа явсан.
Ухархай руу нэг гашуун юм урсаад ирэх шиг боллоо. Уг нь би Дэжидмаатай уулзаж, сэтгэлийн нь зовиурыг нимгэлэх яриа өдөөдөг юм билүү гэж бодоод гэрээр нь орох гэж явсан юм.
-Ээж чинь гэртээ байгаа юу?
-Аав ажилдаан явсан!
“Чааваас даа” гэж би өөртөө үглээд хүүгээс салж явлаа.
Хүү эдүгээ таван насны ойдоо хүрчээ. Yзвэл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд мөнөөх туг үс бараг хоёр төө илүү ургаж сэвлэг даахинаас үлдээсэн энэ үсийг хүү “Аавын хувь” гэж итгэдэг, ааваас нь өөр хүн хайчилж авах учиргүй гэдгийг мэддэг, ээж нь ч хяргаад хаячихаж чадаагүй юмсанж.
Чингэтэл “Аавын хувь” өдөр сараар урган уртассаар, сургуульд орох цагт хэдий хэр болохыг хэлэх аргагүй. Ер нь яалтай юм дээ?
Ажлаас буусан хүмүүс орой автобусаар ирэх бүр хүү хүүхдүүдтэй хамт тосч гүйнэ. Ганцаараа л нөгөө хэдэн годгор үсээ модгонуулсаар урамгүйхэн гэр рүүгээ гэлдэрнэ. Өрөвдөлтэй!
-Аав чинь ажилдаа яваагүй. Бурхны оронд бүр мөсөн явчихсан. Хэзээ ч ирэхгүй гэж хэлэх зүрх надад л лав алга. Хэн нэгэн зоригтой хүн, ээжтэй нь ярьж тохироод ингэж хэлдэг болов уу гэж горьдоно. Дэжидмаа бүсгүй, Төмбөө хүү хоёрын амьдрал, дотоод сэтгэлийг мэддэг нэг залуу бий нь бий, тэр чухам яадаг бол доо?!
С. Надмид /1998 он/
URL: