О.Гүндэгмаагийн алтан медалийг хураажээ

712-1528417698fda13498-0e2c-46ed-a478-16dc75496cd8Дэлхийн цэргийн спортын холбооны буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн сарын 29-нөөс энэ сарын 6-ны хооронд Швейцарь улсын Тун хотод боллоо. 50 дахь удаагийн тус тэмцээнд 48 орны мэргэн бууч цэц мэргэнээ сорьсон юм. Тэмцээний эмэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны дасгалд өрсөлдсөн Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа аваргын алтан медаль хүртсэн. Гэвч түүний медалийг зохион байгуулагчид нь хураажээ. Учир нь, түүнийг хүзүүндээ лент нааж оролцсон нь тэмцээний дүрмийг зөрчсөн гэж үзэхэд хүрсэн байна. Лентний шалгалтыг тэмцээн дууссаны дараа хийдэг бөгөөд энэхүү дүрмийг 10 жилийн өмнөөс мөрдөж эхэлжээ. Тиймээс зохион байгуулагчид дүрмээ барьсан хэмээн мэргэжилтнүүд хэлж байна. Армийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тамирчид, Батлан хамгаалах яамаараа дамжуулан оролцдог. Швейцарьт болсон дэлхийн аваргад манай улсын эмэгтэй баг спорт гар бууны дасгалд хүрэл медаль хүртсэн бөгөөд багийн бүрэлдэхүүнд О.Гүндэгмаа, Т.Баярмаа, Г.Хэрлэнцэцэг нар багтсан юм.

Б.Сийлэн
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

URL:

Сэтгэгдэл бичих