Стратегийн ордуудыг барьцаанд тавигсадтай хариуцлага тооцох өдөр удахгүй ирнэ

Амлалт нэхэх ард түмний холбоо улстөрийн үйл ажиллагааг идэвхтэй явуулдгаас гадна уул уурхайн буруу үйл ажиллагааг эсэргүүцэж байр сууриа илэрхийлдэг. Энэ ажил нь ямар явцтай байгаа талаар ерөнхий зохицуулагч Г.Уянгатай уулзаж, “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцаанаас иргэдэд өгөх хувь хэмжээ,  “Урт нэртэй хууль”-ийн талаар үзэл бодлыг нь сонирхлоо.

-Амлалт нэхэх ард түм­ний холбоо “Эрдэнэс Таван толгой” компанийн хувь­цаанаас иргэдэд өгөх хувийн асуудалд ямар бодолтой байгаа вэ. Хөдөлгөөний утга агуул­гаас нь аваад үзэхэд энэ асуудалд нэлээд анхаарч, чих тавих нь ойлгомжтой шүү дээ?
-Амлалт нэхэх ард түмний хол­боо, бусад хөдөлгөөн, Эх орон тусгаар тогтнол шударга ёс эвсэл хамтраад бүх ард түмний санал асуул­гыг өнгөрсөн хавар явуулж, иргэдийн саналыг авсан. Иргэдийн дийлэнх нь Таван толгойг зуун хувь ард түмний мэдэлд шилжүүлэх нь зүй­тэй гэдэг санал өгсөн. Ард түмэн өмчөө өөрсдөө авъя гэсэн үг. Бусад нь одоо хангалттай идэж уулаа шүү дээ. Жинхэнэ эзэд нь хувиа хүртэх цаг болсон.
-Зуун хувь иргэдэд өг­чихлөө. Тэгвэл яаж мөнгө бос­гож, ашиглах вэ гэдэг асуу­дал гарна. Хэтэрхий боломж­гүй зүйлийг улс­төрийн учир шалт­гаанаар тулгаад байгаа юм биш үү?
-Баялаг манайд байна, түүнийг сонирхож ашиг хийх гэсэн хүмүүс ч бас бий. Үүнийг хэн хэндээ ашиг­тайгаар шийдэх зөв­шилцөл, шийдэл хэрэг­тэй. Олон янзын хувилбарууд яригдаж байна, тэдгээрийг олон нийтэд танилцуулаад нээлттэй, өргөн хэлэлцүүлэг явуулах хэрэгтэй. Иргэдийн саналыг асуусан ч болохгүй гэх газаргүй. Иргэд төлөөллийн байгууллагаа байгуулж болно. Тэр бүхнийг төр зохион байгуулах үүрэгтэй. Гэтэл “Бид дахин сонгогдоход үүнийг хэрхэн ашиглаж болох вэ, дараа нь яаж  хувь хүртэх вэ” гэдэг өнц­гөөр л асуудалд хандаж байгаад асуудлын гол учир нь байна.
-Та хэтэрхий асуудлыг улстөрийн өнгөөс хараад байгаа юм биш үү. Хэлэлцүүлэг явууллаа гэхэд ард иргэд болон нийгмийн хөгжилд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг нь бүрхэг байна шүү дээ?
-Улстөржилт гэж харах хэрэг­гүй. Яг үнэндээ өнөө­дөр ядуурал, баян хоосны ялгаа нь баялгийн тэгш бус хуваарилалтаас л үүдэлтэй. Үүнийг арилгах, баялгийг тэгш, шударгаар хуваарилахад томоохон ордуудын эзэмшил, хувь нөлөө чухал үүрэгтэй. Гэхдээ өнөөдрийн эрх бариг­чид энэ бүхнийг хийж чадахгүй. Тэд ордоо барь­цаалаад сонгуулийн амлал­таа биелүүлэхэд улайрч байна шүү дээ. Энэ  нь тэг­вэл юу байж болох уу. Улстөр­жихгүй гээд дуугүй суугаад байх хэрэг үү. Үгүй л байхгүй юу.
-Бүх зүйлийг харлуулаад байж боломгүй санагдлаа. Жишээ нь дотоодын аж ахуйн нэгжид нэрлэсэн үнээр нь хувьцаа зарах тухай дэвшилттэй зүйл ч ярьж эхэллээ шүү дээ?
-Дотоодын аж ахуйн нэг­жүүдийг чөлөөтэй оролцуулах бодлого нь буруу биш. Гэхдээ энэ нь дахиад тэгш бус хуваарилалтын үндэс болох учиргүй. Нэр­лэсэн үнээр нь өгөх бололцоог ганцхан аж ахуйн нэг­жүүдэд гэх нь дахиад л шудар­га бус хуваарилалт. Хямд үнээр бол хэнд ч гэсэн илүү хувьцаа авах сонирхол байгаа шүү дээ. Ер нь энэ талаарх хувилбар, саналуудыг олон нийтэд нээлттэй болгох хэрэгтэй. Дандаа нуугдмал, хаалттай байдлаас зөв шийдэл хэзээ ч гарахгүй.
-Тэгвэл монголчууд Таван толгой, Оюу тол­гойн ордоо ашиглахад хан­галт­тай хөгжилд хүрч чадах уу, үгүй юу?
-Эрдэнэт үйлдвэр хэдэн жил биднийг тэжээлээ. Оюу толгойн орд газрыг авч үзэхэд зэсийн нөөцөөр Эр­дэнэтээс долоо дахин их, алтныхаар Бороогийн ордоос 40 дахин их, мөнгөний нөөцөөр Асгатын ордоос дөрөв дахин их. Энэ гурван баялгаар монголчууд 100 жил хангалттай сайхан амьдрах бүрэн боломжтой.
-Тийм байдаг юм байж. Тэгвэл баялгийн хуваарилалтад улстөрийн эрх ашгийн үүднээс хандаж буй хүмүүс бий гэж та хэллээ. Тодорхой жишээ та­тахгүй  юу?
-Маш тодорхой. Сон­гуулийн амлалтаа бие­лүүлсэн болж харагдаад, дараа дахин сонгогдохын тулд стратегийн ордуудыг барьцаанд тавьж байгаа МАН, АН бүлэглэл. Тийм ч уч­раас энэ алдааных нь төлөө ард түмэн хариуцлага тооцох өдөр удахгүй ирэх нь ойлгомжтой. Дахин хэлэхэд МАН, АН-ын үед хийгдсэн гэрээ хэлэлцээрүүдийг эргэж харах, хүчингүй болгох, дахин шинэчлэх  тийм цаг удахгүй.
-Хариуцлага асуух өдөр гэж байна. Тэгвэл ганцхан жишээ татахад  “Урт нэр­тэй хууль”-иас болж төр, хувийн хэвшлийн дунд ширүүн тэмцэл өрнөсөн. Ам­лалт нэхэх холбооныхон  нэлээд шүүмжлэлтэй ханд­даг. Гэвч одоог хүртэл үр дүнд хүрэхгүй юм?
-Амлалт нэхэх ард түмний холбоо ард түмний эрх ашигтай холбоотой ямар ч асууд­лаар идэвхтэй байр суурь баримталдаг. Ашигт малт­мал олборлох талаар бид­ний байр суурь урт нэртэй хуулиас ч илүү. Гол мөрний эх, ай савд байтугай Оюу толгой, Таван толгойгоос бусдыг нь хаах, газар нутгаа амар­жуулах асуудлыг улс­төрийн бодлогын хүрээнд тавьдаг. Эхний ээлжинд Архангай, Хөвсгөл, Булган гэх мэт байгалийн үзэс­гэлэнт хангайн бүсүүдэд олбор­лолтыг бүрмөсөн хориглох ёстой.
-Хууль хэрэгжихгүй байгаа шалтгаан нь тодор­хойгүй байсаар багагүй хуг­цаа өнгөрлөө шүү дээ?
-Дахиад л “бөөсний үлгэр” ярья. Өнөөдрийн эрх баригчид байгаа цагт урт нэртэй байтугай, өөр олон хууль хэрэгжихгүй. Хам­гийн сүүлийн жишээ гэхэд биднийг Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд явж байхад тэндхийн шүтээн уулыг нь хяргаж хэрчээд молебдин олборлож эхэлсэн байна лээ. Тэр компанийн эзэн нь нэр бүхий УИХ-ын гишүүн. Хууль батлан гаргадаг хүн нь хууль биелүүлэхгүй байхад яаж зүй зохистой байдлыг тэд­нээс хүлээж суух вэ. Эднийг солихоос нааш юу ч өөрч­лөгдөхгүй.
-Уул уурхайн ком­па­ниудын төрд нөлөөлөх нө­лөөлөл нь их байгаагаас дээрх  хуулийн хэрэгжилт саа­таад байгаа юм биш үү?
-Төр  өөрөө уул уурхайн ком­пани болчихоод бай­на. Өөр бодож байгаа юм тэдэнд байгаа юм уу.  Бүгд лицензтэй, аль нэг компанийн эрх ашгийг төлөөлдөг гар хөл болцгоосон хүмүүс. Тэгээд яаж тэр баял­­гийг зарж, сонгогчдын са­налыг худалдаж аваад да­раагийн мөнгө рүү гараа дүрэх вэ гэж л бодож байна. Тийм учраас наад хууль чинь хэрэгжихгүй.


URL:

Сэтгэгдэл бичих