ГЭРЛЭН ДОХИО АЖИЛЛААГҮЙН УЛМААС ХОЁР ОСОЛ ГАРЧЭЭ
Баянгол дүүргийн нутаг III,IV хорооллын “Өргөө” кино театрын урд талын уулзварын хөдөлгөөнийг зохицуулдаг гэрлэн дохио ажиллахаа болиод дөрөв хонож байна. Үүний улмаас ачаалал ихтэй энэ замын түгжрэл иргэдийг бухимдуулаад буй.
Дохио эвдэрснээс хойш энэ уулзварыг Баянгол дүүргийн замын цагдаагийн алба хаагч зохицуулж, зарим тохиолдолд Замын хөдөлгөөний дүрэмд заасан “Зохицуулалтгүй уулвараар нэвтрэх” заалтын дагуу зорчиж байгаа. Гэвч дүрмээ мэддэггүй, тэвчээргүй зарим жолоочийн балгаар уулзварт нэвтрэх хөдөлгөөн замбараагүй болж байгаа тухай олон жолооч ярив.
Энэ гэрлэн дохиог хэзээ засаж, хэвийн ажиллагаанд оруулах талаар Замын хөдөлгөөний шуурхай удирдлагын төвийн мэргэжилтэн Х.гансүхээс тодруулахад “Манай инеженүүд захаар ажиллаж байна. Сэлбэх эд ангийг олсон тул удахгүй хэвийн байдалдаа орно” гэв. Харин гэрлэн дохиогүй байх хугацаанд тус уулзварт зам тээврийн осол гарсан, эсэхийг Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн эх сурвалжаас лавлахад “Өргөө-1” кино театрын урд гурван зохицуулагч зургаан цагаар ээлжлэн ажиллаж байна. Өнгөрсөн мягмар гаригт энэ уулзварт зам, тээврийн хоёр осол бүртгэгдсэн.
Харин лхагва гаригийн өглөө хоёр жолооч шүргэлцсэн байна. Гэхдээ хохирол бараг учраагүй тул цагдаад хандалгүй , хоорондоо учраа олоод явжээ. Ер нь сүүлийн үед манай жолооч нар харьцангуй соёлтой болсон. Гэрлэн дохиогүй гээд дайраад байхаа больсон байна лээ. Нийслэлийн томоохон уулзваруудын нэг нь гэрлэн дохиогүй үед осол цөөн гарсан нь үүний илрэл байх гэлээ.
Эх сурвалж: Өнөөдөр сонин
URL: