Өглөө эрт босч сурах энгийн аргууд

Өмнөө ямар нэгэн том зорилго тавьсан хүмүүс заавал эрт босч сурах шаардлагатайг мэргэжилтнүүд зөвлөж байна. Эрт босох нь зөв хүмүүжил, сэтгэлийн тэнхээтэй холбоотой жирийн л зүйл гэж хүмүүс боддог. Гэтэл үнэн хэрэгтээ энэ нь маш том асуудал юм байна.

Яагаад ч юм, хүмүүс аль болох их унтахыг эрмэлздэг. Тэгээд эрт босох шаардлага тулгарахаар бөөн бэрхшээлтэй тулгардаг байна. Нойроо хялбархан дийлж өглөө эрт босч сурах зарим аргуудыг санал болгож байна.

Өдрийн дэглэмээ өөрчлөх

Олон хүмүүс “ юу ч хийж амжихгүй байгаагаас “ өглөө эрт босохыг хүсдэг. Эхлээд энэ сэтгэхүйгээ өөрчилж өдрийн тодорхой дэглэмтэй болж ажил амралтаа зөв зохицуулж сурах хэрэгтэй. Унтах  гэдэг бол шинэ өдрийн эхлэл, сайн сайхны угтал гэж бодож сур.

Унтах цаг тогтмол, тодорхой байх

Хүмүүс ханаагүй нойрондоо их харам байдаг тул 1-2 цаг дутуу унтах нь тэвчишгүй зүйл мэт санагддаг. Ганц арга нь эрт унтаж сурах явдал. Гэхдээ эхлээд хэдэн цаг унтвал бие организмд тань хангалттай байгааг тодруулах хэрэгтэй. Үүн дээрээ л үндэслэж ажил төрлөө төлөвлөнө шүү дээ. Харин хуучин зуршлуудаа үндсээр нь хаях хэрэгтэй дээ.

Оройныхоо ажилд онцгой анхаарах

Оройн хоол, амралтын цагаа бас зохицуулах хэрэгтэй болно. Маргааш өглөө эрт босохоор шийдчихээд байгаа атлаа өдрийн дэглэмээ өөрчлөхгүй байна гэдэг бол байж болшгүй асуудал. Оройн хоолоо унтахаас 2-3 цагийн өмнө идсэн байх шаардлагатай.

Өглөө босоод хийхээр шийдсэн ажилдаа сайн бэлтгэх

Заримдаа хүн нойроо харамласандаа биш, хийх ажлаасаа халширсандаа босч чадахгүй байх тохиолдол гардаг. Энэ асуудлыг өөрт эвтэйхнээр шийдэх төлөвлөгөөг та урьдчилж гаргасан байх ёстой. Жишээ нь, өглөө босоод спортоор хичээллэхээр шийдсэн бол биеийн тамирын хувцас худалдаж аваад, дасгал хийх гудсаа дэвсчихээд унтах гэх мэт. Компьютерийн ард сууж ажиллахаар бол тэр хавиа цэвэрлээд, кофе чанагчаа бэлдчихсэн байж болно шүү дээ.

Бүх цахилгаан хэрэгслээ салгах

Унтахаасаа дор хаяж 1,5 цагийн өмнө цахилгаан хэрэгслүүдээ унтрааж бай. Телевизийн кино, электрон шуудан, электрон ном… гээд л бүгдийг шүү. Бүх төрлийн энергийн эх үүсгэврүүд хүнийг маш хүчтэйгээр цочроож байдаг. Энэ нь унтахын өмнө Red Bull уухтай л адил зүйл бөгөөд хүн өөрөө өөртөө сайн унтах боломж олгодоггүй байна. Оройдоо телевизор үзэхийн оронд хөгжим сонсож, маргаашийнхаа хоолыг бэлтгэж, зураг зурж, ямар нэг тайвшруулах зүйлээр оролдож суусан нь дээр.

Яг унтахын өмнөх агшин маш чухал

Хамгийн гол нь маш сайн тайвширч, сэтгэл хөнгөрсөн байх хэрэгтэй. Гэрлээ унтраагаад сайн суниаж болно, салхинд жаахан гарвал маш сайн. Уушгинд орсон цэвэр агаар хурдан бөгөөд бөх нойрсоход тусалдаг тул маргааш өглөө нь ямар ч асуудалгүйгээр сэрдэг байна.


URL:

Сэтгэгдэл бичих