Эцсийн эзнээс нэхсэн хариуцлага
Газрын хэвлийд бүрэлдсэн баялаг бол хэн нэгний оюуны чадал, гарын ураар бүтсэн зүйл огт биш, магадгүй бурхнаас заяасан бэлэг. Тиймээс эрх дарх, овсгоо самбаа, ов мэхтэй цөөн хүн баялгийн өгөөжийг хүртэж, ханаж цадталаа баяжих учиргүй. Хэн ч юм бэ, нэг эрдэмтэн хүмүүсийн хэрэгцээг хангах шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи зохиогоод түүнийхээ патентыг худалдаад баяжиж байвал өөр хэрэг. Бас аль нэг авьяастан олны сэтгэлийг хөдөлгөсөн сайхан дуу дуулж, түүгээрээ мөнгө олж байвал булаацалдах эрх хэнд ч байхгүй. Харин “нийтийн баялаг” хэмээх газрын хэвлийн эрдэс түүхий эдийг олборлоод, ганц биедээ нааж байгаа бол булаацалдах эрх хэн хүнд бий. Учир нь газар доорх баялаг бол ард түмний өмч, төрийн хяналтанд байна гэж Үндсэн хуульд тусгасан. Иймээс л байгалийн баялгаас хувь хүртэх, тэгш хуваарилалт хийх зарчмыг олон нийт төр, засгаасаа нэхэж иржээ. Байгалийн баялгийг хэн бүхэнд үр өгөөжтэй ашиглаж буйг мэдэх иргэдийн эрхийг яаж хангах вэ. Энэ асуултад хариулт өгөхөөр хүн төрөлхтөн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг дэвшүүлсэн. Манай улс ОҮИТБС-д 2006 онд нэгдэн орж, хууль эрх зүйн орчиндоо энэ ойлголтыг нэмж тусгаад буй. Ил тод байдлын санаачилгын хүрээнд олборлох үйлдвэрлэлтэй холбоотой мэдээллийг ил тод болгох стандартыг нэмж дэлгэрүүлсээр байна. Өмнө нь олборлогч үйлдвэрүүд санхүүгийн тайлангаа нээлттэй, ил тод зарлах үүрэгтэй байсан бол ОҮИТБС-ын 2016 оны шинэ стандартаар эрх зүйн орчин, төрөөс баримтлах бодлого, төсвийн хуваарилалт, тусгай зөвшөөрлийн олголт, гэрээ, бенефициар өмчлөгч, олборлолт, хайгуулын үйл ажиллагаа, эдийн засагт оруулах хувь нэмэр зэрэг уул уурхайн салбарын суурь мэдээллийг дэлгэх шаардлагатай боллоо. Мэдээлэл хэдий чинээ ил тод, нээлттэй, дэлгэрэнгүй байна, байгалийн баялгийг үр өгөөжтэй ашиглаж байгаа эсэхэд тавих олон нийтийн хяналт төдий чинээ илүү байх нь ойлгомжтой. Иргэдийн бодит мэдээлэлд тулгуурласан хяналт доор олборлох үйлдвэрлэл эрхэлбэл аж ахуйн нэгжүүд, цаашлаад уул уурхайн салбарынхны хариуцлага нэмэгдэх нь дамжиггүй. Тиймээс л ил тод мэдээлэх стандартыг илүү дэлгэрүүлээд байгаа хэрэг. Зөв зүг рүү алхам алхмаар ойртож, урагшилж байна гэж үүнийг дүгнэж болно. ОҮИТБС-ын шинэ стандартаар бенефициар өмчлөгч буюу ашиг хүртэгч эздийг зарлахаар тогтсон нь өгсөхөд бэрх даваа байж мэднэ. Учир нь эрх мэдэл, хөрөнгө чинээтэй хүмүүс өөрийгөө олонд дэлгээд байх дургүй байдаг. Ялангуяа энэ нь Монгол зан суртахуунтай ч холбоотой байж мэдэх газар авсан үзэгдэл юм. Гэхдээ олон нийтийн эрх ашгийн төлөө энэ давааг улс орнууд, хууль тогтоогчид давахаас өөр аргагүй. Өөрөөр хэлбэл, тухайн төслөөс эцсийн эцэст хэн ашиг хүртэж байна вэ гэдгийг зарлах давааг давах учиртай гэсэн үг. Ингэснээр байгалийн баялгийг үр өгөөжтэй ашиглах хариуцлага улам далайцтай болно гэж итгэж байгаа. Тухайн уурхай санхүүгийн хуурамч тайлан гаргах ч юм уу, байгаль орчныг бохирдуулж, сүйтгэж хариуцлага алдвал эцсийн ашиг хүртэгчийн нэр хүнд унана. Уурхай нь тогтоосон хууль, журмын дагуу ажиллаж, байгалийн баялгийг үр өгөөжтэй олборлож байвал эцсийн ашиг хүртэгч нэр хүндээ хадгална. Тиймээс уул уурхай улам хариуцлагатай болно гэдэгт итгэхээс өөр аргагүй. Шинэ стандартын дагуу 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эцсийн ашиг хүртэгчийг зарлаж эхлэх үүргийг Олон улсын ОҮИТБС-ын өмнө байгалийн баялаг ихтэй 52 орон хүлээжээ. Одоогоор Украин, Их Британи, Кыргызстан гэсэн улс л зохицуулах эрх зүйн акт баталж, хэрэгжүүлж байна. Харин Монгол Улсад уул уурхайгаас эцсийн ашгийг хүртэгч эздийг зарлах хуулийн төсөл ч хараахан бэлэн болоогүй байгаа. Гэхдээ анхаарлаа хандуулахгүй байхын аргагүй цаг үе тулгарч ирснийг манай УИХ-ын гишүүд мартаж болохгүй. Асуудлын ач холбогдлыг ойлгож хууль тогтоох байгууллагаараа дэмжүүлнэ гэсэн итгэлийг өвөрлөн холбогдох мэргэжилтнүүд ажилласаар байгаа билээ. Ашиг хүртэгч эздийн мэдээллийг ил тод болгоход Хувь хүний нууц, Байгууллагын нууцын тухай хуулийн заалтууд саад болох нь ойлгомжтой. Эзнийг зарлах учраас ялангуяа Хувь хүний нууцын тухай хууль ихээхэн тээг болох нь гарцаагүй. Энэ хуулиар захидал харилцаа, эрүүл мэнд, хөрөнгө, гэр бүл зэргийг нууцлахаар зохицуулсан. Ашиг хүртэгч эзнийг зарлахын тулд дээрх хуулийн хувь хүний хөрөнгийг нууцлах заалтыг тодорхой тохиолдолд үйлчлэхгүй байхаар зохицуулалт хийх шаардлага ч бий. Хуулийн заалтыг өөрчлөх хялбархан. Харин хэрэгжүүлэхгүй, эсэргүүцэх эздийн сэтгэл зүйг өөрчлөх, хүлээн зөвшөөрүүлэх нь ярвигтай ажил. Тиймээс зөв зүг рүү алхаж буйг нь ойлгуулах, ашиг хүртэгч эздийг зарлах эрх зүйн тогтолцоо бүрдүүлэхэд улстөрчдийн манлайлал юу юунаас чухал.
URL: