ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ БА АВЛИГА

olloo_mn_1528335326_oyutolgoiҮйл явдлыг эхнээс нь нэг сайн харъя. Та нар 2008 оны сонгуулийн дараа, таван алтан амиар золиосолж авсан Засгийн газраа С.Баяр “Стандарт бус Засгийн газар” гэж нэрлэсний нарийн учрыг мэдэх үү?! Би бол гадарлана.

1. Дөчин хэдэн суудалтай ардын нам дангаараа Засгийн газар байгуулах бүх нөхцөл хангагдсан байсан. Хэрэв дангаараа Засгийн газар байгуулчихвал сөрөг хүчнийхэн, иргэний хөдөлгөөн, ард түмэнтэйгээ нийлээд С.Баяраас цуст яргалалд өртсөн таван алтан амь, мянган хоригдлын хэлмэгдэл галд өртсөн бүх хохирлыг нэхэмжлэн босох байсан.

2. Арааных нь шүлсийг асгаруулж байсан Оюу толгойн гэрээг хийж чадахгүй өнгөрөх байсан. Иймээс ямар ч үнээр хамаагүй “Стандарт бус Засгийн газар” гэгчийг байгуулж, Ардчилсан хүчний “омгийг дарсан” байдаг юм. Засгийн газартаа Ардчилсан хүчний зүгээс хэнийг оруулах вэ гэдэг дээр уран сэтгэсэн л дээ.

Юуны өмнө өнгө мөнгөний сонирхолтой, хувийн эрх ашгийн төлөө хар нүдээ ухаад өгөхөд ч бэлэн хүмүүс “Стандарт бус Засгийн газарт” орвол хамаг хэрэг нь бүтэх байлаа. Сангийн сайдаараа Ардчилсан намын лидер, өнөөх “оффшорчдын загалмайлсан эцэг” хэмээн нэрлэгдээд байгаа С.Баярцогтыг, Байгаль орчин аялал жуулчлалын сайдаар мөн л нөгөө идсэн уусан хэргээр “их айлд” морилсон Л.Гансүхийг, Уул уурхайн сайдаар ”балчир” Д. Зоригтыг томилж байгаа юм. Д.Зоригт, Ардын намынх нь шинэ залууг зориуд сонгож авсан. Энэ бүхэн чинь Оюутолгойн гэрээний бэлтгэл байхгүй юу. Жишээ нь Уул уурхайн сайдаар Б.Хурцыг тавьчихвал мэргэжлийн үүднээс нэг юм хэлээд хэдэрлээд байна аа даа. Тиймээс зүгээр л гарын үсэг зурчих хүн хэрэгтэй болсон нь тэр. С.Баярцогт, Л.Гансүх хоёрын хувьд бол их мөнгөний төлөө, улс орон ард түмний хувь заяаг мартаж чадах хүмүүс гэж аль хэдийнэ танигдсан.

С.Баяр удирдаад, ийм гурван хүний хүчээр Оюутолгойгоо “хөдөлгөсөн” юм. Даанч буруу тийш нь хөдөлгөчихсөн. Улс орны хувь заяа хамаагүй, “уутны ам дүүрч л байвал болоо” гэсэн сэтгэлээр хөдөлгөчихсөнд л ард түмэн гомдоод байдаг юм.

Бид чинь 1990-ээд оны үед нэг л гараанаас хөдөлсөн хүмүүс. Баян, хоосон гэж байгаагүй. Хамгийн их хөрөнгөтэй гэгдэж байсан. “Баян” Зоригоо л гэхэд банкиндаа хэдэн сая төгрөгтэй, Шадивлангийн дээд энгэрт хоёр давхар модон байшинтай байсан. Тэр нь шатчихсан. 20 дугаар тогтоолоор бүгдийг тэгшитгээд хураагаад авчихсан. Иймэрхүү л байдалтай зах зээлийн нийгэм рүү хөл тавьж байсандаа. Оюутолгойн гэрээ хийсэн хүмүүсийн гэр орон, аав ээжийг нь ч би сайн мэднэ. Заримтай нь ирж очиж, уулзаж учирдаг л байсан.

Хамгийн сонирхолтой нь Оюутолгойн гэрээний дараа энэ хүмүүс гэнэт дэндүү баяжсан.С.Баяр л гэхэд АНУ-д долоон хаустай, оффшор бүсэд хүүхдүүдийнхээ нэр дээр валютын данстай болчихсон байлаа. С.Баярцогт оффшорт 10 сая ам доллартай, Швейцарийн банкинд “Хятадын монгол” нэрээр хийсэн нэг сая ам доллараа “мартчихсан” байх жишээтэй. Зөвхөн мэдэгдэж байгаа нь энэ.

Цаана нь хэний, хэдий чинээний доллар оффшор бүсэд хадгалагдаж байгаа юм уу, өөр улс орнуудад үл хөдлөх хөрөнгө болоод байгааг бид мэддэггүй. Хүмүүсийн ярих нь, дэлхийн аль сайхан нутаг орнуудад Монголын эзэмшлийн эдлэн газар, орон байрууд байдаг гэх. Оюутолгойн гэрээнүүдийг шалгаж байгаа юм бол эндээс л эхлэх ёстой гэж би боддог.

Дараагийн зайлшгүй шалгах зүйл нь, гэрээг УИХ-аар баталсан “жүжиг”. Хүмүүс бол энд гол “но” бий гэдэг. Оюу толгойн гэрээ УИХ-аар анх орж ирэхэд гишүүдийн олонх дэмжээгүй юм. Гэтэл дараахан нь “Оюу толгойн гэрээг дэмжээгүй УИХ-ын гишүүдтэй Рио Тинтогийн удирдлага ганцаарчлан уулзаж байгаа гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Хэсэг хугацааны дараа уг гэрээ УИХ-аар дахиад орсон чинь бараг зуун хувийн саналаар батлагдчихсан. Ганцаарчлан уулзаад УИХ-ын, эсрэг байр суурьтай гишүүдэд асар их мөнгө амласан, тэгээд батлуулчихсан гэж олон түмэн харддаг юм. Хардах үндэслэл ч бий. Зарим хүн “УИХ-ын гишүүдэд нэг нэг сая ам доллар өгсөн гэнэлэй” гэж барин тавин ярьдаг л даа. Энэ бол цуу яриа. Гэхдээ ортой байхыг би хувьдаа үгүйсгэдэггүй.

Оюутолгойн алдаатай гэрээг анхнаас нь дэмжсэн, одоо ч дотроо залбираад явж байгаа хүн ажлын хэсэгт ороод шудрага үнэнээр шалгаж барагдуулна гэвэл худлаа.

Ямар ч байсан, шалгалтын нэг үзүүр үүнд чиглэх естой. Амархан шүү дээ, эхлээд эсэргүүцэж байсан хүмүүс хэн хэн байв. “Ганцаарчилсан уулзалтын” дараа хэн хэн нь дэмжих болчихов. Хэн гэгч гишүүн зөвшөөрөхгүйгээр дуусав гэдгийг амархаан гаргаад ирж болно. Тэр нэрсийг ард түмэнд ил зарлах хэрэгтэй юм. Тухайн үед Оюутолгойн гэрээг дэмжээд кноп дарж байсан хүмүүс өнөөдөр УИХ-д сууж байгаа. Тэр битгий хэл Оюутолгойн гэрээнүүдийг шалгах ажлын хэсэгт орчихлоо гэсэн сэтгэгдэл цахим ертөнцөөр урсаж л байна билээ. Болохгүй шүү дээ. Оюутолгойн алдаатай гэрээг анхнаас нь дэмжсэн, одоо ч дотроо залбираад явж байгаа хүн ажлын хэсэгт ороод шудрага үнэнээр шалгаж барагдуулна гэвэл худлаа. Ер нь энэ гэрээнүүдийг үнэн сэтгэлээсээ шалгая, цаашид улс орон ард түмний эрх ашигт нийцүүлэн сайжруулъя гэж бодож байгаа бол ажлын хэсгийг өндөр мэдлэг мэргэжилтэй, шудрага хүмүүсээр бүрдүүлэх нь зүйтэй. Олон бусармаг явдалд нэр нь холбогдож байдаг. Д.Дамба-Очир гэж хүнийг ахлагчаас нь чөлөөлсөнд олон хүн баярлах шиг бололтой. Харин Тэрбишдагва…?!

Оюутолгойн гэрээнүүд бол ард түмнээс маш их нууцалсан, хэдхэн хүний хооронд, ханцуй дотроо тохиролцсон зүйл гэдгийг мартах ёсгүй.С.Баярцогтын “мартчихсан” нэг сая, оффшорт нуусан 10 сая ам.долларыг гадны улс орноос, тухайлбал олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумаас илрүүлээгүй бол таг чиг л байх байсан.

Манай мафийн бүлэглэл, түүний гар хөл болсон хуульчид хэдий ч хүртэл дарж чадна л даа. Үнэнд гүйцэгдэхийн хэрээр одоо Оюутолгойн гэрээнүүдийг шалгах, буруутанд хариуцлага тооцох дүр эсгэж байгаа.

Хамгийн сэжигтэй нь энэ гэрээний дараа л С.Баяр АНУ-д долоон том хаустай, хүүхдүүдийнхээ нэр дээр оффшор бүсэд данстай болчихсон.

Хүмүүсийн хоорондоо шивнэлдэж байгаагаар бол Оюутолгойн гэрээнээс С.Баярцогт авлига авсан л бол үзэглэсэн хүмүүс бүгд адилхан авсан гэдэг. С.Баярцогт 10 сая ам.долларын авлига авсан бол, энэ гэрээг гардан үүрэг өгч зохион байгуулсан С.Баяр 100 саяас доошгүй ам. доллар, хэрвээ С.Баярцогт 50 сая ам. доллар авсан бол С.Баяр 500 саяас доошгүй ам. доллар авсан байх магадлалтай гэдэг юм. Хамгийн сэжигтэй нь энэ гэрээний дараа л С.Баяр АНУ-д долоон том хаустай, хүүхдүүдийнхээ нэр дээр оффшор бүсэд данстай болчихсон. С.Баярцогт оффшор бүсэд бялхаж цалгисан мөнгөтэй болчихсон, бусад нөхөд нь бас л гэнэт баяжаад гадаад орнуудаар ихэвчлэн амьдрах болсон зэрэг олон баримт бий.

Үүнийг монголчууд нүдээрээ хараад, чихээрээ сонсоод дуугүй л сууж байдаг. Гадныхан бидэнд, наад Оюутолгой чинь буруу замаар, булхайн аргаар хөдөлчихлөө гэдгийг мөн ч олон удаа сануулж хэлсэн дээ. “Айвенхоу Майнз”-ын удирдагч Фрийдланд Монголд бурхны дүрээр заларч, манай эрхэм дээдэс, Далай ламыг ч тэгж угтдаггүйгээрээ өмнө нь “сөхөрч мөргөж” байсан цаг саяхандаа. Тэгж байтал нутгийнх нь хүн хүрч ирээд Фрийдланд чинь Ази Африкийн ядуу буурай улсуудын газар нутгийг хоосолчихоод одоо Монгол руу ирж байгаа нь энэ гээд “чөтгөр” хочоор нь хүртэл дуудаад бидэнд анхааруулж байсан. Манай төрийнхөн үүнд огтхон ч цочроогүй. Бодвол бас л “гараа цайлгачихсан” байсан биз. Үнэнийг дэлгэсэн явдалд харин цаад талынхан нэлээн болгоомжилж, нэр усаа өөрчлөн “чөтгөр“-өө татаж аваад өөр групп, өөр удирдагч гарч ирсэн. Ингэж “Рио Тинто” гэх “баялаг идэштэн” Монголын говьд заларч, манай “барууны тэжээврүүд” энэ л Монголыг аврах бурхны элч гэх болсон юм даа.

Барууны их мөнгөнд бялуурсан хэсэг бүлэг хүн “Рио Тинто шиг том компани байхгүй, үүнийг л алдвал Монгол сүйрнэ. Энэ бурхныг юу л гэвэл дагаад байгаарай” гэж бидний тархийг 10 гаруй жил угаасан. Үгүй юм байна шүү. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, авлига энээ тэрээ юмнаас ангид, хамтарч ажиллахад хаа хаанаа өгөөжтэй уул уурхайн олон том компани байдаг юм байна.

Рио Тинтогийн онцлог нь, ашгаа ард түмэнд хүртээдэггүй, эрхэм дээдэст авлигын журмаар их мөнгө цацдаг явдал юм байна. Сүүлийн үед энэ компанийн бүх булхайг мэдэххүмүүс баримтуудыг дэлгэн тавьж байна. Олны дунд чинь бас ядуу буурай улс орныг хамгаалдаг, зовж зүдэрсэн ард түмнийг өрөвддөг хүмүүс байх юм л даа. Та нар хэдхээн хоногийн өмнө Австрали улсын Сенатын гишүүн асан Скотт Лудламын сонинд өгсөн ярилцлагыг уншсан байх. Тэрээр ярилцлагадаа: “Рио Тинто нь тухайн улсын хувь заяаг өөрчлөх хэмжээний хахуулийн үйл ажиллагааг системтэй явуулдаг. Хөрөнгө оруулж байгаа мөнгөнийхөө тодорхой хувийг тухайн улсын улстөрчид болон хуулийнхныг өөрсдийхөө талд оруулахын тулд хахууль хэлбэрээр өгдөг” гэсэн байгаа. Бас Австралийн Ногоон намын лидер, Сенатын гишүүн асан Боб Браун,Оюутолгойн төсөлд олгогдсон 10 тэрбум ам. долларын хахуулийн нууц материалыг Монгол Улсад өгнө гэсэн байдаг.

Энэ бүхнээс үзвэл Оюутолгойн авлигын сүлжээг манай ард түмэн төдийгүй дэлхий мэдэж байгаа юм билээ. Одоо бол Оюутолгойн гэрээг үргэлжлүүлэх үү, цуцлах уу гэдэг асуудал ид дундаа байна. Эрх баригчид, хуулийнхны нэг хэсэг нь ард түмний талд. Нөгөө хэсэг нь Рио Тинтогийн талд хоёр хуваагдчихлаа. Эх орноосоо урваж, газар нутгаа харийнханд худалдсан, авилгын журмаар өгч баяжсан хүмүүс нэг талдаа ялгарлаа.

Тэд энэ шалгалт тооцооны асуудлыг “хөрөнгө оруулалт” нэрээр чимээгүйхэн дарж, улсаа цөлмөсөн асуудлаас хуурай гарах гэж бүхий арга мэхээ хэрэглэж байна. Гадныхнаар, тэр дундаа барууныхнаар “Наад хөрөнгө оруулалт чинь хэцүүдлээ. Оюутолгойн гэрээг тэр чигт нь яаралтай үргэжлүүл!” хэмээн хэлүүлж чадаж байна. Хууль хяналтынхан маань сөрөг хүчний голдуу хэдэн хүнийг бариад хорьчихсон. Хорих ч гэж дээ, С.Баяр мэтийг бол хамгийн нэр хүндтэй эмнэлгүүд дамжуулан сувиллын журмаар “хорьж” байгаа. Ямар тансаг байдалд байлгаж байгаагаа олон түмнээс нуугаад хүнтэй ч уулзуулдаггүй, бараагий нь ч харуулдаггүй байгаа. Хүмүүс бол “ эмгэнэлт жүжиг” л гэдэг юм. Тэхэд С.Зоригийг хөнөөсөн гэх хэргээр хэдэн хүнийг шоронд яаж тамлан зовоож байна. Хөхүүл эмэгтэйг хүртэл хүний ёсноос гадуур тамлан зовоож байгааг та нар уншиж л байгаа байх. Монголын хууль иргэндээ, ийм өдөр шөнө шиг үйлчилж болдог юм уу?!

Ингээд, удахгүй Оюутолгойн гэрээ их сайн гэрээ болсон. Авлигын үнэр ч алга гээд л хаах байх. Манай төрийг 30-иад жил удирдсан мафийн бүлэглэлийн явж ирсэн зам ердөө л энэ. Миний хувьд, энэ бохир замаа цэвэрлэчихээд Монгол минь цаашаа шудрага үнэний замаар яваасай гэж хүсч мөрөөддөг хүний нэг. Хамгийн их буянтай Монголын ард түмэн, алийн болгон энэ мафийн бүлэглэлийн улан дор тарчлах юм?! Эд нар чинь бидний болон хойч үеийнхний хоолыг дээрэмдэж идээд, алтан абжуртай байшинд сууж байна. Арван хоёр байр дамжаад тансаглаж байна. Ард түмэн рүүгээ салаавч өгөөд тавлаж сууна. Дан алт эрдэнэсээр бүтсэн 1сая 500 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай 70-80 сая толгой малтай, гуравхан сая монголчууд ингэж “олон улсын гуйлгачин” болоод явж байх нь үнэхээр харамсалтай бус уу?!

Би сэтгүүлч хүний хувьд, олон түмнийхээ дунд орой үдэшгүй хэл яриаг нь чагнаж яваагийн хувьд, өөрийнхөө, өрөөлийн санаа бодлыг нийлүүлж хэдэн санал тавья.

Нэгдүгээрт: Оюу-толгойн гэрээг цуцалж, олон улсын тендер шинээр зарлая. Оочер дараалал бас 51449 хувь заасан, шудрагаар хийх гэрээнүүд цаана чинь хүлээж байх юм. Заавал Рио Тинтод сөхөрч амьдрах ямар хэрэг байгаа юм?!

Хоёрдугаарт: Рио Тинто манай мафийнхантай нийлээд сүүлийн үед “арбитрын шүүхэд өгнө” гэж айлгах боллоо. Олон улсын шүүх чинь ганцхан Англид байдаг юм биш. Монгол Улсын Засгийн газар олон улсын шүүхэд яагаад хандаж болдоггүй юм? Авлигын хэргийг нь баримтжуулаад олон улсын шүүхэд тавъя л даа. Түрүү манайхан Арбитрын шүүхэд хэд хэдэн удаа ялагдсан. Аргагүй шүү дээ. Шүүхэд заргалдах хүнээ олж явуулж чадахгүй байгаа юм. Манай эрх баригчид улс орноо төлөөлсөн мэдлэг чадвар, хэлний баялаг сайтай, эх орноо гэсэн сэтгэлтэй шудрага хуульчдыг сонгож явуулж чаддаггүй. Нэг даргын хамаатан садан, танил талыг нь явуулаад, тэр нь өр авлага цайруулах бүү хэл өмд гутал цуглуулаад хүрч ирдэг. Ингээд л ялагдчихдаг. Хувь хүний буруутай өрийг улс төлдөг байхгүй юу. Рио Тинто-г олон улсын шүүхэд өгье.

Гуравдугаарт: Өнөөдөр дэлхий нийтийн анхаарлын төвд авлига, оффшорын асуудал орлоо. Манайхаас л бусад бараг бүх улс орон авлигачидтайгаа хатуу тэмцэн, бараг өдөрт л нэг Ерөнхийлөгч юмуу Ерөнхий сайд байсан хүнийг баривчилсан, шүүсэн хариуцлага тооцсон асуудал яригдах боллоо.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд л Малайзын асуудал. Сөрөг хүчний удирдагч, 91 настай Мохатир Мохамад сонгуульд ялж гарч ирээд тус улсын авлигачдыг дээд талаас нь цэвэрлэж эхэллээ. Түрүүчийн ерөнхий сайд Н.Разакийн хөрөнгийг хураахад зөвхөн бэлэн валют, үнэт эдлэл нь таван том ачааны машинд багтахгүй байх жишээтэй. Н.Разак, түүний гэр бүлийнхэнд хилийн хориг тавьчихаад шалгалтаа үргэлжлүүлж байгаа. Нэг онцлог нь Н.Разак тэргүүтэй авлигачдыг хамгаалан өөгшүүлж байсан хуульчдад хатуу арга хэмжээ авна гэж зарласан. Энэ далимд манай улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг зэрлэгээр хөнөөсөн этгээдүүдэд хатуу цээрлэл үзүүлнэ гэдгээ хэлээд байгаа юм.

Өнөөдөр Монголчууд ийм шудрага дайчин удирдагчийг хүсч хүлээгээд байгаа нь нууц биш. Жинхэнэ ёсоор нь шалгах юм бол манай зарим эрх мэдэлтний хураасан хөрөнгө тав байтугай тавин машин болох байлгүй. Харамсалтай нь тэд гадаадын оффшор бүсүүдэд аваачаад нуучихсан, үл хөдлөх хөрөнгө болгоод харийн улс орнуудад бүртгүүлчихсэн байгаа. Мөнгөө угаагаад өчүүхэн хэсгийг нь оруулж ирж байгаа сураг ч байна. Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Д.Сугарыг л хар л даа. БНСУ, Японд ямар тансаг орд харштай гэлээ дээ. Ийм баримт их бий. Уул нь аливаа орны үндсэн хуулийн цэц (шүүх) гэдэг чинь хамгийн шудрага, дээд эрх мэдлийн газар байдаг юм билээ. Манайд бол голдуухан хэрэг түвэгт холбогдсон, нам дамжсан бүлэглэлийнхэн, чөлөөнд гарсан улстөрчдийн орогнох газар болсон. Үндсэн хуулийн цэцийн саяны дөрвөн томилолтыг л та нар сайн хараарай. Олны танил, нэр хүндтэй, шудрага дайчин хүмүүсийг оруулахгүй, дан өөрсдийнхөө танил талыг орууллаа гэж хүмүүс их л бухимдаж байх шиг байна.

Дөрөвдүгээрт: Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгүүдэд 300 орчим хүн оролцож байгаа сураг байна. Ийм шалгалтыг, хүний олноор хийдэггүй юм. Шалгаж байгаа ажлын хүрээний өндөр мэдлэг мэргэжилтэй үнэнч шудрага, эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй цөөхөн хүн байсан ч цөөддөггүй л юмдаа. Би, 300 хүн дотор ямар хүмүүс байгааг мэдэхгүй байна. Нам бүлэглэлээ дэмжээд, хий дэмий хийрхэгчид олон орсон бол үр дүн багатай л байх.

Тавдугаарт: Ер нь энэ газар нутаг чинь биднийх. Энэ алт эрдэнэс чинь биднийх. Яагаад ард түмнээсээ нуугаад, “газрын мухарт”, тухайлбал Дубай мэтийн газар очиж нууц хэлэлцээ хийгээд, харийнхантай хувааж идэж уугаад байдаг юм? Юу нь улсын нууц байгаа юм?! Дубайн гэрээгээр,Оюутолгойгоос монголчуудын ашиг хүртэх хугацааг олон жилээр сунгачихсан.Би л лав тэр цагийг үзэхгүй байх. Одоо чинь техник хүчтэй хөгжсөн, ямар ч том орд газрыг өдөр шөнөгүй ухаад л байна. Бидний хүүхдүүд, ач зээ нар одоо л Оюутолгойгоос ашгаа хүртэнэ гэтэл Рио Тинтогийнхон хэдэн хар нүх үлдээгээд, гараад явчихсан байвал яах юм?!

Зургаадугаарт: Хөрөнгө орууулалт, харилцан ашигтай хамтран ажиллана гэдэг чинь шал өөр юм билээ. Та нарын ад үзээд байгаа “коммунист” Оросууд чинь Монголд орд газруудыг ашиглах тоолондоо нэг хот тосгон барьж өгч байсан юм. Эрдэнэтийг хар! Дарханыг хар! Цэнхэрмандалыг хар! Зүүнбаянг хар! Оюутолгойд харийнхан эзэн суугаад хориод жил боллоо. Хэдэн цэнхэр амбаар, баахан шуудайтай юм л байгаа биз дээ. Ийм сэтгэлгүй түншийг хараад Монголын ард түмэн бухимдаад байгаа юм.

Долоодугаарт: Монголын эрдэмтэй мэдлэгтэй хойч үе өсч өндийлөө. Мөнгөгүй л болохоос биш, нэг байтугай хэдэн Оюу толгойг барьж босгоод ажиллуулаад явчих залуус бэлэн байна. Энэ мафийнхан чинь мөнгөтэй харийнхны өмнө сөхөрч ойчоод Монгол хүмүүсээ тоохоо байж. Хаа ганц,өндөр мэдлэг мэргэжилтэй боловсон хүчнээ, нэг удаагийн цаас шиг ашиглаад хаядаг болж. Хар даа, Бямбасайхан гэж ямар лут чадалтай залуу гарч ирэв. Ч.Сайханбилэг өндөр албан
тушаалаар хуурч Дубайд дагуулж очин гэрээнд оролцуулаад, өнөөдөр хөөрхий тэр залуу шоронд сууж байна. Мафийнхан монгол хүнээ бол ингэж ашигладаг, ингэж хаядаг юм.

Наймдугаарт: Рио-Тинтогийнхон монголчуудыг 14000 ажлын байраар хангаж байгаа гэдэг. Би үүнд итгэдэггүй. Тэнд ажилладаг хэд хэдэн монгол хүнээс асуусан. “Юун арван дөрвөн мянга. Сайндаа л хоёр, гурван мянган хүн байгаа байх” гэдэг. Шалгалтынхан үүнийг бичиг баримт, ажлын байраар нь тулгаж үзээсэй. Тэнд хамгийн ноцтой нь адил төстэй ажил хийгээд гадныхан өндөр цалин авдаг, монголчууд хэд дахин бага цалин авдаг гэсэн яриа бий. Эрх мэдэл бүхий шалгагчид минь үүнийг л сайтар нягталж үзээсэй.

Есдүгээрт: Баялаг сайхан эх оронтой, эрх чөлөөт Монголын иргэн, өөрийн газар нутаг дээрээ хэн нэгний хараат, боолын маягаар амьдрах ёсгүйюмшүү. Монголын буян бишгүй л байна. Түншээ олж нөхөрлөөд, шудрага үнэнээр яваад байхад Монгол Улс ганцаардахгүй.

Г.Жамъян
Соёлын гавьяат зүтгэлтэн


URL:

Сэтгэгдэл бичих