Цахилгааны дэд станц дэлбэрч, хүний амь эрсдэж, хүүхэд түлэгдсэн асуудалд хэн хариуцлага хүлээх вэ

15283314945b187ce640df6Цахилгаан хувиарлах дэд станц дэлбэрч, хоёр хүүхэд, нэг том хүн түлэгдсэн томоохон осол гарсан нь олныг цочирдуулав. Том хүнийг нь ажлаа хийж яваад түлэгдсэн гэж бодоход хоёр жаахан хүүхэд тэнд юу хийж байв гэсэн асуулт олны анхаарлыг татсан юм. Гэтэл хэн нь ч тэнд ажил төрлөө хийж явсангүй. Осол ерөөсөө л цахилгаан хувиарлах дэд станцыг түгжээгүй явсанаас ийнхүү харамсалтай бөгөөд ноцтой осол гарчээ. Хамгийн харамсалтай нь дэлбэрэлтэд өртөж, бүтэн биеэрээ түлэгдсэн 25-хан настай цэл залуухан бүсгүй түлэгдсэнийхээ маргааш өвчнөө даалгүй нас барлаа.

Асуудлыг ярихдаа 25 настай талийгаач бүсгүй, хоёр жаахан хүүхэд яах гэж тэнд орсон бэ гэдгийг ярихаасаа илүүтэй. Яагаад түгжээгүй вэ гэдэг нь маш чухал. Хүүхэд гэдэг бол гэнэн цайлган, томоогүй балчир үрс. Тэд юуг ч аюултай, эрсдэлтэй гэж бодохоосоо урьтаж сониуч зандаа хөтлөгдөж, сонирхож, сортолзож байдаг тийм л цагаахан сэтгэлтэй.

Гэтэл гэр хороолол дунд байрлах цахилгаан хувиарлах станцаа түгжилгүй явсан нь маш том хариуцлагын алдсаных. Азаар тэнд яаж хоёрхон хүүхэд байсан юм бэ. Түүнээс олон хүүхэд тоглож наадаж байгаад дэлбэртэд өртөж, эрүүл мэнд, амь насаараа хохирсон бол яах вэ.

Дэлбэрэлтэд өртсөн хоёрдугаар ангийн сурагч Б.Анартөгс өдгөө өвчиндөө шаналан тарчилж сууна. Тэрбээр хүзүүнээс толгой хүртлээ түлэгдэн хүзүүгээ ч эргүүлж чадахгүй түлэгдэлтэндээ өвдөн шөнө ч унтаж чадахгүй байгаагаа ярьжээ. Өвчиндөө шаналж тарчилж байгаа тул үүрийн 4-8 цаг хүртэл л дуг хийж чаддаг гэнэ. Эв эрүүл, сав саруул, гудамжиндаа тоглож гүйсэн энэ бяцхан хүүгийн эрүүл мэнд, аз жаргалыг авч явсанд хэн хариуцлага хүлээх вэ.

Одоог хүртэл хүүгийн ар гэрийнхэнтэй уулзаж, эм тарианы мөнгө өгөх нь битгий хэл уучлал ч гуйгаагүй, очиж уулзаж бараагаа ч харуулаагүй этгээдүүд, тэднийг удирддаг албан тушаалтнууд өнөөдөр хүн чанартай байх хэрэгтэй.

Хүү “Гудамжинд тоглож байхад огт танихгүй эгч ирээд цахилгаан станц руу ороод түлхүүр тавьчихаад ирье гээд хамт орсон чинь дэлбэрэлт болсон” гэж ярьсан ч хүүгийн ээж хэн нэгэн дагуулж явсан, орсон асуудал одоо чухал бишээ. Гол нь яагаад цоожлоогүй явсан юм бэ. Тийм аюултай газрын хаалгыг яагаад түгжээгүй юм бэ. Тэр хүмүүст гомдолтой байна хэмээн  хоолой зангируулан ярьсан юм.

Талийгаач эмэгтэй ямар учиртай хүүг тийшээ дагуулж орсон, тэнд яагаад дэлбэрэлт болсоныг хуулийнхан шалгаж тогтоох байх. Одоо харин хаалгыг яагаад цоожлоогүй вэ. Хариуцлагыг хэн үүрэх вэ. Өвчиндөө тарчилж суугаа, хүүгийнхээ эм тарианы мөнгийг хэрхэн яаж олох вэ хэмээн шаналж суугаа тэр гэр бүлийн зовлон, гомдол харууслыг хэн төлөх вэ. Хэн хүүгийн эрүүл мэнд, аз жаргалыг буцаан авчрах вэ гэдэг нь маш чухал болоод байна.

Энэ бол манай нийгэмд хариуцлага алдаж байгаагийн маш том жишээ. “Аз жаргалтай Улаанбаатар” хэмээн том дарга нар нь яриад байгаа ч мөн чанартаа хүмүүс алхам тутамдаа эрсдэлд орж байна. Зуслангийн газраас гранат олдлоо. Түүнийг нь нэг залуу машинаараа хотод авчраад холбогдох хүмүүст нь өгч аюулгүй болголоо л гэнэ. Тэсэрч дэлбэрэх аюултай гранат яагаад зуслангийн газарт хэвтэж байдаг юм бэ. Залууг аз таарч гранатыг хотод авчирч, холбогдох хүмүүст нь хүлээлгэн өгсөн ч магадгүй машин дотроо явж байхад нь дэлбэрсэн бол яах вэ. Зуслангийн газарт хэвтэж байхад нь хүүхэд багачууд олоод чулуугаар нүдэж, шидэж тоглосон бол яах вэ.

Уг нь улсад зэвсгийн тооллого гэж нэг юм баймаар л юм. 200 метр хүртэлх дэлбэрэх аюултай гранат зуслангийн газарт хэвтэж байна гэхээр өнөөдөр энэ нийгэмд амьд явах баталгаа хаана байна.

Үндсэн хуулиндаа хүн амьд явах эрхтэй хэмээн заасан байгаа. Гэтэл өнөөдөр иргэд алхам тутамдаа болгоомжтой л байхгүй бол хэзээ ч үхэж мэдэхээр тийм л аюултай нийгэмд амьдарч байна. Золгүй байдлыг яая гэхэд ядаж энэ хариуцлага алдаж байгаа асуудлаа цэгцэлж, нэг ч гэсэн хүний эрүүл мэнд амь насыг асран хамгаалаач гэж хүсмээр байна.

Б.Анир


URL:

Сэтгэгдэл бичих