Сэлэнгэ аймагт гарсан түймрийг унтраахаар 205 орчим хүн ажиллаж байна

Сэлэнгэ аймагт гарсан түймрийг унтраахаар 205 орчим хүн ажиллаж байна

Ихэнх нутгаар хур бороо бага орж, хуурайшилттай байгаа нь ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг бүрдүүлж байна. Сэлэнгэ аймгийн хувьд 17 сумын 10 гаруй нь хуурайшилтын зэрэглэл нэн аюултай зэрэглэлд байна. Ерөө суманд 05 дугаар сарын 17-ны өдөр гарсан ойн түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагын алба хаагчид болон орон нутгийн иргэд нийт 250 гаруй хүн ажиллаж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Иймд, ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх талаар хэлэлцэж Сэлэнгэ аймгийн агентлагийн дарга нар, Онцгой комиссын гишүүд болон бүх сумдын Засаг дарга нарыг оролцуулсан аймгийн Засаг даргын өргөтгөсөн хуралдааныг өчигдөр зохион байгууллаа.
Цаг агаарын төлөв байдал, цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааны талаарх мэдээллийг аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Баатар, УЦУОШГ-н дарга О.Рэгзэдмаа нар танилцууллаа. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ш.Оргил Онцгой комиссын гишүүд болон бүх сумдын Засаг дарга нарт үүрэг, чиглэл өгөв. Түймрийн эрсдэл, хохирлын хэмжээ нэмэгдэх хандлагатай байх тул үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан төв орон нутгаас томилогдон ирж ажиллаж байгаа Онцгой байдлын алба хаагчдын 10 хоногийн хоол хүнс, шатах тослох материал, багаж хэрэгслийн нөхөн хангалтад дэмжлэг үзүүлэхэд шаардагдах зардлыг аймгийн Засаг даргын нөөц сангаас яаралтай шийдвэрлэж шуурхай хүргэх ажлыг зохион байгуулахыг үүрэг болголоо.

Мөн түймэр унтраах ажилд сумын гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, төрийн захиргааны байгууллагын албан хаагчид, сайн дурынхан, орон нутагт уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллага, мөн ойн санг гэрээгээр эзэмшигч, нөхөрлөлүүдийг татан оролцуулах, тэдгээрийн багаж техник хэрэгслийг дайчлан, бэлэн байдлыг хангуулж түймэр унтраах арга хэмжээг цаг алдалгүй зохион байгуулж, аймгийн Онцгой байдлын газартай харилцан ажиллагаатай хамтарч ажиллахыг бүх сумдын дарга нар онцгой анхаарахыг санууллаа.
Ойн сан ялангуяа усны эх булаг бүхий сумдын удирдлагууд хууль бусаар алт олборлож голын эх булаг, байгаль орчин сүйтгэж, ой, хээрийн түймэр тавьж буй иргэн аж ахуй нэгжүүдийг аймгийн Засаг даргын тамгын газар, Онцгой байдал, Цагдаа, Мэргэжилийн хяналтын газартай хамтран үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ зохион байгуулах, сумдын Засаг дарга нар Ой, хээрийн түймэр, усны ослоос урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны ажлыг Онцгой байдлын газартай хамтран зохион байгуулахыг үүрэг болгосон юм.
Түймэр гарах эрсдэл өндөртэй сумдад ажиллаж байгаа хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад дэмжлэг үзүүлж ойн санг гэрээгээр эзэмшигч нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагуудыг татан оролцуулж байнгын хяналт тавьж ажиллах, Цаг уур орчны шинжилгээний алба, холбогдох мэргэжлийн байгуулагуудтай хамтран ой, хээрийн түймрийн талаарх мэдээллийг Сансрын хиймэл дагуулаас шуурхай авч дүн шинжилгээ хийж аймгийн Онцгой байдлын газар, сумдын удирдлагад цаг тухайд нь мэдээлж харилцан ажиллагааг шуурхай зохион байгуулахыг даалгалаа.

 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих