“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих дэд хөтөлбөр”-ийг баталлаа
НИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхний асуудлаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих” дэд хөтөлбөрийн төслийг Нийслэлийн засаг даргын орлогч Д.Энхтөр танилцуулав. Энэхүү хөтөлбөрийн төсөл нь 4 зорилт 19 үйл ажиллагаа бүхий 6 хавсралттай. Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, дэд бүтэц, нийтийн тээвэр, мэдээллийн хүртээмжийг сайжруулах талаар тусгажээ.
Хөтөлбөрт нийслэлд амьдарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдах бөгөөдэрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй сургууль, цэцэрлэгт хүмүүжих боломжийг бүрдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн хамгааллын үйлчилгээг хүргэх, ээлтэй дэд бүтэц, нийтийн тээвэр, мэдээллийн хүртээмжийг сайжруулах замаар тэднийг нийгмийн амьдралд идэвхитэй оролцох оролцоог нэмэгдүүлж эрхийг нь хангах зэрэг асуудлыг багтаасан байна.
Нийслэлийн хэмжээнд 2017 оны байдлаар 34246 хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байгаагийн 18353 нь эрэгтэй, 15893 нь эмэгтэй 0-17 насны хүүхэд 4447 байгаагаас 2420 нь эрэгтэй, 2027 нь эмэгтэй хүүхэд байна. Эдгээр иргэд үндсэн хуулинд заасан заяамал эрхээ бүрэн эдэлж чадахгүй, сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах мэдээллийг жигд хүртэх зэрэг эрх боломж хязгаарлагдмал байна. Тиймээс тэргүүлэгчид энэ асуудлыг нэн түрүүнд анхаарч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт тэгш эрхтэй хамрагдах боломжийг бүрдүүлэх зэрэг асуудалд санал нэгдэж байгаа юм.
НИТХ-ын дарга С.Амарсайхан, “Энэхүү дэд хөтөлбөрийн төсөлд анхаарах олон зүйлс байна. Тоон үзүүлэлтүүдээ маш тодорхой болгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн ажлын үр дүн ямар байхыг огт тусгаагүй байна. Аливаа хөтөлбөр хэрэгжихэд үр дүн үргэлж гарч байх ёстой. Тиймээс хөтөлбөрийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллах, Тэргүүлэгчдийн хуралд улирал бүр ажлын дүнгээ тайлагнаж, мэдээллэж ажилла” гэсэн үүрэг өглөө.
НИТХ-ын Тэргүүлэгч Д.Мөнхжаргал, “Хүүхдийн баярын үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй 30 гаруй айлд очлоо. Өнөөдөр нийгэмд тэр дундаа гэр бүлдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй айлд ядуурал нүүрлэсэн байна. Бид эдгээр хүүхдүүдийг ядаж хагас өдөр ч болов хүүхэд харах үйлчилгээнд хамруулах төвүүдийг хороо бүрт ядаж дүүрэг бүрт бий болгож эцэг, эхчүүдийг нь ажил хийх боломжоор хангах шаардлагатай байна. Тэд хүнс, тэжээл, витамины дутагдалд үргэлж орж байдаг.
Дүүрэг, хороо бүрт нарийвчилсан судалгаа гаргаж хүүхдүүдийг цэцэрлэг, сургуульд жирийн хүүхдүүдийн адил хамрагдах боломж өгмөөр байна. Сургуульд очдог. Манайх хөжглийн бэрхшээлтэй хүүхэд авдаггүй гэсэн үгээр ам таглаж эдгээр хүүхдүүд бүхий л насаараа гэртээ цагийг өнгөрөөж байна. Гэтэл дэлхийн жишигт хүүхэд бүр тэгш эрхтэй суралцах эрхээр хангагдаж тэднийг илүү их дэмжиж байна. Тиймээс энэ заалтыг хөтөлбөрт заавал тусгах ёстой. Мөн төрийн байгууллагууд уялдаатай ажиллах шаардлагатай байна” гэлээ.
Ийнхүүхөтөбөрийн төсөлд хэд хэдэн заалтууд нэмснээр”Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих”дэд хөтөлбөрийг баталлаа.
Үүний дараа НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Тогтоол хүчингүй болгож нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэх тухай “асуудлыг хэлэлцлээ. Сүхбаатар дүүргийн 6-р хороонд байрлах эмийн үйлдвэрийн зориулалтаар ашиглаж байсан барилга байгууламжийг буулгаж, Сувилал сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны төвийн барилга шинээр барихаар төлөвлөж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хассан барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэн авахаар боллоо. Энэ барилгыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр ашиглалтын дүрмийн шаардлага хангахгүй болсон гэж дүгнэжээ.
НИТХ-ын ХМОНХТ
URL: