Төмрийн хүдэр төрсөн нутагтаа тоосоо шилгээн, өмнө зүг рүү урссаар

…Үйлдвэржилтийн эрин үеийг өнөө эхлүүлж, ирээдүйд үр шимийг нь хүртье. Газрын хэвлийн баялгаа хэдий болтол түүхийгээр нь зарж, амны хишгээ ардаа гаргах билээ. Зуун дамжиж эх орныхоо эрдэс баялгийг хаана л авна гэнэ тийшээ нь зөөлөө, Монгол Улс. Одоо харин үр ашигтайг нь бодож,  үндэсний төмөр боловсруулах үйлдвэр байгуулъя. Байгаагаа өөд нь татъя, өрхийг нь тэгшилж гэгээ оруулъя. Баялгаа өөрсдөө баялаг болгож хувиргахад түүхий эд Монголд хангалттай бий.

Төмөрлөгийн үйлдвэр үгүйлэхийн учир

Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг дахь “Таяннуур”-ын ордоос “Алтайн хүдэр” компани  өмнөд хөршид төмрийн хүдэр экспортлоод гурван жил гаруйн хугацаа  өнгөрч байна. Өдөрт 80 тоннын даацтай 30 орчим “Норд Бэнц” маркын автомашин  Алтайн өвөр говийг туулж, говийн хөрсийг “уйлуулан” Бургастайн боомтоор хөлхсөөр. “Нутаг орон сүйдлээ…” гэж нутаг усныхан цухалдах ч тэдний дуу хоолой  уул талдаа шингэн замхрах ажгуу. Харин төмрийн хүдэр төрсөн нутагтаа тоосоо шилгээн, өмнө зүг рүү урссаар.

“Алтайн хүдэр” компани нь төмрийн хүдрээ хуурай баяжуулалтын аргаар олборлож байгаа нь  “чулуун зэвсгийн үе”-тэй нэн төстэй.  Өөрөөр хэлбэл, уурхайгаас гаргасан төмрийн хүдрээ хоёр дахин буталж, тээрэмдээд будаан чинээ болгосны дараагаар  хуурай баяжуулах буюу соронзон төхөөрөмжөөр ялгадаг байна. Уурхайд 30 хувийн агуулгатай байсан хүдэр хуурай баяжуулалтын дараа 40-51 хувийн төмрийн агууламжтай болох бөгөөд ашигтай агууламж нь 15-20 хувиар нэмэгдэх аж. Ерөнхийдөө дэлхийн түвшинд төмрийн агууламж нь 65-68 хувь байвал  төмрийн хүдрийн баяжмал хэмээн үздэг байна.

Төмрийн хүдрийн нойтон баяжуулалт нь угааж ялгадаг бол өөр нэг хэлбэр нь хөвүүлэн баяжуулах технологи. Одоо бол манай төмрийн хүдрийн олборлолт эрхэлдэг компаниуд зөвхөн хуурай баяжуулах аргыг л хэрэглэдэг гэсэн үг. Уг нь бол нойтон баяжуулалтын  технологийг ашиглах нь төмрийн хүдэр үрэгдэж, хаягдахгүй, эдийн засгийн үр ашиг нь өсөж, үйлдвэрийн орчин нөхцөл ч сайжрах сайн талтай аж.

Солонгосчууд ган, төмөрлөгөөр усан онгоц, япончууд ган торосон утас үйлдвэрлэж буй билээ. Энэ мэтчилэн төмрийн зах зээл Азид ирээдүй харагдаж байгаа билээ. Төмөрлөгийн үйлдвэрлэлийн хувьд зөвхөн урд хөрш гэлтгүй, хоёрдогч, гуравдагч  зах зээлийн тухай одооноос ярихад эртдэхгүй нь. Хэдий усан онгоц, ган торосон утас монголчууд хийхэд хол санагдаж магадгүй ч эцсийн бүтээгдэхүүнээ бид борлуулаад байх  боломжтой бус уу.

Төмөрлөгийн салбарын ирээдүйд өгч болох нийгэм эдийн засгийн өгөөж нь маш өндөр гэдгийг ШУТИС-ийн Уул уурхайн төсөл, судалгааны төвийн дэд захирал М.Дагва тэмдэглэсэн.

Манайд хариуцлагатай уул уурхай хөгжиж байна уу? Үйлдвэржилтийн сураг чимээ хаана хүрээд “зэрэглээтэв”. Хар төмөрлөгийн цогцолбортой болох талаар Засгийн газар дөрвөн жилийн хугацааны  “Мөрийн хөтөлбөр”-төө тусгасан ч ярихаас хэтэрсэнгүй. Тэгээд  хар төмөрлөгийн боловсруулах үйлдвэртэй болох хэтийн зорилго, алсын харааг хаанаас олох вэ. Манай улс “түүхий эдийн бөөний төв” мэт урд хөршдөө нүүрс, жонш, төмрийн хүдрээ нийлүүлсээр. Өдөр, шөнөгүй тээвэрлэж байна. Яагаад бид үйлдвэрлэгч бус олборлогчийн “хувь заяа”-тай эвлэрээд сууна вэ.

Жилдээ  25  сая тонноор  нь олборлох нүүрсээ орхиё. “Таван толгой”-н ордыг дагаж АНУ-ын “PeaBody Energy”, Японы “Mitsui &Co” компаниудын консорциум, БНСУ-ын “Корес” групп  ирчихсэн байхад нүүрсээрээ “нүүрээ будах” гээд яах вэ. Харин хаягдаж, гээгдсэн хар төмөрлөгийн ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулж, хар төмөрлөгийн үйлдвэртэй болох арга замыг хайя. Өдгөө хар төмөрлөгийн салбарт зургаан мянга гаруй хүн ажиллаж байгаа бөгөөд боловсруулах үйлдвэр барьж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр ажлын байрны тоо багаар бодоход гурав дахин нугарах тооцоо ч байна. Тухайлбал, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр л гэхэд 700 орчим ажилтантай. “Төмөртэй”-н хүдрийн уурхайд 300 , “Болд төмөр Ерөө гол”-д 1000 гаруй иргэн ажиллаж байгаа аж.

Барилгын салбарынхны зовлон өдгөө төмөр болчихож. Замын-Үүдийн ачаа эргэлтийн хэмжээ нэмэгдэж, хавар, намартаа гацах нь энүүхэнд байдаг. Ийм үед нь “100 мянган айлын орон сууц хөтөлбөр” хэрэгжихээр төмрийн эрэлтээ хэрхэн шийдэх вэ? Гарц олох түлхүүр нь гэвэл өөрсдөө төмрийн хүдрээ шууд боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шүү дээ. Манай улсын гангийн болоод төмрийн бүтээгдэхүүний жилийн хэрэгцээ 300-гаад мянган тонн боловч үүнийхээ 80 гаруй хувийг  өмнөд хөршөөсөө импортолж байна. Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг. Уул уурхай үүцээ задалсан гэдэг ч хар төмөрлөгийн салбар жинхэнэ үүцээ хэзээ нээх вэ?

Манайд гангийн үйлдвэр байгууллаа гэхэд хүчин чадал нь таван зуун мянгаас нэг сая тонн байхад л хангалттайг учир мэдэх хүмүүс тайлбарлав. Монголд хар металлургийн чиглэлээр мэргэшсэн 10 гаруй мэргэжилтэн байгаагийн цөөнгүй хэсэг нь хувийн  бизнес эрхэлж яваа бол зарим нь Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрт ажиллаж буй аж. Өөрөөр хэлбэл, хар төмөрлөгийн үйлдвэр байгууллаа гэхэд зааж, зөвлөх, мэргэжилтэн хамгийн түрүүнд дутагдах бололтой.

Зэрэглээтсэн бодлого

“Шинэ төмөр зам”-аар бүтээн байгуулалт эхэлж, “100 мянган айлын орон сууц”-аар өртөөлөн “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”-оор үргэлжилнэ. Хүссэн хүсээгүй төмрийн хэрэгцээ бий болж, өмнөд хөршөөс импортлох төмрийн хэмжээ огцом нэмэгдэх зах зээлийн хандлага байгааг ЭБЭХЯ-ны холбогдох мэргэжилтнүүд хэлж байсан. ЗТБХБЯ-ныхан ч төмрийн эрэлт хэрэгцээ өснө гэдэгтэй санал нэг байна. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээс олох ашиг эргэх холбоогоор сангийн төсвийг зузаатгах болохоор Сангийн яам ч хар төмөрлөгийн аж үйлдвэрийг хөгжүүлэхэд хөрөнгө хаях учиртай.

Бүтээн байгуулалтын хөтөлбөрүүд хөрсөн дээр буугаад ирэхээр төмрийн хэрэгцээ нэг сая тоннд хүрч, барилгын арматурын хэрэгцээ одоогийнхоос 70 хувь өсөхөөр байгаа нь чих дэлслээ.

Төмөр авахын тулд орд газраа наймаалцах уу? Эсвэл, түүхийгээр нь төмрийн хүдрээ зөөгөөд байх уу. Энэ бүгдээс гарахын тулд л төмрийн хүдрээ дотооддоо дахин боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн гаргаж, түүгээрээ бүтээн байгуулалтаа урамтай гэгч нь урагшлуулах боломж манайд байгааг М.Дагва хэлсэн юм.

Өнөөгийн байдлаар манай улсын хар төмөрлөгийн салбарыг төлөөлж байгаа нь Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, мөн Хятадын хөрөнгө оруулалттай “Дөл түшиг” компани юм. Дарханы хар төмөрлөгийг бодохдоо манайх ганц ч гэсэн хар төмөрлөгийн үйлдвэртэй нь яамай даа гэж  “бахархдаг”. Гэтэл бидний баярлан боддог тус үйлдвэр нь жилдээ 100 мянган тонн барилгын 40 гаруй нэр төрлийн цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай боловч үйлдвэрийн тоног төхөөрөмж, техник технологи нь шинэ  зууны стандартад тэнцэхгүй ажээ. Уг нь тэртээх он жилүүдэд Японы технологиор байгуулсан боловч үйлдвэрийн тоног төхөөрөмжийн шинэчлэлт гэдэг мартагдаад уджээ.

80 төрлийн эрдэс баялгаараа дэлхийд гайхуулаад буй манай улсад орчин цагт хаягдал хар төмөр хайлуулаад хэвэнд цутгах төдий  үйлдвэрлэл явуулдаг биш, төмрийн хүдрээ төмөр, ган болтол нь боловсруулж чаддаг эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл ус агаар мэт хэрэгтэй байна.

“Төрөөс хар төмөрлөгийн үйлдвэрийг хөгжүүлэх дунд болон урт хугацааны бодлого байхгүйтэй адил гэж хэлж болно. Төмрийн хүдрээ түүхийгээр нь экспортолж байна. Тиймээс түүхий төмрийн хүдрийн татварыг 30, 40 хувиар нэмэх хэрэгтэй. Харин хагас болон бүрэн боловсруулсан бүтээгдэхүүнээ эскпортлох тохиолдолд татварыг нь хөнгөлөх зохицуулалт хийх шаардлагатай” хэмээн Монголын экспортлогчдын холбооны тэргүүн Д.Галсандорж тэмдэглэсэн. Тэрбээр “Төмрийн хүдрийн ордууддаа дахин судалгаа хийж, бүс нутгийн төмрийн хүдрийн нөөцийг эцсийн хувилбараар тогтоох хэрэгтэй байна” гэлээ.

Манайх төмрийн хүдрийн нөөцөө олон улсын “Жорк буюу 43101” стандартаар үнэлж, дэлхийн жишигт ойртуулах шаардлага бийг санхүүгийн салбарын мэргэжилтнүүд ч сануулдаг. Хэрвээ ингэсэн тохиодолд энэ салбарт орж ирэх хөрөнгө оруулалт болоод үйлдвэр барих техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад ч дөхөмтэй аж. Эсвэл нөөцөөрөө шилдэг технологи, шинэ менежмент, хөрөнгө оруулагчдыг Монголдоо даллаж болох биш үү.

Төмөр зам, орон сууц, гүүр, хийн хоолой гээд дэд бүтцийн салбарт төмөр хэрэглэхгүй бүтээн байгуулалт гэж бараг үгүй. Нэг үгээр хэлбэл, төмрийн эрин үе иржээ гэлтэй. Эхний шатнаас  эцсийн бүтээгдэхүүн хүртэл  боловсруулдаг үйлдвэртэй болохыг хар төмөрлөгийн салбарынхан дуу нэгтэй дэмжицгээх ажээ.

Монгол төмрийн хүдрээр баян уу

Монгол хэчнээн тоннын төмрийн хүдрийн нөөцтэй вэ? Нөөцөө тодорхой тогтоохгүй бол эргэлзээтэй тоонууд хөвөрч мэдэх нь. Харин  урд  хөрш төмрийн хүдрийн нөөцөөрөө дэлхийд  тэргүүлдэг орнуудын тоонд багтдаг. Тэгсэн атлаа тус улс Монголоос төмрийн хүдэр импортолсоор. Албан ёсны статистик мэдээгээр тус улсад 1940 төмрийн хүдрийн орд илэрчээ. Үүний 99 орд нь томоохонд тооцогддог бөгөөд төмрийн хүдрийн нөөц нь 100 сая гаруй тонн. Ойролцоогоор дунд хэмжээний 500 орчим ордын   нөөцийн хэмжээ нь 10-100 сая тоннын хооронд хэлбэлзэх аж. Өөрөөр хэлбэл, Хятадын төмрийн хүдрийн нийт нөөц нь дэлхийн батлагдсан нөөцийн 9.6 хувьтай тэнцэж байгаа юм. Тэгвэл Монголын төмрийн хүдрийн нөөц ямар хэмжээнд байх бол.

“Манай хар төмөрлөгийн таамаг нөөц нь хоёр тэрбум тоннд дөхнө. Одоогийн байдлаар баталгаажсан  нөөц нь 600 гаруй сая тонн. Үүний 450 сая тонн нь Дархан, Сэлэнгийн бүс нутагт бий. Харин Говь-Алтай, Дорнодод бага хэмжээний хүдрийн ордууд илэрсэн” хэмээн ЭБЭХЯ-ны Уул уурхай, хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Б.Батхүү хэллээ. Өнгөрсөн оны байдлаар хамгийн их  төмрийн хүдрийг “Болд төмөр Ерөө гол”, “Алтайн хүдэр”, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр экспортолжээ. Одоогоор хар төмөрлөг олборлох 30 компанид лиценз олгосноос 15 нь өөрийн талбайгаа бүрэн ашиглаж, уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Хар төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд олборлох, баяжуулах, цувимал, ширэм, ган, төмөрт хайлш үйлдвэрлэх. Түүнчлэн нүүрсийг коксжуулах, галд тэсвэртэй материал үйлдвэрлэх, шохойн чулуу, магнезит олборлох, боловсруулах зэрэг үйлдвэрийн дотоод технологит шаардлагатай металлург эрчим хүчний цогцолборууд дагалдан бий болохыг  ШУА-ийн эрдэмтэд учирлаж байна.

Өнгөрсөн онд манайх гурван сая 584 мянган тонн төмрийн хүдэр экспортолсон бөгөөд нэг тонн төмрийн хүдрээ 80 ам.доллараар экспортолжээ. “Олборлосон төмрийн хүдрээ хуурай баяжуулалтын аргаар шороо тоосноос нь салгаад, төмрийн агууламжийг 30-40 хувь болтол нь цэвэрлээд өгдөг” хэмээн хүдэр олборлогчдын төлөөлөл сонирхуулсан юм. Зарим уурхай хуурай баяжуулалтын технологио ч төгс ашигладаггүй байна. Гэхдээ нойтон баяжуулалтын үйлдвэрийг байгуулахаар одооноос хэд хэдэн компани төлөвлөж байгаа нь тэмдэглүүштэй.  Сүүлийн үед “Хөх ган” компани төмрийн хүдрийг баяжуулах улмаар ангижруулсан төмөр үйлдвэрлэх төсөл хэрэг­жүүлж байгаа аж. Эднийх шууд ангижруулсан төмөр үйлдвэрлэх боловч төмрийн агуулга  тун бага болохоор олон улсын стандартад дөхдөг  бололтой.

Төмөрлөгийн үйлдвэр барих том саналууд ирсээр…

Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр нь 2008 онд төсөвт 8.2 тэрбум төгрөг төвлөрүүлж, 5.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Зэсийн үнийн “зэс нь цухуйж”, дэлхий нийтээрээ эдийн засгийн хямралд хөл алдсан дээрх жил төмөр үүргээ сайн биелүүлсэн нь энэ. Өнгөрсөн онд л гэхэд  30 мянган тонн  бэлдэц, 21 мянган тонн цувимал үйлдвэрлэжээ.  Дархан, Сэлэнгийн бүсэд Төмөртэй, Төмөртолгой, Баянголын орд бий. Уурхайн үйл ажиллагаа эхэлсэн энэ гурван үндсэн ордоос гадна хайгуулын арав орчим талбайд таван компани ажиллаж байгаа ажээ.

Төмөр толгой  уурхай нь хоёр жилийн өмнөөс эдийн засгийн эргэлтэд орсон бол  стратегийн орд болох Төмөртэйг энэ оноос ашиглахаар болжээ. Хуст -Уулын ордод ирэх жилээс хөрс хуулалт эхлэх юм байна. Энэ бүсэд үйлдвэр байгуулахаар Солонгосын “Фоско”, Японы “Коби стийл”, Хятадын МСC  корпораци саналаа ирүүлсэн байна. Хятадууд  уламжлалт ширэм үйлдвэрлэх арга,  энэтхэгчүүд шууд ангижруулсан төмөр үйлдвэрлэх технологиор үйлдвэр барихаар ЭБЭХЯ-тай санал солилцжээ. Ширэм үйлдвэрлэх аргыг манайхан анхан шатны хөрөнгө оруулалт ихтэй. Байгаль орчинд хор хөнөөлтэй учраас “No” гээд буцааж. Харин ангижруулсан төмөр гаргах технологи нь ерөнхийдөө дэлхийн “гангийн гуравдагч үе” хэмээн өөрийгөө тодорхойлоод байгаа нь манайхны хараанд өртөж амжжээ. Энэ төрлийн үйлдвэр Япон, АНУ-д бий.

“Дархан, Сэлэнгийн бүсэд ангижруулсан төмрийн үйлдвэрт  тохирох нүүрсний Шарын гол, Цогтын гол, Улаан-Овоо гэж ордууд байна. Тиймээс хар төмөрлөгийн боловсруулах үйлдвэрийг Дархан, Сэлэнгийн бүсэд барих нь үр ашигтай” хэмээн Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн уурхайн мэргэжилтэн О.Болор-Эрдэнэ ярилаа.

Одоогийн байдлаар Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр нь төмрийн хүдрийн хоёр уурхай ашиглаж, анхан шатны боловсруулалт хийн экспортолж байгаа. Ирэх жил нэг сая тонн хүчин чадалтай нойтон баяжуулалтын үйлдвэрээ нээхээр ажиллаж буй аж. Иймэрхүү хүчин чадалтай нойтон баяжуулалтын үйлдвэрийн өртөг  нь зургаан тэрбум орчим төгрөг гэнэ. Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийнхэн ч тоног төхөөрөмжөө шинэчлэхээр төлөвлөж буй аж. Ийнхүү хаягдаж, гээгдсэн хар төмөрлөгийн салбараа анхаарч эдийн засгийн эргэлтэд оруулъя. Боломж дэргэд байна.

Б.Баяртогтох


URL:

Сэтгэгдэл бичих