Д.Энхцэцэг: Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа 27 ӨЭМТөвүүдтэй

1528180004_width2x_o2lmqnspi2rxkkzБаянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа өрхийн эрүүл мэндийн төвүүдийн анхан шатны тусламж үйлчилгээний талаар тус төвийн Өрхийн менежер Д.Энхцэцэгтэй ярилцлаа.
 
 -Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе! Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяанд хичнээн Өрхийн Эрүүл мэндийн төв байдаг вэ?
 Өдрийн мэнд. Баянзүрх нь Улаанбаатар хотын хамгийн том газар дэвсгэртэй дүүрэг бөгөөд 70% орчим нь гэр хороолол эзэлдэг. Эрүүл мэндийн төвийн харьяа 27 Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй. Хамгийн олон буюу нийт 94971 өрхийн 336932 иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж байна. Мөн хөдөлгөөнт хүн ам жилд 20-30 мянга байдаг нь тусламж үйлчилгээний ачааллыг тодорхой хувиар нэмэгдүүлдэг.
 
 -Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нийт хэдэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллаж байгаа вэ?
 Одоогийн байдлаар дүүргийн хүн амд үйлчилж буй өрхийн эрүүл мэндийн төвүүд маань нийт 340 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтэнтэй. Үүнээс өрхийн анагаах ухаанаар мэргэшсэн эмч 26, хүүхдийн нарийн мэргэжлийн эмч 15, эх барих эмэгтэйчүүдийн эмч 3, уламжлалт анагаах ухааны эмч 16 эмч, мөн клиникийн профессор,  мэргэжлийн тэргүүлэх  болон ахлах зэрэгтэй эмч, сувилагч тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна.
 
 -Өрхийн хамт олны хийсэн ажил, хөдөлмөрийг нь үнэлж төр, засаг, холбогдох байгууллагуудаас шагнаж урамшуулсан байдлыг нь танилцуулна уу? Мөн иргэдэд чиглэсэн ямар ажлуудыг зохион байгуулж байна вэ?
 Баянзүрх дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд маань алтан гадас одонгоор 4, Хөдөлмөрийн хүндэт медаль 8, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан 48, ЭМЯ Жуух бичиг 59, Тэргүүний залуу алтан медалиар 10 эмч, тусгай мэргэжилтнүүд тус тус шагнагдсан байгаа.
 ӨЭМТ-үүдийн зохион байгуулж буй ажлуудын хувьд эх, хүүхдийн тусламж үйлчилгээ, гэрийн идэвхитэй эргэлт, товлолт дархлаажуулалт, 0-5 насны хүүхдийн өсөлт хөгжилтийг үнэлж, зөвлөгөө өгөх, мөн хооллолтын кабинет нээн ажиллуулж хэрхэн хүүхдийн хоолыг зөв бэлдэх зэрэг дадлагажуулалтыг ээжүүдэд зааж сургаж байна.
 
 -Лабораторийн болон элэгний В,С вирусын илрүүлэг шинжилгээ авдаг шүү дээ. Зарим хүмүүс дээрх шинжилгээг хаана өгөхөө мэдэхгүй тохиолдол байдаг байх. Иргэдэд үзүүлдэг бусад тусламж үйлчилгээг дэлгэрэнгүй танилцуулна уу? 
 Шинжилгээ хаана өгөхөө мэдэхгүй тохиолдол гардаг. Лабораторийн шинжилгээний хувьд цус, шээсний шинжилгээ авдаг, мөн сувилахуйн тусламж, халдварт өвчний үед үзүүлэх тусламж үйлчилгээ, өсвөр үе, ахмад настаны эрүүл мэндийн тусламж, уламжлалт болон сэргээн засахын тусламж үйлчилгээг үзүүлж байна.
 Урьдчилан сэргийлэх үзлэг тэр дотроо сүрьеэ, элэгний В,С вирусын илрүүлэг, мөн хавдрын эрт илрүүлэгт харьяалалын хүн амыг хамруулж шаардлагатайг нь дараагийн шатлалд илгээж ажилладаг.
 Мөн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, өдөрлөг, аяныг зохион байгуулж салбар дундын хамтын ажиллагаа олон нийтийн оролцоог ханган ажиллахаас гадна Сайн Дурын Идэвхитнүүдийг бэлтгэх,  ТББ-тай хамтран Эрүүл зүрх-Эрүүл УБ хөтөлбөр, НҮБ-Хүүхдийн сан, ДЗОУБайгууллага  зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран  ажиллаж байна.
 
 -Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв нь өрхийн эрүүл мэндийн төвүүдтэйгээ хэрхэн хамтран ажилладаг вэ?
 БЗДЭМТ, түүний харьяа ӨЭМТөвүүд нь байгууллагаа хөгжүүлэх, эмч, мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах, сайн туршлага нэвтрүүлэх, эрүүл мэндийг дэмжих сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажилладаг. Мөн өрхөөсөө цаг авч эрүүл мэндийн төвийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлдэг.
 
 -Өрхөөр үйлчлүүлж буй иргэдэд хандаж юу гэж хэлэх вэ? 
 Иргэн хүний хувьд, өөрийнхөө эрүүл саруул байдлыг урт удаан хугацаанд хадгалах гэдэг нь маш чухал бөгөөд эрүүл мэндийнхээ төлөө анхаарч аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлж, эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлж амьдрах нь иргэн бүхний үүрэг шүү гэж хэлмээр байна. Та бүхэнд эрүүл энхийг хүсье.
 
 -Цаг гарган ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье!

 


URL:

Сэтгэгдэл бичих