ХҮҮХЭД НАСЫГ “ХУЛГАЙЛСАН” ҮЗҮҮЛЭЛТЭЭРЭЭ МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН 175 ОРНООС 71-Т ЖАГСЖЭЭ
ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТЫН ОЛОН ТАЛ” хэмээх тайланг Хүүхдийг Ивээх Сан дэлхий нийтэд дэлгэлээ. Хүүхэд аль улс оронд илүү аюулгүй тайван байгааг үнэлж, хүүхэд насыг хэрхэн “хулгайлж” буй үзүүлэлтээр нь эрэмблэн 175 улс орныг жагсаасан байна. Энэхүү тайланд хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, охидын эрт гэрлэлт, өсвөр насныхны жирэмслэлт, хүүхдийн эсрэг хүчирхийлэл зэрэг үзүүлэлтээр улс орнуудыг жагсаажээ.
Монгол Улс 175 орноос 71-д жагссан бөгөөд авбал зохих 1000 онооноос 891-г авсан байна. Хэдийгээр өнгөрсөн жилийнхээс 11 нэгжээр өссөн мэт харагдаж байгаа ч энэ нь сургууль цэцэрлэгийн хамрагдалт нэмэгдсэн, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл буурсан үзүүлэлттэй холбоотой.
Хөрш улс орнуудаас БНХАУ 40-д, ОХУ 37-д, харин Казакстан улс 45- д тус тус жагсжээ. Жагсаалтын эхэнд хүүхдэд хамгийн аюулгүй орнуудыг нэрлэхэд Сингапур болон Словен улс тэргүүлж Норвеги, Швед, Финланд улс эхний тавд оржээ. Хамгийн сүүлд орсон 10 орны 8 нь баруун болон төв Африкийн улс орнууд бөгөөд Нигер улс хоёр дахь жилдээ хамгийн сүүлийн байранд ороод байна. Дэлхийн хүүхдийн талаас илүү нь буюу 1.2 тэрбум хүүхэд зөрчил мөргөлдөөн, ядуурал, охидын эсрэг ялгаварлан гадуурхалтад өртөж байгаа нь тэдний сурах, өсөж хөгжих бололцоог нь ноцтойгоор хязгаарлаж байна. Нэг тэрбум гаруй хүүхэд ядууралд нэрвэгдсэн орнуудад амьдарч байна.
Үймээн самуун, зөрчилд автагдсан орнуудад 240 сая хүүхэд байна. 575 сая охид жендерийн хувьд ялгаварлан гадуурхал өндөртэй улс орнуудад амьдарч байна. Монгол Улсын хувьд анхаарал татаж буй нэг үзүүлэлт бол хүүхдийн хөдөлмөр эрхлэлт нэмэгдсэн байна.
Манай улс хүүхдийн хөдөлмөр, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг арилгахад чиглэсэн хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулж, Хөдөлмөрийн сайдын 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн А/36 “Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ыг шинэчлэн баталж, уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах стандартуудыг баталж, морь унаач хүүхдийн нэгдсэн бүртгэлийн системтэй болж, Зөрчлийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай, Эрүүгийн тухай хуулиуд хариуцлагын асуудлыг тусгасан. Гэсэн хэдий ч улсын хэмжээнд 2012 онд 181, 2013 онд 219, 2014 онд 205 хүүхэд хурдан мориноосоо унаж хэвтэн эмчлүүлсэн ба 2012-2014 онд нийт 6 хүүхэд хурдан мориноосоо унаж амь насаа алджээ.
Харин 2017 онд хурдан морины уралдааны явцад мориноос унаж хөгжлийн бэрхшээлтэй болсон 3, амь насаа алдсан 2 хүүхэд бүртгэгдсэн байна.
Хурдан морины хаврын уралдаан нь хүүхдийн эрүүл байх, сурч боловсрох, хамгаалагдах гээд бүхий л эрхийг зөрчдөг, мөн амь насаа алдсан тохиолдолд хариуцлагыг хүлээлгэх эзэнгүй, ашиг олох зорилгоор хүүхдийн хөдөлмөрийг мөлжиж байгаа хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөгийн нэг хэлбэр болохыг судалгаагаар тогтоосон юм.
Монгол Улсын талаар хэд хэдэн жишээ авахдаа ядуу өрхийн хүүхдийн хувьд чинээлэг өрхийн хүүхдээс хөдөлмөр эрхлэх магадлал нь 9 дахин илүү байгааг дурджээ. Иймэрхүү ялгаатай байдал мөн тав хүртэлх насны ядуу өрхийн хүүхдийн эндэгдлийн тооны зөрөөнөөс харагдаж байна. Хэдийгээр Монгол Улс нь үндэсний хэмжээнд 1000 амьд төрөлтөд ноогдох нялхасын эндэгдлийн тоог 25-аас бага байлгах Тогтвортой хөгжлийн зорилтод хүрсэн ч амьдралын нөхцөл муутай өрхөд төрсөн хүүхдийн эндэх магадлал 3 дахин их байгааг анхаарах нь зүйтэй.
Түүнчлэн, гамшигт өртөж буй байдалд ч томоохон ялгаа ажиглагдаж байна. Тухайлбал, 2015-2017 онуудад болсон зудад ядуу өрхийн хүүхдүүд илүү өртөж, сургуульдаа очиж чадахгүй байх, чанартай тэжээллэг хоол хүнс, эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй зэрэг бэрхшээл байсаар байна. Иймд гамшиг болохоос өмнө эрсдэлийг бууруулахад хөрөнгө төсвийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Жишээ нь, зуд болохоос урьтаж сургуулийн дотуур байрны дулаалгыг сайжруулах, хүүхдүүдийг дулаан хувцастай болгох, сургуулийн байрыг чанартай, газар хөдлөлтөд тэсвэртэй барих зэрэгт анхаарал хандуулах цаг иржээ.
Нэг ч хүүхэд урьдчилан сэргийлж болохуйц шалтгаанаас, хатуу харгис хүчирхийллийн улмаас амь насаа алдахгүй, хоол тэжээлийн дутагдал, эрт болон албадан гэрлэлт, эрт жирэмслэлт, албадан хөдөлмөрийн улмаас ирээдүйгээрээ хохирохгүй байхад хүчин чармайлт тавихаас гадна чанартай боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхийг Засгийн газруудад Хүүхдийн Ивээх Сан уриалж байна.
Хаана, ямар нөхцөлд аж төрж буйгаас үл хамааран хүүхэд бүр аюулгүй, аз жаргалтай хүүхэд насыг эдлэх эрхтэй.
Эх сурвалж: Хүүхдийг ивээх сан
URL: