Ажлын байран дээрээ эм шахдаг эмч нартаа хариуцлага тооцъё
Цалин мөнгө багатай ч өргөсөн тангарагтаа үнэнч эмч, сувилагчдаараа бид бахархдаг билээ. Хийж буй ажилдаа ёс зүйтэй хандаж, хүний амь нас, эрүүл мэндийн төлөө мэдлэг чадлаа шавхан ажиллаж байгаа эмч нар олон бий.
Гэвч төсвийн таван төгрөгийн цалингийн хүрэлцээгүйгээрээ далимдуулж, иргэд үйлчлүүлэгчдийг халаасыг түншиж, ядарсан өвдсөн нэгэн дээр нэрмээс болдог эмч нар мэргэжилдээ үнэнч бусдынхаа нэр хүндийг харлуулдаг нь гашуун үнэн.
Тодруулбал, нэгэн дүүргийн хүүхдийн тасгийн хүлээн авахын эмч АНУ-ын Киркланд брэндийн D витаминыг савнаас нь задалчихаад нэг ширхгийг нь 400 төгрөг гэж үзүүлсэн хүүхэд бүртээ шахдаг гэсэн гомдол ээжүүдээс иржээ. “Танай хүүхэд D-ийн дутагдалд орчихсон байна. Рахиттай болж байна. Өдрийн 2 ширхгээр 4000 нэгжээр уу. Энэ бол гадуур байдаггүй эм” гээд л хүчээр шахуу өгдөг гэнэ.
Үүнээс гадна өөр дүүргийн амбулаторийн хүүхдийн эмч ч бас ийм наймаа хийж, өвчтөнүүдийнхээ сэтгэл санаагаар тоглож, давхар бизнес эрхэлж байна. Энэ эмч ширхэглээд зарахдаа бүр тухайн үед хүүхдийн эцэг эх мөнгөгүй бол ягаан дэвтрийг нь барьцаалж авч үлддэг бохир арга хэрэглэж байна.
Өрхийн эмнэлгүүд ч бас Киркландын D витамины наймаа хийдэг болсон гэж ээжүүд ярьжээ. Уг нь бол энэ брэндийн 2000iu-тай D витамин хайрцагтаа 600 ширхэгтэй байдаг бөгөөд гадуур 50-55 мянган төгрөгийн хооронд л зарагддаг аж. Гэтэл 120 мянган төгрөгийн үнэтэй байдаг гээд ширхгийг нь 200 төгрөгөөр, нэг сар уухыг нь 60000 мянгаар зардаг гэнэ.
Уг нь эмч, эмнэлгийн ажилтнууд, тэр дундаа улсын эмнэлгүүд ажлын байрандаа эм, эмийн бүтээгдэхүүн зарж борлуулах хориотой байдаг. Харамсалтай нь эмч нар эцэг эхчүүдийн хүүхдээ гэсэн сэтгэлийг далимдуулж, ийнхүү бизнес эрхэлж байна.
Ер нь энэ витаминыг дурын эмчийн зөвлөсөн тунгаар хүүхдэд өгөх нь хор уршигтай. Харин цусны шинжилгээ өгч, D-гийн түвшнээ тогтоож байж өгвөл хүүхдийн эрүүл мэндэд хэрэгтэй гэдэг.
Мэргэжилтнүүдийн тогтоосноор D аминдэмийн дутагдал нь 200 гаруй өвчний эрсдэлт хүчин зүйл болдог байна. Тухайлбал яс, үе мөчний эмгэг, чихрийн шижин, зүрх судасны эмгэгүүд, элэг, нойр булчирхайн эмгэгүүд болон үргүйдэлд хүртэл тодорхой хэмжээгээр нөлөөлдөг нь нотлогджээ.
Харин D витамин илүүдвэл хүүхдэд маш аюултай, эргээд эмчлэх боломж маш хэцүү. D витаминыг хэтрүүлж хэрэглэснээс эрхтэн, системд өөрчлөлт орох, тархи, сэтгэн бодох чадварт сөрөг үр дагавартай. Бүр D витамины илүүдэл гэж бие даасан өвчин байдаг аж. Тиймээс л дур мэдэн энэ витаминыг авч хэрэглэж огт болохгүй.
Энэ асуудалд салбар яамныхан анхаарлаа хандуулж, ажлын байраа бизнесийн талбар болгосон эмч, ажилтнуудтай хариуцлага тооцох цаг болжээ.
Erennews.mn
URL: