Эрдэнэтийг барьцаанд тавьсан хэргийн цаана төрийн агентлаг бий гэв
Монголын Зэс корпорациас нэгэн ноцтой агуулга бүхий мэдэгдлийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлсэн байна. Уг мэдэгдэлд “Төрийн өндөр албан тушаалтнуудын оролцоотойгоор Эрдэнэт үйлдвэр, улсад их хэмжээний хохирол учруулж, стратегийн ач холбогдол бүхий үйлдвэрийн 51 хувийг гадаадын (Хятадын) банкны барьцаанд тавьсан асуудал үүсч Лондон дахь олон улсын арбитрын шүүхээр Монгол Улсад онц их хэмжээний хохиролтойгоор шийдэгдээд байгаа.
Гэтэл гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа энэ мөчид төрийн нөлөө бүхий албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашиглаж Эрдэнэт үйлдвэрийн 51 хувьтай холбоотой гэмт хэргийн мөрдөн байцаалтыг замхруулах зорилгоор үйлдвэрийн архивт байгаа Жаст групп ХХК-тай холбоотой баримт материал, нотлох баримтыг архиваас устгуулах ажиллагааг хийж болзошгүй байна. Энэхүү зорилгоо биелүүлэх үүднээс Эрдэнэт үйлдвэрийн удирдах албан тушаалтнуудыг (Стандарт банкны холбоотой хэрэгт ажиллаж байгаа ажлын хэсгийн гишүүд) ажлаас нь хоморголон халах, өөрсдийн төлөөний хүмүүсийг нь байршуулах зэрэг хууль бус үүрэг, даалгаврыг хариуцсан төрийн агентлагт өгч, шахалт үзүүлсэн байж болзошгүй тул уг ноцтой асуудлыг анхааралдаа авахыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс хүслээ” гэжээ.
Erennews.mn
URL: