Д.Зоригтын дараа С.Баярцогтыг огцруулах бичиг өргөн барих гэнэ

С.Батболд Ц.Батбаяр гишүүнийг дуудаж дарамтлах гэсэн биш өөрөө нээнтэгэнд оржээ—–
Засгийн газрыг унагаах төлөвлөгөө хэрэгжиж эхлээд байна. УИХ-ын гишүүдийн зүгээс Засгийн газрын үйл ажиллагаанд дургүйцэх болсон нь илт мэдрэгдээд байгаа. АН дотор буй фракциуд төдийгүй МАН доторх хотын фракцийнхан ч С.Батболдын Засгийн газарт дургүйгээ илэрхийлж эхлээд байгаа юм.

Харин далим олдохгүй нэлээд хугацаа өнгөрсөн ч дутагдал нь хуримтлагдсаар саяхны байнгын хорооны хурал дээр тэсэрсэн нь Ц.Батбаяр гишүүнээр илэрч гарав. ТЭЦ 2-р станцийн дэргэд байгуулагдах шахмал түлшний үйлдвэрийн асуудлаар маргаан дэгдсэн нь Д.Зоригт сайдын судаснаас нь атгаад авсан хэрэг болсон. Цусыг нь боосонд дургүйцсэн Д.Зоригт эсэргүүцэл үзүүлсэн нь гай дуудаж өөр дээрээ Засгийн газрыг огцруулах хүсэлтнүүдийн галыг асаачихлаа. Хотын фракцийн Ц.Батбаяр “чамайг огцруулна хараарай, би хэлсэндээ хүрдэг хүн” гэж байнгын хорооны хурал хаян одсон нь цаанаа засгийн газрыг огцруулах тохироо хийчихсэн байсан гэлтэй. Төд удалгүй  УИХ-ын гишүүн Ц.Батбаяр, Ц.Сэдванчиг, С.Эрдэнэ нарын зүгээс Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг албан үүргээ тааруухан биелүүлж байна хэмээн долоон зүйл бүхий үндэслэлээр огцруулах бичгийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барьсан нь холоос шийдсэн байгааг харуулж байна. Харин энэ үйл явдал хамтарсан засгийн газрынхныг сандаргаж эхлээд байгаа юм. Хоёр намын хамтрагчид Д.Зоригтод алиргитээд байгаа гишүүдээ найрах даалгавар авсан байна. Тэр үүднээсээ шинэ он солигдохын өмнө ганхаж мэдэх Засгийн газрын тэргүүн С.Батболд УИХ-ын гишүүн Ц.Батбаярыг өрөөндөө дуудаж, Д.Зоригтыг огцруулах бичгээ буцаан татахыг тулгасан нь мань гишүүний дургүйцлийг бүр хүргэж орхижээ. Намын даргынхаа өмнө дуудагдаж очсон Ц.Батбаяр гишүүн С.Батболдоос айхгүй байгаа шууд илэрхийлж “Надтай ийм байдлаар харьцах юм бол намтай чинь ярих юм байгаа шүү” гэж С.Батболдыг өөрийг нь нээнтэгэнд оруулаад гарч оджээ. Ц.Батбаяр гишүүнд нөлөөлөх гэсэн зарим хүмүүс “Д.Зоригт чинь С.Баярын хамгаалалттай хүн шүү дээ” гэж хэлж үзсэн боловч “Тэгж ярих юм бол Баяр ч өөрөө асуудалтай нөхөр шүү” гэх маягийн юм хэлж амыг нь тагласан гэнэ. Энэ байдлаараа Д.Зоригтыг огцруулах асуудлыг гишүүд татахгүй бололтой. Харин АН-ын хамтарсан Засгийн газарт байгаа хэдэн нөхөр дараагийн ээлж С.Баярцогт дээр ирнэ гэж тооцоолон Д.зоригтыг авч үлдэх талаар их анхаарч байгаа юм. АН-ын дарга Н.Алтанхуяг арай зөөлнөөр нь  Ц.Сэдваанчиг гишүүнийг найрахаар оролдож байгаа бол С.Эрдэнийг аргалах хүн олдохгүй байгаа аж.
АН-ынханд Засгийн газраас гарах сайхан далим энэ болж байгаа. Энэ чиглэлээр ажил зохиогоод байсан З.Энхболд нарт энэ явдал “аманд орсон шар тос” болох нь тодорхой. Тийм ч учраас асуудлыг  парламентын танхимд хүргэхгүй байхаар хамтарсан засгийн газрынхан “чичирч” эхлээд байгаа нь энэ юм.


URL:

Сэтгэгдэл бичих