30 настнуудад өгөх найман зөвлөгөө
Алдаж байж л ухаардаг гэдэг боловч алдахаасаа өмнө ухаарч яагаад болохгүй гэж. Хэрэв та 30 нас хүрэх гэж байгаа бол, эсвэл аль хэдийнэ хүрчихсэн бол илүү хариуцлагатай, чухал үеийг эхлүүлэх гэж байна. Энэ жил 40 хүрч буй Америкийн сэтгүүлч Марк Назын бичсэн ”10 жилийн өмнө эдгээрийг мэддэг байсан ч болоосой” нийтлэлийг та бүхэнд орчуулан хүргэж байна.
1Найзтайгаа уулзахгүй удсан ч нөхөрлөл оршсоор байна
Дотно найзтайгаа хэдэн сарын дараа уулзаж байна уу? Эсвэл найзууд тань өөр улс руу нүүж, гэр бүлтэй болж, хажууд тань хэн ч үлдээгүй мэт санагдаж байна уу? Нөхөрлөл бол цаг хугацаа, орон зайнаас үл хамааран оршсоор л байдгийг та санаарай. Хэзээ нэгэн цагт уулзахад арван хэдэн жилийн өмнө байсан яг тэр л найз тань хэвээрээ байх болно.
2Эцэг эхдээ илүү их анхаарал тавиарай
60, 70 шүргэж буй буурайнуудаа эргэж тойрч байгаарай. Тэдний эрүүл мэндийн асуудлуудыг нэг бүрчлэн мэдэж, тогтмол үзлэг, хяналтанд оруулахаа мартуузай. Тэд үр хүүхдүүдээ ирэхийг л хүлээн суудаг юм шүү. Өнөөдөр ажлаа тараад ээж, аавдаа цайны сүү барин очиж яагаад болохгүй гэж.
3Хуримын ёслол хийх гэж туйлширсны хэрэггүй
Гэр бүл болохын тулд хосууд бие биедээ хайртай байхад л хангалттай байдаг. Хуримын ёслол хийж хэдэн сая доллар үрсний хэрэггүй. Харин үүний оронд “Бал сар”-аа гадаадад тэмдэглэхийг санал болгосон байна. Хэрэв заавал хуримын ёслол хийхийг хүсэж байвал хамаатнууд, дотны найзуудаа л урьж болно шүү дээ.
4Хөгжилтэй авга ах байснаас аав байх илүү сайхан
Ах , эгч, дүүгийнхээ хүүхдүүдийг амралтын өдрүүдээр харж өгдөг үү? Тэдний хувьд та мэдээж хамгийн сайн авга ах, эгч нь байх. Би ч бас сайн авга ах байсан. Гэхдээ аав болсон мэдрэмж авга ах байсан үетэй харьцууламгүй гайхалтай байсан шүү.
5Цөөн эд зүйлстэй байх илүү амар
Гэрийн аль нэг мухарт хэвтэж байдаг хэрэггүй зүйлсийг гаргаж хаяхыг зөвлөж байна. Уншиж дууссан сэтгүүл, ном, хуурцаг зэрэг зүйлийг би хадгалахаа больсон. Ингэсэн нь амьдралыг илүү амар тайван болгодог.
6Өөртөө анхаарал тавиарай
Таргалалт бол бүх өвчний үндэс суурь болдог. Тогтмол дасгал хөдөлгөөн хийж, эрүүл хооллох хэрэгтэйг танд сануулъя. Гоолиг болж галбаржихад нас төдийлөн хамааралгүй. Би ч бас шар айрагны гүзээгээ арилгахаар хичээж байгаа.
7Ажил мэргэжилдээ яарч хандсаны хэрэггүй
Би бизнесийн чиглэлээр их сургууль төгссөн ч сэтгүүлч болохыг хүсэж, олон газар ажилласан. Сэтгүүлчийн мэргэжил эзэмшээгүй учир олон бэрхшээлтэй тулгарч бүр долоогийн долоон удаа халагдаж байсан. Ийм зүйл тохиолдоход та бүхэн гутарч, зорьсон зүйлээсээ ухарч болохгүй шүү.
8Санхүүгийн аюулгүй байдлаа баталгаажуул
Би мөнгөө хадгалж хуримтлуулдаг боловч хэзээ ч эргэлтэнд оруулж ашиг олох талаар бодож байгаагүй. Харин одооноос эдийн засгийн зөвлөгөө өгдөг хүмүүстэй уулзан тэтгэвэрт гарсны дараа яах талаараа зөвлөлдөх бодолтой байгаа. Ирээдүйн талаар бодол хэзээ ч эртдэхгүй шүү дээ.
URL: