Ж.Барамсай: Залуу хүний зовлон
Ядуу хүний зовлон яасан их вэ гэдэг шиг залуу хүний зовлон зөндөө байх юм гээч?! Би сэтгүүлч мэргэжилтэй, төгсөж ирээд дөнгөж нэг ажилтай золгоод байж байгаа юм. Холын хамаатан нэг ахындаа толгой хоргодно. Тэднийх маань дөрвөн ханатай гэртэй унинаасаа олон хүүхэдтэй гэхэд хилсдэхгүй. Орой үдэш юм бичих байтугай ном уншихад төвөгтэй. Ингээд би сонинд “Өрөө хөлслүүлнэ үү” гэсэн зарлал гаргалаа. Ердөө л маргааш нь редакци руу хүн утасдлаа.
Тэр “Ганц бие гадаад хэлтэй сэтгүүлч гэж байгаа, үнэнээ хэлэхэд чи цаанаа хүлээж байгаа эхнэртэй хүн үү? Шулуухан хэлчих” гэсэн гүдэс байрын хүний дуу сонсогдлоо. Би “хоёр жилийн дараа авгай маань гадаадаас төгсөж ирнэ” гэвэл тэр. “За, за тэгвэл ч яриа таарахгүй юм шив дээ. Би уг нь охиндоо хань ижил олж өгөх санаатай байгаа хүн” гээд утсаа тасаллаа. Гэтэл дахиад утас хангинав. Харилцуурын цаанаас нэг эмэгтэй “Та өрөө хөлслөх гэж байгаа хүн мөн үү?” гэлээ. Би “мөн, мөн” гэвэл:
-Та Англи хэл манай охинд зааж чадах уу?
-Би Англи хэлгүй Испани хэл мэддэг.
-Өө манай охин Англи хэлний жаахан дэвсгэртэй юм л даа. Тэгээд гэрийн багш болгочих хүн л хайсан юм.
-Испани хэл болохгүй юм болов уу?
-Тэр хэрэггүй байх аа. Та архи уудаг уу?
-Огт амсдаггүй, тамхи ч татдаггүй. Ердөө юм л бичиж уншиж суудаг хүн.
-Шөнө хурхирдаг уу?
-Үгүй ээ таг чиг нам унтдаг…
-Шал угааж хоол хийж чадах уу?
-Чадахаар барах уу! Оюутны хэдэн жилд тэрнийг чинь л хийж явлаа шүү дээ. Та намайг өрөөндөө суулгачихаач. Би томоотой хүн.
-Чи манай гурван өрөөнд суугаад мөнгийг нь төл! Би охинтойгоо нэг өрөөндөө сууя.
-Юу. Та чинь ганц бие хүн үү?
-Та яасан юм ойлгодоггүй хүн бэ? Би хоёр бие. Охинтойгоо хамт.
-Тэгээд яаж уулзах вэ? Танайх хаана вэ?
-Манайх Биокомбинатад… Тэгснээ хүүхэн тачигнатал инээгээд “Битгий горьд, чи чинь манай угаалгын газрыг шүүмжлээд байсан нөгөө сэтгүүлч биз дээ. Найз минь чи харин ажилчин хүүхнүүдийн хувцас сольдог өрөөнд суувал суу. . . Редакцийн нөхөд маань юм хийлгэхгүй утсаар яриад гэж уцаарлаж эхлэв. Тэгтэл үдээс хойш нэлээд нас тогтсон байрын эрэгтэй хүн утас цохьлоо.
-Байр сурагласан хүн үү?
-Тийм ээ! Би байна.
-Арван хоёр квадрат ганц өрөө илүү байх нь байна. Гэхдээ би ядарсан хүн. Үнэнээ л хэлье. Чи залуу хүн орой үдэш ийм тийм юм цуглуулж хөгжим танц болоод байхгүй биз?
-Яалаа гэж ах минь. Өрөөгөө түгжээд л ганцаараа ном бариад хэвтчихнэ.
-Чи хөдөө гадаатай юу?
-Хөдөө сумын төвд нэг жолооч ах л бий…Гадаадад ав…Гадаадад юу ч байхгүй.
-Гадаадад нь ч яамай харин хөдөөнөөс өвөл идэш хоол ирэх үү?
-Үгүй, үгүй. Юу ч байхгүй.
-За тийм байдаг байж…Орос дэлгүүрийн пропусктай юу?
-Байхгүй…
-Дэлгүүрт танил байна уу? Ямар нэгэн дэлгүүрт дотны хүнтэй юу?
-Бараг л байхгүй дээ.
-Засгийн газрын сайдуудад танилтай юу?
-Тэр ч мулт даа.
-Чи хувьцаагаа надад нийлүүлэх үү?
-Өгье, өгье.
-Ингэхэд чи манай тэр өрөөнд хэдэн төгрөгөөр сууя гэж бодож байна даа.
-Та л мэд таны хэлснээр л болъё.
-Гэрэл чийдэн хамаг юмтайгаа, халуун хүйтэн ус, жорлон угаалга, гал тогоо, коридор, хувцасны өлгүүр мөлгүүрт чөлөөтэй хамтран эзэмших болохоор 250 төгрөгөөр л суу даа. Өвлийн хүйтэнд дулаан байранд амар байхгүй юу. . . Эргээд чи яриарай гээд ноймер өглөө.
Би нөхдөдөө энэ тухай хэлбэл “Галзуурсан шулаач вэ? Гурван өрөө байрны хөлсөөр ганцхан муу умгар өрөөнд хэн суух юм бэ?” Тэрэнд орвол мөнгөө хураагаад гүрийж явсаар хоршооллын байр худалдаад авчих гэцгээнэ. Тэд хотын төвөөс намайг Баянхошууны эцсийн буудал хүртэл явж заримдаа ажил дээрээ хонодог зовлонг даанч мэдэхгүй нь гомдмоор… Утас дахиад л цангинаж хэлтсийн эрхлэгчийг хялалзууллаа.
-Өөрөө сонины газрын хүн гэл үү? Өрөө эрж байгаа юм биз дээ.
-Тийм ээ та өрөө байвал хөлслүүлэхгүй юу?
-Ах нь дээр үед том алба хааж явсан бас ч алдар гавьяатай хүн. Даанч дув дуугүй өнгөрөөд байна. Надтай хамт ажиллаж байсан хэд хэвлэл сонинд бичигдэж, зарим нь тусгай тэтгэвэрт гарчихлаа. Чи ер нь хэр зэрэг бичдэг хүн бэ дээ? Намайг бичиж өгөх үү?
-Өгье, өгье. Би гайгүй л дээ.
-Хөөе, хөөе ингэхэд чи чинь ардчилсан холбоо молбооны хүн биш биз?
-Яалаа гэж ёстой биш.
-За, за ер нь бодоод байсан болилоо…
Манай утас лавлахынх шиг өдөржин нижигнэж хэлтсийн эрхлэгч маань нүүр нь чинэрэн уурлаж, зарим нөхөд гадуур ажиллахаар явлаа. Би ажил тарахад ганцаараа үлдлээ.
Хяслаантай юм шиг утас таг шүү. Гэтэл дуугарлаа. Хөөрхий миний баярласан гэдэг жигтэйхэн. Наалинхай эмэгтэй дуу гарч байна.
-Та үнэхээр байргүй, ганц бие юм биз дээ? Хөрөнгө хогшил гээд нэг их юм чирэхгүй биз?
-Яг үнэн. Надад авгай байтугай аяга ч байхгүй, хөрөнгө гэвэл хэдэн ном, ганц бичгийн машин л байна.
-Та өндөр намаараа хэдэн сантиметр вэ?
-Би юү би би… хэд билээ? Метр тавь орчим л байх.
-Тэгвэл намдах юм байна. Пацаан юм шив дээ?
-Би зөвхөн өрөөнд чинь л сууна шүү дээ. Эсвэл нуруу өндөр хүнээр ханандаа юм хадуулах гэж байгаа юм уу? Тэгвэл би сандал тавьж байгаад…
-Үгүй дээ хонгор минь биеийн жин хэд вэ?
-Жаран хэд л байх…
-Пөөх, тийм намхан мөртөө полдойчихоод яасан их тарган эд вэ?
-Уучлаарай би “Танилцъя” буланд зарлал өгөөгүй, өрөө хөлслүүлнэ үү? гэж л…
-Мэдэж байна аа. Гэхдээ өрөө хөлслүүлнэ үү гэсэн ганц бие эр хүн чинь бас авгай хайж байдаг юм дүү минь. За за баяртай.
Би хэд хоног ингэж утсаар хүний тоглоом болоод барсангүй бас өвлийн хүйтнээр хэд хэдэн айлын хаалга татаж тэднийг уурлуулсан юм. Учир нь намайг хүмүүс хуурч огт худлаа огт ондоо айлын хаяг зааж өгчээ. Хаврын cap гарч би хааяа ахындаа очиж, ихэвчлэн ажил дээрээ хоног өнгөрөөж явна. Харин зуслан гарахаар өрөөгөө хөлслүүлэх хүн байвал зарлал гаргаарай! Мөн хойтон өвөл “Хүүхдээ харуулж хөгшдөө асруулах айл байвал бас зарлал гаргана уу?” Яагаад гэвэл би байр сууцтай болтол ажлаасаа гарч бичсэн зүйлийнхээ шагналаар амьдрахаар шийдлээ.
Ж.Барамсай
URL: