С.Дамдинсүрэн: Хятадын цагаан сард бэлтгэж чоныг хоморголон устгасан байх

-ХЯТАДАД АР МОНГОЛЫН ХӨЛДҮҮ ЧОНО АЗ АВЧИРДАГ ГЭХ ХЭЛЦ ҮГ ХҮРТЭЛ ГАРГАЖЭЭ -

Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчийн хурал, тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ц.Дашдорж нар 50 сая төгрөгийн төсөвтэй чоно агнах уралдаан зарласан билээ. Уралдаанд Говь-Алтай аймгийн бүх сумынхан оролцож, 273 чоно хоморголон устгаад байгаа. Мөн аймгийнхаа төв талбай дээр цус нөжийг нь гоожуулсан хөлдүү чоноо эгнүүлэн тавьсан.

Энэ талаар өчигдөр “Амьтны эрх хамгаалах сан” төрийн бус байгууллагаас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Тус сангийн тэргүүн С.Дамдинсүрэнтэй ярилцлаа.

-Говь-Алтай аймгийнхан 270 гаруй чоно агнаж, төв талбай дээрээ эгнүүлэн тавьсан. Өмнө нь ийм олон чоно агнаж байсан тохиолдол байгаа юу?

-Монголд битгий хэл дэлхийн хаа нэгтээ чоныг нэг доор нь хоморголон хөнөөж байсан түүх үнэндээ байхгүй юм билээ. Харин ийм хүнлэг бус зүйлийг Говь-Алтай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд хийсэнд харамсалтай байна. Ан агнуурын болоод амьтны тухай хуулийн цоорхойг ашиглан зэрлэг цэнгэлдээ хөөрцөглөн олон чоныг хүйс тэмтэрчихлээ. Үүнийг бид эсэргүүцэж байгаа.

-Хуулийн ямар цоорхойг ашигласан гэж үзэж байна вэ. Ийм олон чоно нэг доор агнасан тохиолдолд ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээлгэх боломж бий юу?

-Ан агнуурын болон амьтны тухай хууль өнгөрсөн жил шинэчлэгдэн батлагдсан. Энэ хуулинд саарал чоныг агнуурын амьтанд оруулсан боловч хууль батлагдах үед хасагдчихсан. Үүнийг УИХ-ын гишүүд хассан байна лээ. Үүнээс болоод чоныг олноор нь агнасаар байна. Мөн Г.Баярсайхан гишүүн саарал чонын хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Гэвч батлахаас татгалзсан юм. Ийм олон чоно устгалаа гээд хуулийн ямар нэгэн хариуцлага хүлээлгэх боломж өнөөдөр байхгүй байна. Харин УИХ-ын гишүүдэд ёс зүйн хариуцлага тооцох боломжтой. 273 чоно агнасан нь амьтны эсрэг үйлдсэн хоморголон устгах аллага гэж үзэж байна. Энэ бол нийгмийн эмгэнэл. Ялангуяа улстөрчид зэрлэг яргаллыг өдөөн дэмжиж байгаа нь улс төрийн пиар гэж үзэж байгаа.

Тодруулбал, улс төрчид сонгогч малчдад “Бид малын дайсан чоныг устгаж өгч тус боллоо. Сонгуулиар надад санал өгөөрэй гэснээс өөрцгүй харагдаж байна. Мөн өөр талаас нь хархад чоноор бизнес хийсэн юм биш байгаа гэх хардлага байгаа. Монголын зах зээлд 300 мянган төгрөг байна лээ. Харин БНХАУ-д хөлдөөсөн чоно монгол мөнгөөр хоёр сая төгрөг гараад байгаа юм билээ. Удахгүй Хятадын цагаан сар болох гэж байна. Үүнд бэлтгэж чоно агнасан ч байх. Хятадад ар Монголын хөлдүү чоно аз авчирдаг гэх хэлц үг хүртэл гаргасан байна лээ. Хятадад Монголын хөлдүү чоно хамгийн үнэтэй бэлэг болдог юм билээ. Говь-Алтай аймаг руу 273 чоно агнаад хөлдүү байгаа сургаар ченжүүд явцгаасан гэх мэдээ бидэнд ирээд байгаа. Агнасан чоныг Хятадын цагаан сард бэлтгэн урд хилээр гаргах гэж байсан юм шиг байна лээ.

-Чонын тоо толгойг тоолж үзсэн үү?

-Монголд хангайн саарал чоно элбэг байдаг. Харин говийн шарнад цөөвөр чоно устаж үгүй болсон. Мөн талын цагаан чоно ч устаж үгүй болсоор байна. ШУА-ийн судалгаагаар 1980 онд 30 мянган бодгаль байсан. Харин 2004 онд арван мянган хүрэхгүй бодгаль чоно үлдсэн байна гэх судалгаа бий. Ховордож буй амыны тоонд чоно яах аргагүй багтаж байна гэсэн үг. Тэгтэл ингээд 200-300-гаар нь устгаад байгаа нь харамсалтай байна. Бүр аймгийнхаа төв талбай дээр цус нөжтэйгээ холилдож үхсэн чоныг тавиад хүүхэд, эмэгтэйчүүд гээд аймгийн иргэд зураг хөргөө авахуулаад л.

-Чоно байгальд хэр ээлтэй амьтан бэ?

-Чоно өөрөө экосистемд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд байгаль цэвэрлэгч амьтан. Малчид малаа сайн хариулж сонор сэрэмжтэй байхыг анхааруулдаг. Мөн зээр болон бусад туурайтан амьтдын өвчилсөн болон сүргээ гүйцэхээ байсан амьтныг цэвэрлэгч амьтан. Бусад амьтдыг байгалийн шалгарлыг даван үлдэхэд чухал нөлөө үзүүлдэг шүү дээ. Монголд чоныг ад үзэх ёсгүй. Өнөөдөр чоно гэгч амьтан хүн, малд аюул учруулахуйц хэмжээнд хүрч өсөөгүй байна. Монголчууд бид чинь түүхэндээ Бөртэ чоно, Гоо маралын удамтай гэсэн байдаг. Чоныг тэнгэрлэг амьтан хэмээн шүтдэг ард түмэн шүү дээ. Тиймээс агнуурын амьтдын эгнээнд оруулах хэрэгтэй байна. Тэгвэл чоно устаж үгүй болох аюулаас аврагдана.


URL:

Сэтгэгдэл бичих