Дуугарах эрхгүй “ДӨНГӨТЭЙ” сэтгүүлчид

Setguulch-41Сэтгүүлч хүн зам хөндлөн гарахдаа л  замын нөгөө талд хэрхэн амьд очих тухайгаа боддог. Бусад үед үргэлж уран бүтээлийн санаа, шинэ содон нийтлэл нэвтрүүлгийн эрэл хайгуул хийж явдаг гэж МУСГЗ, нэрт сэтгүүлч Д.Амбасэлмаа хэлж байсан. Нээрэн үргэлж л ард олонд хэрэгтэй, хүртээмжтэй, өгөөжтэй нийтлэл, нэвтрүүлэг хийхсэн гэхээс дотроо “асч, шатаж” явдаг хүмүүс бол сэтгүүлчид.

Тэд ч өнөөдөр нийгмийн асуудлаа яриад Төр, Засагт үг дайн, уйлан дугарах эрх нь ч, үндэслэл нь ч бий. Ялгаагүй л цалин багатай. Гэхдээ Монголын сэтгүүлчид цалингаа нэмүүлье, ажлын нөхцөл хүнд байна гэж хэзээ ч жагсаал, цуглаан хийж байгаагүй. Харин хаана, хэн цалингаа нэмүүлэхийг хүсч, шаардаж байна, тэнд гүйж л явдаг. Иргэний төлөө, нийгмийн шударга үнэний төлөө гүйгээд л байна, гүйгээд л байна. Тэгсэн хэр нь хамгийн муу нэртэй. Сэтгүүлчид гүтгэсэн, доромжилсон хэмээх муу үг сонсох нь олонтаа. Үүнийг бүр хуульчилж, сэтгүүлчдийг “дөнгөлсөн”.


Гэрэл зургийг MPA.mn

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Тэргүүлэгч Сайтуудын Холбоо, “Глоб Интернэшнл” ТББ хамтран  Зөрчлийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай нээлттэй хэлэлцүүлгийг өчигдөр /2018.05.30/ зохион байгууллаа.

Олон улсад хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлч, тухайн байгууллагын удирдлагуудыг цагдаагийн байгууллагаас тогтмол дуудаж, байцаалт авах нь зөрчил гэж тооцдог тухай “Глоб интернэшнл” ТББ-ын мэргэжилтэн Ц.Мөнхжин хэлсэн. Учир нь байнга дуудагдаад, байцаагдаад, шалгуулаад байхаар тухайн сэтгүүлч, редакц “дугарч” чадахаа болино. Ингэснээр шударга, үнэнийг олон нийтэд мэдээллэх эрхийг “боомилж” байгаа хэрэг гэж үздэг байна.

Зөрчлийн тухай хуулийн 6.21-р зүйлд “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хувь хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” хэмээн заасан байдаг.  Сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрхийг хааж боохын тулд Зөрчлийн тухай хуулийг ашиглаад байна гэж үзэж буйгаа Ц.Мөнхжин мэргэжилтэн хэлж байна.

Тэрбээр “Олон улсын зүгээс Монгол Улсад хэд хэдэн зөвлөмжийг ирүүлсэн. Тухайн зөвлөмжинд гүтгэхтэй холбоотой зүйл заалтыг Эрүүгийн хуулиас хасч, иргэний хуулиар шийдэх ёстой гэсэн байгаа. Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр заалтаар хувь хүнийг хоёр сая төгрөгөөр, байгууллагыг 20 сая төгрөгөөр торгодог. Өнөөдөр үнэндээ Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд 20 сая төгрөгийн торгуулийг дааж чадах уу гэдэг асуудалтай. Мөнгөн торгуулийг байгууллага төлөөгүй, зөвхөн сэтгүүлч төлсөн байгаа юм.

Мөн Зөрчлийн тухай хуулиар иргэн гомдол гаргасан нь бол сэтгүүлч өөрөө заавал гүтгэсэн эсэхээ нотлох ёстой байгаа юм. Гомдоод байгаа юм бол гомдож байгаа тал нь гомдлоо батлах ёстой баймаар. Гэтэл сэтгүүлч рүү бүгдийг “тохож” байна. Тиймээс 6.22 дахь зүйл заалтыг илүү нарийвчлах хэрэгтэй. Зөрчлийн тухай хуулийн 6.21 дахь зүйл заалтыг авч, хаяаад иргэний хуулиар шийдээч гэж хүсэх байна” гэсэн юм.

Зөрчлийн тухай хууль 2017 оны долоодугаар сарын 1-нээс хууль хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн. Тухайн оны арванхоёрдугаар сарын 31-ныг хүртэл хугацаанд гүтгэх зөрчил 28 бүртгэгдсэнээс 28 хүнд 542 сая төгрөгийн торгууль оногдуулсан байна. Зөвшөөрөлгүй гэрэл зураг авч, дуу, дүрсний бичлэг хийсэн зөрчил бүртгэгдээгүй аж.

Харин энэ оны эхний таван сарын байдлаар цагдаагийн байгууллагын хэмжээнд 631 мянга 679 зөрчил бүртгэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 30.6 хувиар өссөн үзүүлэлт аж. Бүртгэгдсэн зөрчлийн 77.0 хувь нь нийслэлд 22.9 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна. Зөрчлийн 99 хувийг нь шийдвэрлэжээ. Зөрчил гаргасан 622 мянга 295 хүн, 183 хуулийн этгээдэд 18.8 сая төгрөгийн торгууль оногдуулсан байна.

Зөрчлийн тухай хуулийн гүтгэх буюу 6.21 дүгээр зүйлд заасан зөрчил энэ оны эхний таван сард 205 бүртгэгджээ. Үүнээс 31 хүн, 2 хуулийн этгээдэд 642 сая төгрөгийн торгууль оногдуулсан байна. Харин зөвшөрөлгүй гэрэл зураг авах, дуу дүрсний бичлэг хийх тухай Зөрчлийн тухай хуулийн 6.22 дугаар зүйлд заасан зөрчил бүртгэгдээгүй байна.

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр “Зөрчлийн тухай хуулийн 6,21-т заасан Гүтгэх доромжлох тухай заалттай холбоотойгоор сэтгүүлчийн эрх  ашиг болон, мэргэжлийн эрх ашиг зөрчигдөж байгаа тохиолдлууд гарч байна. Тухайлбал, дүрс бичлэг хийх бүрийд хориод байж болохгүй. Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон иргэний мэдэх эрх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, хэвлэн нийтлэх үйл ажиллагааг зөрчсөн буюу хуулийнхаа суурь үзэл баримтлалтай зөрчилдөж байна гэдгийг олон хуульчид хэлж байгаа.Тиймээс Зөрчлийн хуулийн тухай хэлэлцүүлгийг зохион байгуулж, тулгамдаад буй гүтгэх доромжлох гэсэн заалт амьдрал дээр хэрхэн хэрэгжээд байгаа талаар сэтгүүлчдээс үзэл бодлыг нь сонсч байна” гэлээ.

Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийн байгуулагдаад гурван жил болж байна. Гурван жилийн хугацаанд нийтдээ 65 хэвлэл мэдээллийн байгууллагад хаягласан 134 гомдлыг хүлээн авчээ. Гомдлуудаас ихэнхи нь буюу 86 хувь нь онлайн буюу цахим мэдээллийн вэбсайтуудад хандсан байна. 134 гомдлоос дөрвөн гомдол алдаа гаргаагүй гэдэг дүгнэлт гарчээ. Үүнээс 93 гомдол нь ёс зүйн алдаатай гэсэн дүгнэлт гарсан бөгөөд найман хэвлэл мэдээллийн байгууллага албан ёсоор залруулга гаргаж, уучлалт гуйсан аж. Мэдээллийг нягталж шалгадаггүйтэй холбоотой ёс зүйн алдаа Хэвлэл мэдээллийн зөвлөлд ихээр ирдэг байна.

Хүн бүр нэр хүнддээ хайртай. Түүнийг гутаахгүй, сэвтээхгүй амьдрахсан гэж хүсдэг нь мэдээж. Нэр төр гутаахтай холбоотой асуудлыг Эрүүгийн хуулиас хасч, иргэний хуулийн хүрээнд шийдвэрлэх нь зөв. Үгүй бол хэвлэн нийтлэх эрх чөлөө алдагдаж, сэтгүүлчид “дугарах” эрхгүй болоод байгааг хэлэлцүүлэгт оролцсон сэтгүүлчид хэлж байлаа.

Аливаа нэгэн шүүмжлэлт илэрхийлэл нь нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон үйлдэл болж, зарим тохиолдолд тухайн хувь хүн, байгууллагыг оршин тогтнох боломжгүй болгох хүртэл нөлөөлж болохуйц, ялангуяа улс төрчид, өндөр албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 6.21 дэх зүйл заалтыг сэтгүүлчдийг айлган дарамтлах хэрэгсэл болгон ашиглаж байна.

Г.Тэгшсүрэн


URL:

Нэр: Moict Огноо: 2 October 2018

business plan writers in ga

48a4 help writing phd proposal

Сэтгэгдэл бичих