Э.Бат-Үүл: Ардын намын гишүүн өлсгөлөн зарласан бол би шоолоод инээхсэн
Ардчилсан хувьсгалын20 жил гээд алдаа оноогоо дүгнэж цэгнэхэд хангалттай хугацаа өнгөрсөн. АН-ын хувьд үйл ажиллагаандаа ямар дүгнэлт хийв?
-Ардчиллыг хүмүүс өөр өөрийнхөөрөө үнэлдэг. Энэ 20 жилд ардчилал нэмэх оноо авах талдаа байгаа болов уу гэдэгт би огт эргэлздэггүй. Социалист нийгэмдээ байсан бол хамаагүй дээр байсан гэж ярьж байгаа улс тааралддаг л юм. Тийм улсууд юу гэж дүн тавих вэ, тавибал муу дүн тавина. Тэдэнтэй яриад байх юм байхгүй. Ямар ч гэсэн АН энэ 20 жилд эхлүүлсэн ардчилсан хувьсгалынхаа үйл хэргийг үргэлжлүүлээд тэр ардчиллаа улам бүр төлөвшүүлэх үйлсийн төлөө тууштай явсаар ирсэн, одоо ч тууштай явж байгаа. Мэдээж янз бүрийн шүүмжүүд яригдах байх. Гэхдээ ямар ч байсан манай нам эхлүүлсэн үйл хэргээ үргэлжлүүлээд явж байгаа.
-АН-ыг үйл ажиллагаанаасаа гажсан гээд байдаг. Байнга л МАН-тай эвсээд явж байна. 2004 оны сонгуулийн дараах бүдүүн бүлгийг санаж байгаа байх. Одоо ч ялгаагүй,хамтраад нэг Засгийн газарт ажиллаж байгаа?
-АН улс төрийн намын хувьд ардчиллаа төлөвшүүлэхийн төлөө явж байгаа. Улс орныг удирдах асуудал дээр ямар байдлаар оролцох вэ, яах вэ гэдэг нь тухайн сонгуулийн үр дүнгээр янз янзаар л яригдаж ирсэн. Өнөөдөр би ийм,тийм байна гэсэн шүүмж хэлмээргүй байна. Бид нэг л юмыг ойлгох хэрэгтэй. Бид эрх чөлөөтэй байна, ямар ч байсан хэлсэн үгийнхээ төлөө буудуулахгүй, төр засгаа өөрсдөө сонгож байгуулдаг боллоо, өөрийн өмчтэй болсон. Энэ бүх зүйл байж л байна. Би 20 жилийн ойн босгон дээр ийм зүйлүүдийг бардам хэлж байгаадаа таатай байна. Ардчиллын үнэ цэнэ Монгол оронд улам бүр нутагшиж байна.
-АН-ын даргыг огцруулахын тулд Хасбаатар гэдэг залуу өлсгөлөн зарлаж, тууштай тэмцэхээ илэрхийлээд байгаа. Үүнийг та яаж хүлээж авч байна?
-Энэ ертөнцөд шүүмжлэлд өртдөггүй цөөхөн зүйл байдаг юм. Бурхан бол шүүмжлэлд өртдөггүй. Яагаад гэвэл төгс учраас. Чулуу бол шүүмжлэлд өртөхгүй, яагаад гэвэл амьгүй учраас. Ургамал цэцгийг хүн шүүмжлэхгүй. Оюун ухаант хүмүүсийн аливаа үйл ажиллагаа, бий болгосон байгууламж нь байнга л шүүмжлэлд өртдөг. Хүн төрөлхтөн хаана, хэн ч шүүмжлэхийн аргагүй төгс юм хийж чадаагүй. Япон хөгжилтэй л гэнэ. Тэнд шүүмжлэх юм зөндөө л байна. Гэхдээ шүүмжлэлийг хүч тулгаж, “Болио, чи болихгүй бол би өлсгөлөн зарлана” гэж дайрах нь ардчилсан нийгэмд явагддаг арга биш. 1990 онд шүүмжлэлийг хүлээж авдаггүй, шүүмжилсэн улсуудыг аваачиж бууддаг, цөлдөг, ялладаг, дарангуйллын дэглэмийн эсрэг өлсгөлөн зарлаж байсан. Тэр дэглэмийг халахын төлөө бид өлсгөлөн зарлаж байсан. Байгууллагын даргаа огцруулахын тулд ажилчид нь өлсгөлөн зарлаж байна. Хасбаатарын өөрийнх нь сонголт л юм биз дээ. Намын даргаа огцруулахын тулд нам дотор өлсгөлөн зарлаж байна гэдгийг сонсоод гайхсан. Англи, Германы улс төрийн намын гишүүд нь намынхаа даргыг огцор гэж өлсгөлөн зарлаж байна гэж сонссон уу.Хүнийгалбан тушаалаас нь огцруулахын төлөө өлсгөлөн зарлана гэдэг нэр төр муутай хэрэг, инээдэмтэй ч хэрэг. Дэглэмийн эсрэг, ардчиллын төлөө, үзэл санааны тэмцлийн төлөө, дарангуйлагчийг буу гэж өлсгөлөн зарлаж байвал эр зоригийн асуудал. Одоо Хасбаатар өлсгөлөн зарлахад хэн ч аваачиж шоронд хийхгүй, хэн ч аваачиж буудахгүй, тийм эрсдэл байхгүй. Айгаад байх юм байхгүй. Тэр үед өлсгөлөн зарлаж байгаа улсуудад зориулаад шорон бэлдчихсэн байсан, танкаар дайрах гэж танк бэлдчихсэн байсан үе шүү дээ. Дэглэмийн эсрэг тэмцлийн хэлбэрийг зүгээр л байгууллагын даргыг огцруулах тэмцлийн хэлбэр болгосон нь одоо юу гэмээр ч юм бэ дээ. Би бусад намын гишүүдээс үнэнхүү их ичиж, зовж байгаа. МАН-ынхандаргаа огцор гээд Ардын намын гишүүн өлсгөлөн зарласан бол би шоолоод инээхсэн. ИЗН-ын дарга Оюуныг огцруул гээд намынх ньгишүүд өлсгөлөн зарлавал би бүр элгээ тэврээд уначихна. Тэгсэн чинь манай намын гишүүн ийм үйлдэл хийнэ гэхээр уйлахад ч хэцүү, инээхэд ч хэцүү болчихоод байгаа юм. Ярихад ч хэцүү юм байна. Би өлсгөлөн зарлах гэж байгаа залуусыг чичлээд баймааргүй байна. Тэртэй тэргүй ардчилсан нийгэмд амьдарч байгаа. Энэ нийгэмд хууль бус үйл ажиллагаа хийгээгүй л бол, тэр хүн хийх ёстой зүйлээ хийнэ, өөрийнхөө сонголтоор явна. АН-ын даргыг огцор гээд өлсгөлөн зарлаж байгаа нь хуулиар хориглосон зүйл биш. Тийм болохоор янз бүрээр буруутгах сонирхол надад алга. Ямар ч өчүүхэн зүйлийн төлөө өлсгөлөн зарладаг юм бэ гэж бодож байна.
-АН улайраад, МАН цэнхэртээд байгаа гэсэн шүүмжлэлийг та юу гэж боддог вэ?
-Энэ тухай санаа зовж л байна. МАН өнөөдөр нийгэмд болж байгаа улс төрийн дахин хуваарилалтыг их соргог олж харж, санаачлагыг нь аваад түрүүлээд яваад байхаар миний шар гозойгоод байна. МАН өнөөдрийн цаг үеийн байдлыг ойлгоод ийм хурдан хөдлөөд, санаачлага аваад, улс төрийн хүрээний дахин хуваарилалтыг олж хараад явчихсан. Гэтэл бид даргаа огцор гээд өлсгөлөн зарлаад сууж байна гэхээр миний хувьд гол харлаад байх юм.
-Хуучин Москвад найтаахад Улаанбаатарт ханиад хүрдэг гэгчээр, одоо С.Баяр найтаахад, Э.Бат-Үүл гишүүн өвддөг болсон гэлцэх юм?
-Баяр бид хоёрыг холбоод байна. Холбоё гэвэл хэнийг холбож, хамаатуулж болно. Янз бүрээр зохиогоод ярьж байна. Үнэндээ бол Баяр найтаагаад, би ханиагаад байгаа юм ерөөсөө байхгүй. Баяр бол Ардын намын хүн. Баярыг би хэзээ ямагт өрсөлдөгчөө гэж бодно. Боломж гарвал түүнийг шүүмжлэх л болно. Баярыг улс төрийн зоригоо хэрэгжүүлэхэд би болж өгвөл саад хийхийг бодно. Баярын цаана нам нь байна, миний цаана миний нам л байна. Өрсөлдөж байгаа хоёр намын хүний нэг нь найтаахад, нөгөө нь ханиад хүрнэ гэж байхгүй л дээ. Баяр бид хоёр хар багаасаа нэг нэгээ танина, найзууд. Одоо бие биенээ харчихаад зугтаад булангийн цаагуур тойроод байлтай нь биш дээ. Мэндлэхгүй, юм ярихгүй гэлтэй нь биш. Одоо коммунистуудын 70 жил хийсэн гай гарч ирээд байна л даа. Хоёр өөр нам бол заавал дайсан байх ёстой гэдэг. Ардчилсан нийгэмд тийм юм байхгүй шүүдээ. Бие биенийгээ ардын дайсан гэж үзэж, салхин доогуур нь ч гардаггүй тэр цаг үе өнгөрсөн. Улс төрийнхөө зарчимд би ч хатуу байдаг, Баяр ч хатуу байдаг. Баярын үйл ажиллагаанд шүүмжлэх юм бий. Баярыг анх хамтарсан Засгийн газар байгуулахад би эсэргүүцэж байсан. Тухайн үеийнх нь нэрээр ярья л даа. “Энэ МАХН ерөөсөө шүүмжлэл, хяналтанд дургүй ээ. Ийм учраас манай намыг барьцаанд авч байна. Ийм атгаг санаатай улс төрийн бодлогоо болиоч энэ тэр” гээд л би шүүмжилж байлаа. Гэхдээ би мянга шүүмжиллээ ч гэсэн манай намын удирдлага яриад шийдвэрээ гаргачихсан. Нэгэнт шийдвэр гаргачихаар би яах юм, өлсгөлөн зарлаад суух юм уу. Би дарангуйлагч дэглэмийн эсрэг өлсгөлөн зарлана, амь насаа ч зориулна. Зүгээр ардчилсан нийгэм дотор хууль дүрмийн хүрээнд явагдаж байгаа шийдвэрийг надад таалагдахгүй байна гээдөлсгөлөн зарлаад байвал юу болох вэ.
-МАХН-ын Бага хурлын гишүүд дотор маш их өөрчлөлт орж байна, хэдэн ч үе солигдов. Гэтэл АН-ын ҮЗХ-нд нөгөө л Н.Алтанхуяг, Р.Гончигдорж, Да.Ганболд, Лу.Болд, бас“казино” хочитнууд гээд бараг л өөрчлөлт ордоггүй. Гэтэл МАН үе солигдож, Монголын тэргүүн баячуудын 80-аад оны хүүхдүүд Бага хуралд нь багтлаа?
-Би нэг л юм хэлдэг. Пээ,тэр Тэмүүжин шиг тодорхой итгэл үнэмшилтэй, зарчимтай, бодлоготой, сайхан залуучууд гараад ирээсэй гэж л гуйгаад байгаа юм. Хүрээд ирээчээ, АН-ын байр суурь, боломжийг ашиглаад, хийх ёстой зүйлээ хийгээчээ гээд. Тэгвэл би үтэр түргэн тэтгэвэртээ гармаар байна. Тэмүүжин шиг цөөхөн залуучууд нь тов тодорхой зорилго, зарчимтай, хийх гэж байгаа ажлынхаа утга учрыг ойлгосон байх хэрэгтэй байгаа юм. Гэтэл ихэнх нь албан тушаал яриад яаж ийж байгаадхурган дарга хийчих гээд л үзээд явцуу юм яриад байдаг. Тэр дарга болчихлоо, би яагаад болдоггүй юм гээд байдаг. Тэр нь харамсалтай. Уг нь залууст хэлэхэд энэ нийгэмд өөрчлөх юм зөндөө байна. Тэрийг л би хүсээд байгаа юм.
-Асуудал та бүхэнд байгаа юм биш үү. МАН-ын генсек У.Хүрэлсүх гэхэд баахан залуусыг татаж авчраад одоо тэд нь УМХГ, Монголбанк гээд л хаа сайгүй ажиллаж байна. Нам нь дуудвал гүйж ирээд л. МАН-ын дарга С.Батболд ч гэсэн залуустай сайн ажилладаг?
-Би үсээ будаж ёстой чадахгүй байхаа. Тэгж залуу харагдах гээд юу гэхэв. Би албан тушаалаас зүүгдээд, энэ намыг өмчлөөд, залуусыг орж ирэхээр нь хөөгөөд туугаад байдаггүй. Хэзээ ч тийм алхам хийж үзээгүй.Би ямар нэгэнзалууг халамжлан хүмүүжүүлэх гэж гүйхгүй. Зохиомлоор энэ залууг өөд нь татъя гэж хэзээ ч ярихгүй. 1990 онд ардчилсан хувьсгал хийж байхдаа бид хэнээр ч халамжлан хүмүүжүүлж байгаагүй. Бид өөрөө өөрийнхөө зүрх сэтгэлийн дуудлагаар л явж байсан. Жинхэнэ улстөрчид өөрөө өөрийнхөө зүрх сэтгэлийн дуудлагаар л явна.
МАН чинь хэзээнээсээ, бүр коммунист нам байх үедээ залуус хойч үеэ халамжлан хүмүүжүүлдэг байсан юм. Дааж аваад л, чиглүүлээд, орлогч болгоод, жинхлүүлдэг байсан юм. Тэр аргаа тавихгүй байгаа байх л даа. Бид бол тэгэхгүй. Үнэхээр сүрхий юм бол гараад ир. МАН-д залуучууд очоод халамжлуулаад байгаа бол тэдцаашаа явахгүй. Хэн нэгнээр халамжлуулсан хүн хэзээ ч хол явдаггүйюм. Халамжлуулаад аль нэг албан тушаалд очсон хүн, бэртэгчин залуучууд хол явахгүй. Нэг бэртэгчин залуу Ардын намд орвол би баярлана. Хүн төрөлхтний түүхэнд бэртэгчин хэзээ ч улс төр хийж чадаж байгаагүй, улстөрч ч болж чаддаггүй.
-2012 оны сонгуулийг юу гэж бодож байгаа вэ. Хамтарсан чигээрээ орох уу?
-2012 оны сонгуулиар долдугаарсарын 1-ний үйл явдал дахинбитгий болоосой. АН ялсан ч бай, МАН ялсан ч бай санал хураалт нь үнэхээр шударга болоосой гэж хүсч байна. 2012 онд дахиад луйвар, будлиан явбал долдугаарсарын 1 байтугай ардчилал төрт ёс нь сүйрэх тийшээгээ явна. Би сонгууль шударга болоосой гэж залбирч байгаа. Шударга болоод МАН ялбал баяр хүргэнэ. Ард түмэн МАН-ын төлөө саналаа өгсөн бол бид яах юм. Тэгээд би өлсгөлөн зарлаад суух юм уу.
-Одоо АН,МАН хоёр тэврэлдэж явсаар байтал ялагдаж, ИЗН, Ногоон нам, мөн танайхаас үсэрсэн цус, тасарсан мах болох М.Энхсайханы нам тэргүүтэй гуравдагч хүчин 2012 онд ялчихвал яах вэ?
-АН, МАН тэврэлдэж явсаар байгаад орон зайгаа алдаж, гуравдагч хүчин гараад ирвэл одоо яая гэхэв. Та хоёрын хохь гэж хэлнэ дээ. Нэг оронд орсныхоо гайгаар гуравдагч хүчин төрүүлсэн бол, навсайтлаа ялагдсан бол бүр хохь нь. Яагаад гэвэл,ард иргэд сөрөг хүчнийг нэхсэн л байна. Одоо сонгогчид хэний төлөө саналаа өгнө, тэр л ялна. 2012 онд АН-аа ялуулахын тулд өөрт байгаа бүх л бололцоог дайчлан ажиллана. Намаа ялаасай гэж өдөржин шөнөжин залбирч байна. Би хувьсгалт намтай хамтарсан нь буруу гэж боддог. Хамгийн гайхалтай нь судалгаа хийгээд үзсэн чинь олон нийт улс төржилгүйгээр хоёулаа нийлээд явсан нь зөв гэсэн нь их байна. Салаад сөрөг хүчин болсон нь дээр гэхээр намайг маш олон иргэнзагнасан.“Дандаа ингэж улстөрждөг, 20 жил улстөржлөө. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй” гээд намайг зад загнаж байна. 2012 онд манай нам ялаасай гэж мөрөөдөж байгаа. Хэрэв манай нам ялбал МАН шиг нялуурч хамтарсан Засгийн газар байгуулахгүй. Шууд хөөгөөд л, сөрөг хүчнийхээ суудалд суу гээд явуулна.
-2012 онд манай нам ялагдвал Алтанхуяг хүссэн хүсээгүй чөлөөлөгдөх хүсэлтээ өгнө. Чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхгүй бол Хасбаатартай нийлж өлсгөлөн зарлана. Ичихгүй. Ардчиллын зарчим зөрчиж байгаа болохоор ичихгүй. Манай намын дүрмээр даргын асуудлыг сонгуулийн үр дүнгээр шийддэг. Түүний дараа би цагаан толгойтой гэж ичилгүйгээр намын даргад өрсөлдөх болно. Гэхдээ би 2012 онд манай нам ялна гэж бодож байгаа. Судалгаагаар манай намын рейтинг өндөр гарсан. Бид олон түмэн рүүгээ хүрээд жаахан ажиллачихвал ялна.
-Тэгэхээр Н.Алтанхуяг дарга Ерөнхий сайд болох уу. Нам дотор чинь түүнд дургүй хүмүүс байдаг?
-Тэгнэ. Манай намын дүрэм юм чинь. Аливаа улстөрч бүх хүнд таалагдана гэж байхгүй. Хэрвээ бүх хүнд таалагддаг хүнийг АН-ын даргаар тавья гэвэл Брэд Питтийг авчирч тавих уу. Надад дургүй хүн ч зөндөө байгаа. 2002 оны тракторчдын жагсаал хотод орж ирэх үеэр тэсэлгүй нэг хүн тагтан дээрээ гарчихсан “Бат-Үүлээ үхээчээ, үхээд өгөөч” гээд орилоод байсан.Ер нь тийм улс зөндөө байдаг.Хувь хүний хувьд надад дургүй хүн зөндөө бий.
-АН-ын дарга Н.Алтанхуяг яагаад Топ 10 улстөрчид багтдаггүй юм бол.Л.Гүндалай гишүүн, “Буян”-гийн Жаргалсайхан нар л байнга багтдаг?
-Хараад байхад их олон хүн үзэгдэлд дуртай юм. Үзэгдэл болж байгаа хүнд дуртай. Тэр хүн нь ажил хэрэгч, тэнэг үү, яахаа алдсан цайрсан амьтан байна уу, хамаагүй. Би Топ 10-т ороход амархан. Нэг том үзэгдэл, шоу хийхэд автоматаар ороод ирнэ.
Ярилцсанд баярлалаа.
Ч.Өлзий
URL: