Хас цэцэгийн дууль /Өгүүллэг/

31414

Болороо охин “Соёолж” компаний сараалжин төмөр хашааг даган мөнгөө гартаа чанга атган гүйж явлаа. Уг нь ээждээ бэлэг авч өгөхөөр цуглуулж байсан мөнгөний гахайгаа өнөөдөр хага цохин доторх мөнгийг нь атган ийнхүү гүйж яваа билээ. Болороо – Ээж загнавал ч загнаг гэж амандаа үглээд цэцгийн дэлгүүрийн том хаалгаар алхан орлоо. “ – Ганцаараа гадагшаа явлаа, мөнгөний гахайгаа хагаллаа гэж ээж нь загнана гэдгийг тэр сайн мэдэж байсан ч айх юм түүнд байсангүй. Болороод хамгаас хайртай өвөө нь мөхөөлдөс ч юм уу өөр юухан хээхэн барьсаар “– Миний бөндөөлөй хаана байна гэсээр ирэх нь хэрэгтэй байлаа. Ирээгүй бараг сар болжээ. Болороо өвөөгөө тун ч их санаж байлаа. Ээж нь “ – Аав ирэхээрээ мөхөөлдөс битгий авчирч бай! наадахны чинь хоолой нь өвдчихнө” гээд өвөөг нь загнахад өвөө нь ээжийнх нь нүдийг хариулангаа Болороо руу хэлээ гаргаж нүдээ ирмэн толгойгоо бөнжигнүүлээд хуруугаараа анхааруулан хөсөмсгөө атируулан дохидог нь их л зугаатай сайхан санагддаг юм. Амьхандаа өвөөтэйгөө хуйвалдаж байгаа ухаантай юм. Өвөөгийн мөхөөлдөс даан ч гоё. Бас өвөөгийнх нь ярьж өгдөг үлгэрүүд их гоё. Өвөө нь Болороог хэзээ ч загнахгүй. Бас удаан байхгүй. Чихэр жимсээ өгөөд жаахан үлгэр домог ярьж өвөр дээрээ баахан суулгаж үнэрлэж байгаад явна. Өвөөгийн тамхины утаа бас гоё үнэртэй. Ээж бас л загнана –Аав хүүхэд авахдаа битгий тамхи татаад байл даа. Өвөө инээгээд – Чи муу аавын минь тамхины утаан дунд л өвөр дээр нь сууж байдаг байсан. Муу болчихсон юм юу байна. Миний охин ийм хөөрхөн бас аавдаа ийм хөөрхөн бөндөөлэй гаргаад өгчихсөн байна гэхэд ээж мушилзан өвөө рүү хараад юу ч дуугаралгүй эргэн алхдаг билээ.
Эртээ урьд цагт Газарын хаан хүүдээ эхнэр авч өгөхөөр шийдээд Тэнгэрийн хаан, Лусын хаадыг гүнж, дагинсаа дагуулан ирэхийг санал болгож гэнэ. Тэнгэр, Газар, Лусын хаадын уулзалт нижгэр болж гурван өдөр дараалан бороо орж байгаль дэлхий урьд байгаагүйгээрээ сэргэж цэцэг, жимс үлгэрийн юм шиг ургаж байв гэнэ. .Газрын хааны хүү царай зүс сайтай, нуруу туруу тэгш сайхан хүү байсан тул. Урилагаар ирсэн Тэнгэрийн хааны охин, Газрын хааны хүүг хармагц сэтгэл алдран ааваасаа Газрын хааны хүүтэй гэрлүүлж өгөхийг гуйжээ.Тэнгэрийн хаан зөвшөөрөөгүй тул гүнж аавдаа гомдон уйлж суусаар “Хас” цэцэг болон хувирчээ. Найр өндөрлөхөд Тэнгэрийн хаан охиноо эрж хайгаад олохгүй аргаа ядан буцахаар явахдаа Газрын хааны үүдэнд цэцэг болон ургасан хайртай охиноо хараад өрөвдсөн хаан тасдаад авч зүрхлэлгүй үлдээхээр болохдоо тэсэлгүй уйлж ганц дусал нулимс унагахад тэр нь “Хас” цэцгэн дээр дусаж өргөс болон ургажээ. Өөрийн гүнжээ муу муухай бүхнээс хамгаалах гэсэн аавын сэтгэлийн нулимс ийнхүү өргөс болон ургасан юм. Өвөөгийн үлгэр дуусахгүй. Ирэх тоолондоо ямар нэгэн үлгэр домог хэлж өгнө. Ээж сайхан зантай үедээ өвөөд ганц шил архи гарган өгнө. Өвөө – Архи гэдэг чинь бурханы ундаа юм шүү дээ. Манайхаас өөр архийг муулж уудаг улс байхгүй. Ямарч юмыг магтаж сайшааж хэрэглэвэл аршаан болно гээд их л таашаан уугаад улам л сайхан зантай болж ээжид нь бас аавд нь , өөрт нь мөнгө гарган өгч том багагүй бүгдийг нь үнсээд гарч явна. Охин цэцэг худалдагч бүсгүйд ойртон очлоо.
-Эгчээ танайд “Хас цэцэг” байгаа юу.
– Байхгүй ээ. Охин урамгүйхэн буцаж алхав
Цэцэг худалдагч бүсгүй охиныг хараад “ Хас цэцэг. За байз миний дуулаагүй цэцэг байх юм. Энэ охин нэг л ундуу царайтай явна. Нэг л хэрэг болж дээ гэж бодоод
–Миний дүү тэр цэцэгээр яах гээв хэмээн араас нь чангаар асуув.
Охин эргэн ирээд – Өвөө маань өвдчихөөд ирэхгүй байгаа юм . Өвөөгийн надад ярьсан үлгэрт үргэлж мөнхийн “Хас цэцэг “ өвчин бүрийг эдгээдэг гэж гардаг юм гээд нүдэнд нь нулимс бөнжигнөн гарч ирэв.
Худапдагч бүсгүй охины нулимсыг хараад яахаа мэдэхгүй балмагдан сандарч дэмий л – Эгчид нь яг одоо “Хас цэцэг” байхгүй. Тэгэхдээ эгчид нь “Хас цэцэгийн үр нь байгаа. Хоёулаа хамт тарих уу. Чи ургахаар нь өвөөдөө аваачиад өгчих гэж амандаа орсон үгийг хэлж орхилоо. Охин баярлан бүсгүйд мөнгөө сарвайн өгөхөд бүсгүй мөнгийг тоолж ч үзсэнгүй хармаандаа хийгээд цааш эргэн цэцгийн сав авчирч зүгээр л гарт таарсан нэг үрийг гарган охинтой хамтран цэцгээ суулгав.
Охин цэцэгээ энгэртээ тэврэн гарахад бүсгүй охины араас харсаар хоцорлоо.
Цонхон дээр тавьсан цэцгийг өдөр болгон усалсан ч ургаж өгсөнгүй. Бүтэн өдөржин цэцгээ харсаар заримдаа цонхны давцан дээр суусаар ядарч тэндээ суугаагаараа унтсан охиноо аав нь сэмхэн өргөж өрөөнд нь оруулан оронд нь зөөлхөн хэвтүүлэхэд өдрөөс өдөрт турж эцсэн жаахан охин сэрэх янзгүй унтсаар үлддэг юм. Аав ээж нь охиноо яагаад цэцэг авсан, яах гэж байгаа юм гэж огт асуусангүй. Ямарч гэсэн өвөөгөө санаад байгааг нь мэдэж байлаа. “ – Өвөө яагаад ирэхгүй байгаа юм” гэж охины асуухад нь “ – Өвөө нь хол юманд явсан удахгүй ирнэ” гэж хэлсэн ч охин өвөөгөө эмнэлэгт өвдөөд хэвтсэнийг тэдний хоорондын яриа болоод бусад хүмүүстэй ярьсан ярианаас мэдсэн гэдгийг гадарлаж байлаа. Охины ээж эмнэлэгт байгаа аавдаа “- Охин таныг санаад байх шиг байна, дагуулаад ирдэг юм уу?” гэхэд өвгөн тамир муутай нүдээ өргөн охин өөдөө харж “ Би муу Бөндөөлэй дөө ийм муухай харагдмааргүй байна. Миний Бөндөөлэйг битгий авч ирээрэй” гэсэн тул өөрсдөд нь хэлэхгүй ч илт хоол унднаас гарч бэтгэрсээр байгаа охиноо дэмий л өрвдөхөөс цаашгүй. Харин сүүлийн үед аавынх нь бие харьцангуй наашилж байгаа нь бага ч гэсэн тайвширах сэтгэгдэл төрүүлнэ.
Цэцэг худалдагч бүсгүй цэцгийн католог гарган хичээнгүйлэн хуудас эргүүлэнгээ “ – Хас цэцэг, хас цэцэг гэж амандаа үглэн хайж байснаа ашгүй цэцгийн тайлбарыг оллоо. “ Дорно дахины гоо сайхны билигдэл “ Цагаан хас” цэцгийг монголоор “ Хас хатгуур” цэцэг гэх бөгөөд өндөр иштэй, анхимал сайхан үнэртэй, нарийн шүхэр бүхий гоё цагаан цэцгийг хэлдэг аж” хэмээн уншлаа.. Хаалга тогшив. Охины ээж хаалга онгойлгоход цэцэг тэвэрсэн бүсгүй – Энэ “Хас хатгуур” цэцэг. Хэрэг болох эсэхийг мэдэхгүй юм. Би танай охинд өөр цэцэг зарчихсан юм. Уучлаарай гээд эргэн алхлаа.
Алтан наран бүхнийг гийгүүлсэн сайхан өглөө байлаа. Охин ухасхийн босож цэцэгээ харахад цэцэг дэлбээлэн ургасан байсанд баярлан гүйж Ээжээ ааваа өвөөдөө очъё! Миний цэцэг ургасан гэж өрөө дүүрэн цангинуулав. Яг энэ үед гадна хаалга онгойн аав нь өвөөг нь дагуулсаар орж ирэв. Охин сандран гүйж цэцгээ авч ирээд – Өвөө энэ өвчин бүрийг анагаадаг “Хас цэцэг” би таньд өгөх гэж тарьсан хэмээн шулгануулахад нэг хүний амьдрал гэхэд дэндүү ихийг үзэж туулан хатуужсан өвгөний хэзээ ч уйлдаггүй болов уу гэж бодогдох бага зэрэг гуниг шингэсэн ухаалаг нүдэнд нулимс торохуй “ Өвөө нь өвдөөгүй ээ. Миний бөндөөлэй “ гээд өвдөг нугалан сууж хэдийгээр саяхан эмчлүүлээд тамирдаж ядарсан ч охин байтугайг өргөж дийлэх хүчирхэг гараар охины суганаас өргөн авч духан дээр нь үнслээ. Охин өвөөгийнхөө чихэнд – Өвөө би танд хайртай. Та дахиж намайг битгий орхиж яваарай гэхэд
Өвгөн “- Өвөө нь Бөндөөлэйдээ мөхөөлдөс авч амжсангүй хэмээн бувтнав.
Охин “ – Өвөө маань л ирж байвал мөхөөлдөсгүй байсан ч хамаагүй ээ хэмээн бодлоо. Амьдрал гэдэг хайр юм шүү дээ.

Д.Батболд


URL:

Сэтгэгдэл бичих