Товчхон хэрнээ том асуудлыг ил гаргасан захиас буюу улстөрчдийн арын өрөө…

gbrttgӨнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дөрвөн гишүүнийг шинээр томилох тухай асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр  УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: “Шинээр томилогдож байгаа хүмүүст хэлэхэд, улстөрчдийн арын өрөөнд битгий согтуу таараарай. Өмнөх гишүүд чинь таарч байсан шүү. Улстөрчидтэй битгий наймаа хийж найзархаарай”  хэмээн захив.

Эрхэм гишүүний энэ үг товчхон хэрнээ том асуудлыг хөшигний цанаас ил гаргалаа гэж олзуурхмаар.  Арын өрөө… Анхаарах л асуудал юм байна.

Тэнд юу болдог нь дээрх үгэнд тов тодорхой байна. Хэрэв танд улстөрчдийн арын өрөө рүү орох завшаан тохиовол тэнд хэн нэгэн нэр нөлөө бүхий нөхөр улаа бутарчихсан сууж байхтай таарах магадлал тун өндөр юм байна. Яахав дээ, хүний амьдрал юм чинь ийм юм байх шүү дээ гэж ууч сэтгэл гаргаж болох ч энэ нь шууд утгаараа ажлын байран дээрх архидалт гэсэн үг.

Арын өрөөг архи уудаг газар гээд ойлгочиход хэтрүүлэг болохгүй юм шиг байна. Л.Оюун-Эрдэнэ гишүүний  хэлсэн үгнээс лавтайяа Үндсэн хуулийн цэцийн өмнөх зарим гишүүд улстөрчдийн арын өрөөнд архи үнэртүүлсэн бус бүр согтуу таарч байсан нь тодорхой  болж байна.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг товчхоноор Үндсэн хуулийн манаач гэж тодотгож болно. Өөрөөр хэлбэл хуулийг сахиулах явдал. Гэтэл мөнөөх хууль сахиулагч маань хуулийнхаа дээгүүр гишгэж, улстөрчдийн арын өрөөнд согтуу байсан гэж бодохоор “Көк тэнгэр минь, энэ чинь юу вэ” гэж уулга алдмаар ч юм шиг.

Монгол хуулийн засаглалтай улс. 2000 онд анх баталж, хэд хэдэн удаа шинэчлэн найруулж сайжруулсан “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль” гэж бий. Мэдээж хэрэгжүүлэх гэж, сахин биелүүлэх л гэж ийм хууль баталсан байлгүй дээ.

Энэ хуулийн 7.1.1 дүгээр зүйлд “Төрийн болон төрийн бус байгууллагын албан байранд  согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно” гэсэн  заалт цагаан дээр хараар тодоос тод зурайж байгаа. Хуулийн энэ заалт улстөрчдийн арын өрөөнд ороод л “ноён нуруу” нь хотолзож, эрх мэдэлтнүүдийн ажлын байран дээрх архидалтын өмнө хүчгүйддэг бололтой. Улстөрчдийн амралтын өрөө бол албан ажлын байрных нь нэг хэсэг, төрийн ажил явуулах орон зай. Тэгэхээр тэнд архи согтууруулах ундаа хэрэглэх нь хуулиа  зөрчсөн үйлдэл болж таарна.  Хэрэв, хөөрхий Дорж  шарталтаа тайлах гээд ганц шил 33 авчихаад модны сүүдэр бараадан цааш нь харуулж байгаад баригдвал нийтийн эзэмшлийн гудамж талбайд архи хэрэглэсэн хэргээр гэм зэмээ эдэлнэ. Гэтэл арын өрөөний архидалт “дархлагдсан” гэмээр хэв шинжтэй аж.

Эрхэм гишүүний хэлсэн “Улстөрчидтэй битгий наймаа хийж найзархаарай” гэсэн тэр захиасыг анзаарсан байх. Мөн л арын өрөөтэй холбоотой сануулга. Арын өрөөнд архины халуунд наймаа явж, найзын тангарагаа баталж суудаг бололтой юм. Арын өрөө гэгч ийм ач тустай, ажлын байран дээрх амар жимэр “диваажин” байдаг ажгуу.

…Дарга нар хийсэн бүтээснээрээ бус тансаг хэрэглээгээрээ өрсөлддөг болсон нь тодорхой зүйл. Данхар жип, тал шиг том саруул сайхан өрөө, ахиад цаашаа арын өрөө. Ингэж баймаажин даргын буурь зангарагтай харагдана л гэнэ шүү.

Ардчилсан намыг эрх барьж байх үед зарим хурган дарга нарынх нь арын өрөөний асуудал ангайтал шуугиан дэгдээдэг байсныг санаж байна уу. Тэдний нэг нь Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын арын өрөөний асуудлыг иргэд мартаагүй байх.  Тэрбээр арын өрөөгөө сонгодог загварын тавилга, хувцасны шүүгээ, усанд ордог душ зэргээр тохижуулсан төдийгүй өрөөгөө чимж төсвийн мөнгөөр төгөлдөр хуур тавьж гангарсан гэдэг. Гэвч  азгүйтэж “гэрэл цохьсон” нь Хүүхдийн төлөө газрын дарга байсан болохоос биш тэр үеийн дарга нар бүгд л тэр байтугай байсан биз.

Тэр үед өдөр тутмын нэгэн сонины сэтгүүлчийн бичиж байснаас харвал “Төрийн нарийн бичгийн дарга нар хурлын өрөөтэй, ажлын өрөөтэй, амралтын өрөөтэй, ариун цэврийн өрөөтэй, бүүр саунтай ч байна” гэжээ.

Ийм л байжээ. Магадгүй, арын өрөөний тансаглал одоо ч орхигдоогүй хэвээрээ байгаа байх.  Төрийн албаны тансаглал төсвөө тамирдуулсаар ирсэн нь маргашгүй үнэн. Дарга нарын тэр олон арын өрөөний халаалт, тог цахилгаан, тавилга, засвар үйлчилгээ гээд татвар төлөгчдийн мөнгө тансаглалд нь хуваарилагдаж байна.

М.Нэргүй


URL:

Нэр: Anonymous Огноо: 2 June 2018

тансаглалыг зогсоож энэ мөнгөөрөө эмнэлэг баривал яасан юм бэ үнэтэй унаа унаж тал шиг өрөөнд тухлаад зогсохгүй арын өрөөтэй энэ одон дарга нар тансагласан шигээ олон түмэндээ үйлчилж чадахгүй хүнд суртал хээл хахуульд идэгдсэнийг олон түмэн бүгд харж байна төрийн албатөрлийн алба болоод зогсохгүй бие амар хялбар амьдрах гэсэн хүмүүсийн мөрөөдлийн газар болж хувирсан байна иймээс төрийн албан хаагчийн цалин хангамж тансаглалыг зогсоох хэрэгтэй юуч хийж бүтээгээгүй ард иргэдээ ядуу амьдруулж байгаа энэ олон дарга нарын тоог цөөлж цалинг хасах цаг болсон байлтай хэн хөлс хүчээ гаогасан нь өндөр цалин авах хэрэгтэй

Сэтгэгдэл бичих