Энэ жил Монгол наадам бөхийн барилдаангүй болох уу

31356

-“Та намайг, би таныг хөөгөөд л, та бид хоёр мөн хөгөлж байна даа”-

Монголын их баяр цэнгэл Үндэсний Их баяр наадам болоход сар гаруйхны хугацаа үлдээд байна. Гэтэл монголчуудад их баяр цэнгэл бэлэглэдэг эрийн гурван наадмын нэг бөхийн барилдаан болох эсэх нь тодорхойгүй болчихоод байж байна.

Монголын үндэсний бөхчүүд адилхан МҮБХ гэсэн хоёр холбоо, хоёр тэргүүн, хоёр тамгатай болж бөхчүүд нь эн тэнцүү хуваагдаад эвлэж, эелэж чадахгүй наашаа ч үгүй цаашаа ч үгүй сууцгаана. Бөхийн хоёр холбооныхон “Та намайг хөөгөөд л, би таныг хөөгөөд л, та бид хоёр ч мөн хөглөж байна даа” гэдэг шиг л байна.

Бүр 2002 онд болсон Үндэсний бөхийн холбооны Их эеэс эхтэй уг маргаан энэ хавар айхтар хурцаар сэдэрч ийм байдалд хүрчихлээ. Наадам болох гэж байдаг бөхийнхөө хуваарьт барилдаануудыг явуулах эрхгүй Бөхийн өргөөгөө лацдуулчихсан л сууж байгаадаа санаа зовмоор.

Монголчууд бөхчүүдээ уг нь их л хүндэлдэг ард түмэн. Тиймдээ ч улс, аймаг, сумын цолтнууд тухайн нутаг усандаа “баастай бурхан” шиг хүндлэгддэг. Гэтэл эдүгээ санаа зовмоор муу муухай авирлан эв эеэ олж чадахгүй, монголчуудаа хоёр хувааж, тэр байтугай ястнаараа талцахад хүргэж байна.

Уг нь Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үндэсний эв нэгдлийн илэрхийлэл болохын хувьд хоёр талын төлөөллийг Тамгын газартаа урьж эв эеэ олохыг хүсээд хэрэв эвээ ололцохгүй бол зарлигаар олгосон цолыг нь хураахаа сануулчихаад байгаа.

Гэтэл түүнээс хойш овоо эвлэрмээр болж байсан МҮБХ-ынхон ахиад л хоёр тийшээ хараад суучихлаа. Насан өндөр болсон ч хэрүүл тэмцэлд биечлэн оролцож буй дархан аваргаас эхлээд УИХ-ын гишүүн дархан аваргууд ч урт удаан үргэлжилж буй хагаралдаа цэг тавихыг хүсэхгүй байх шиг.

МҮБХ-ны тэргүүнээр энэ хавар сонгогдсон хэмээх УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, 2017 онд МҮБХ-ны тэргүүнээр сонгогдсон хэмээх Гачууртын Л.Чинбат нар нүүрэн талд байна.

Тэгвэл Б.Бат-Эрдэний ар өвөрт МҮБХ-г 30-аад жил тэргүүлсэн Р.Нямдорж, Д.Данзан нар болон дархан аварга Г.Өсөхбаяр, улсын заан Д.Сайнбаяр, улсын харцага Ц.Магалжав нар байна.

Харин Л.Чинбатын урд, хойно дархан аварга Х.Баянмөнх, түүний хүргэн асан УИХ-ын гишүүн, дархан аварга А.Сүхбат, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, улсын заан Д.Ганболд, Улсын начин С.Дуламсүрэн, Х.Пүрэв, СГЗ сэтгүүлч, зохиолч Ү.Хүрэлбаатар нар зогсож буй.

Тэд энэ сарын 18-нд Их эеэ хийнэ гэж зарласан ч нэгнийгээ буруутгаад хийлгүй өнгөрсөн. Одоогоор дахин Их эеэ зарласан зүйл алга. Ийнхүү хэрсэн бух адил байдалтай байгаа хоёр холбооныхон нэгдэж ард түмэндээ үлгэр дууриал үзүүлээсэй гэсэн хүсэл нийтэд байна.

Гэвч тэд энэ үл ойлгогдох байдалтайгаа байсаар байвал бөхчүүд маань наадмын бэлтгэл хийхээр галдаа гарч, улмаар улсын Их баяр наадмаар зодоглох сэргэлт авч чадах уу гэдэг сонирхол татаж байна.

Үүнээс болоод наадмын барилдаан болох уу, боллоо гэхэд хуваагдсан холбооныхны аль тал нь барилдааныг зохион байгуулах вэ, хуваагдсан бөхчүүдийн хооронд сайхан барилдаан биш тэр жилийн салтааддаг шиг асуудал гарах уу гээд л асуулт их байна.

Барилдахаасаа таахалзах нь гээч болж байгаа энэ хэдэн бөхчүүдийг эв эеэ олоход нь төр л оролцохгүй бол асуудал шийдэгдэхгүй нь. Тэгэхээр оройлоод байгаа хэд гурвынх нь цолыг хураагаад ч болтугай энэ хэдийг эвлэж, эелүүлвэл яасан юм Ерөнхийлөгчөө. Улсын цолыг Ерөнхийлөгчийн зарлигаар л олгодог билээ.

Г.Хуяг

Эх сурвалж: http://gereg.mn/news?id=22531


URL:

Сэтгэгдэл бичих