М.Энхсайхан: Монголд хятадаар, ОУВС-аар айлгана. Ингэснээр популист “эх орончид” тодрох бололцоог бий болгодог

31353

Популизм нь үзэл суртал, хөдөлгөөн, Синдром буюу хам шинж гэсэн гурван төрөлд оршин байдаг гэнэ. Энэ талаар бяцхан хүүрнэе.


Популизм Үзэл суртал болох нь

Популизмын амин сүнс нь нийгмээ “цэвэр ард түмэн”, ” бохир эрх баригчид” гэсэн хоёр хэсэгт хуваах явдал байдаг.

Бидний монголчуудын туулаад ирсэн социализм, коммунизм бол уул шугамандаа популизм юм. Нийгмээ ажилчин анги, жижиг хөрөнгөтөн гэж ангилна. Ажилчин анги засгийн эрх барих ёстой хэмээнэ. Жижиг хөрөнгөтнүүдийн хөрөнгийг хураана, барина, хорино. “Цэвэр ард түмэн” алаад өг гэж орилолдоно. Тэр дагуу хэдэн арван мянгаар нь ална. тална. Бидний л туулсан зам. Гэхдээ тэр нийгэмд эрх чөлөө нь байгаагүй тул бүгд популизмын боол явсан хэрэг.

Иймэрхүү замыг хүмүүн төрөлхтөн мөн л бидний адил туулсан байдаг. Европ тэр даяараа дэлхийн дайны галд дүрэлзэн байж  популизмыг үзэл суртлынх нь хувьд хазаарласан харагддаг.


Хөгжингүй орнууд дахь популизмын индекс

Популизмд хүн амын 40 орчим хувь нь өртөмтгий гэнэ. Популизм хэзээ ч олонхи болж байгаагүй ч дэлхийн хоёрдугаар дайны өмнө тэдэнд санаачилгаа алдсан гашуун туршлага Европт бий. Тиймээс Европт энэ асуудалд эмзэгхэн хандаж, асуудлаа ойлгох чадвартай сэхээтнүүдийг олон түмэнд зөв ойлголт өгөхөд илүү их ярь ярь гэж дайчилж байгаа харагдана.

Ямар ч байсан популизм үзэл суртлынхаа хувьд Европт сэргэх бололцоогүй ч  хөдөлгөөн, хам шинж хэлбэрээр гарсаар байгаа аж.

Популизм Хөдөлгөөн болох нь

Популизм хийх үндсэн арга нь нийгмээ “цэвэр ард түмэн”, “бохир эрх баригчид” гэж хуваахад байдаг тухай дээр хэлсэн билээ. Популизм үзэл суртлын хувьд түүхийн хог дээр байгаа ч популизмыг улс төрд ашиглах явдал нэг хэсэг байсаар байх бололтойдог. Эрх баригчдыг аль болох бохир харагдуулах тутам популист улс төрчдийн гэгээн дүр улам бүр тодордог бололтой юм.

Эрх баригчдыг бохир харагдуулах өчнөөн арга байна. Үнэн худал нь хамаагүй тэднийг тэрбум турбумаар идсэн уусан, авилгачнаар нь дуудахад хангалттай. Эрх баригчдыг сексийн дон шүгэлсэн гэж харагдуулахаар үнэмшилтэй жүжиг олон ангит кино мэт тавьбал  тэднийг амьтан болгож болно. Үе үеийн Ерөнхийлөгч, дарга сэтэртэй явсан хүмүүсийг элдэвлэвэл үе үеийн эрх баригчид адгийн болж харагдах нь ойлгомжтой. Тийм л үйл явдал Монголд маань өрнөөд байна уу даа гэж санаа зовох юм.

Монгол орон зах зээлд орсноос хойш хэрэгжүүлсэн цор ганц том төслөөр Ганц нэг ерөнхий сайдыг биш болж өгвөл хоёр, гурвыг бариад 30 хоног боловч шоронд суулгачихвал популизмд  Монголыг живүүлэх маш сайн алхам тэр аж.

ОТ төслийг шалгах ажлын хүрээнд гэсэн сүржин тайлбартай хууль хяналтынхны эхлүүлсэн шалгах ажлын эхлэл, Баяр, Сайханбилэг зэрэг хүмүүс авилгал авсан байж мэдэш гэсэн тайлбартай болж популист хандлага нь суларсан ч  хөрөнгө оруулагчдын итгэлийг нэгэнт алж байгаагаараа эдийн засагт хортой юм.

Популизм хийх жор хаана ч адилхан. Америк, Европ, Монголд адилхан.

Популизм хийх бас нэг өөр арга нь харийнхнаар айлгах явдал байдаг.

Америк, Европт цагаачдаар айлгана.

Монголд хужаагаар, ОУВС-аар айлгана. Ингэснээр популист “эх орончид” тодрох бололцоог бий болгодог.


Популизм Хам шинж (синдром) болох нь

Популизм газар авах нөхцөлд олон хүмүүс хам шинжээр өвчилдөг .

“Солонгост өндөгөө гаргасан монголын тас шувуу өндөгөө хага цохиод нутгийн зүг нисчээ” гэдэг өнгөрсөн долоо хоногийн мэдээ бол хам шинжийн шилдэг жишээ болох байхаа. Өөр олон жишээ байгаа даа. Өөрсдөө шинжээд үзээрэй.

Өөрөө мэдэлгүй популизмд үйлчлэх явдал хам шинжид хамаарах боловуу гэж бодож байна. Намаа цэвэрлэнэ, намууд хэрэггүй, төр мафижсан, чанга гар хэрэгтэй гэх элдэв яриа популизмын хам шинж мөн гэж бодож байна.

Иймэрхүү улс төр нь эдийн засгийг хэвтрийн дэглэмээс гаргахад саад болох аюултай. Тэр тусмаа Монгол шиг эмзэгхэн эдийн засгийг хорлохвий гэж тал талдаа бодмоор.

Популизм ба Эдийн засаг

Популизм эдийн засгийн хөгжилд сайн зүйл авчирдаггүй гэдэг нь олон орны түүхээс харагдаж байгаа. Жишээ болгож Аргентин, Венесүэл зэрэг орнуудыг нэрлэж болно. Ялангуяа Латин Америкийн популизм эдийн засгийн зөв бодлогод сөрөг нөлөөтэй гэдгээрээ нийтлэг байдаг гэнэ шүү.

Монголд болж байгаа үйл явдал их л төстэй санагдах юм.

Популистууд эдийн засагт мөнгийг хэрхэн олох вэ гэдэгт бус, мөнгийг хэрхэн үрэн таран хийх вэ гэдэгт анхаарлаа төвлөрүүлдэг учир эхний шатанд зээл авах,  бонд босгох зэргээр өрөнд баригдаж, удаахь шатанд үнэ, ханшний цохилтод өртөж хямралд ордог байна.

Монголчууд эхний шатыг нь туулаад үзсэн шиг байгаа юм.

Популист эрх баригчид ба Засаглал

Популист улс төрчид засаглаж чаддаг уу гэсэн асуултад эрдэмтэд голчлон чадахгүй гэсэн хариулт өгдөг. Учир нь популистууд асуудлын гүнд орж, улс орныг хөгжүүлэх асуудлыг шийдэхийг хүссэн хүмүүс биш, олон түмний сэтгэл хөдлөл, өнгөц ойлголт дээр тулгуурласан, “бохир эрх баригчид”-ийг “цэвэр эрх баригчид”-аар солих төдий улс төр учир тийм бололцоо тэдэнд олддоггүй гэнэ.

Дээр нь популизм хавтгайрсан улс оронд Олон түмэн улс төрийн эрх мэдэлд хүрсэн хүн бүрийг “бохир” гэж харах хандлагатай болсон байдаг нь эргээд хүндрэл болж хувирдаг байна.

Популизм хийж Улс төрийн эрх мэдэлд хүрч болох боловч тийм улс төрчдийн дараачийн алхам нь бидэнд эдийн засгийн эрх мэдэл алга гэж гомдоллох явдал болдог гэнэ. Энэ нь цөөн тооны гэр бүл, хүмүүс рүү буруугаа чихэх, хувийн өмчид халдах, нийгэмчлэх сэдлийг бий болгох бөгөөд нийгэмд улам бүр ойлгомжгүй зөрчилт байдал дэвэрснээр  эдийн засаг бүхэлдээ унах аюул заналын өмнө ирдэг байна.

Популизмд танай, манай гэхгүй бүх нам, улс төрчид өртөмтгий байгаа энэ цаг үед хэлж ярих, хийх зүйлээ  шүүлтүүртэй болгоосой, популизмын аюулын эсрэг нийтээр зогсож сураасай, эдийн засгаа битгий нураачихаасай хэмээн энэхүү бяцхан тэмдэглэлийг үйлдэв.

Эс бөгөөс хямралыг дуудах нь гарцаагүй.

http://yag.mn/pages/r?id=1222


URL:

Сэтгэгдэл бичих