Төрд өндөр үнэтэй барилгаа шахахаар хөөцөлдөж яваа УИХ-ын гишүүн Б.Билэгт авлига, ашиг сонирхлын хоёр хуулийг ноцтой зөрчжээ
Хавдрын эмнэлгийн хашаан дотор 16 давхар барилга барьснаа Засгийн газарт зарах гэтэл хариу өгөхгүй, би хохирч байна хэмээн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хээвнэг яриад сууж буй УИХ-ын гишүүн байгаа нь энэ цагийн Монголын эмгэнэл, монголчуудын хохь гэлтэй.
Албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхол, хууль ёсны зарчим, ёс зүй өдөр ирэх бүр доошилж, өдөр ирэх бүр авлига, ашиг сонирхлын зөрчил ил цагаандаа гарч байгааг түмэн олноороо мэдэж, сүүлдээ бүр хэлэх ч үггүй болчихоод байгаа нь нууц биш. Тэгвэл үүнийг насаараа бизнес хийсэн атлаа МАН-д мөнгө өгч УИХ-ын гишүүн болсон Б.Билэгт батлав.
Түүний хувьд Хавдар судлалын үндэсний төвд барьсан барилгаа 15 сая ам.доллараас илүү үнээр шахчихвал нэгд, намд өгсөн мөнгөнийхөө шархыг нөхнө, хоёрт, УИХ-ын гишүүн болсны хэргээ гүйцээх бололтой.
(УИХ-ын гишүүн Б.Билэгтийн ТВ-д ярьсан ярилцлагыг видео мэдээнээс үзнэ үү)
УИХ-ын гишүүн Б.Билэгт байшингаа төрд шахахаар хөөцөлдсөн, үүнийг ил тод хэлж, шахаж шаардаж яваа нь хэд хэдэн хуулийг зөрчөөд байна.
НЭГД,
Авлигын эсрэг хуулийн 7.1.6.албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх, 7.1.7.албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх гэх заалтуудыг зөрчив.
Эдгээр заалтыг зөрчсөн этгээдийг Авлигын эсрэг хуулиар төрийн албанаас халах, авлигын зөрчилтэй нөхцөлд гарсан шийдвэр байгаа бол түүнийг хүчингүй болгох хариуцлага тооцно хэмээн хуульд тусгажээ .
ХОЁРТ,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчив.
Уг хуулийн 6 дугаар зүйлд “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахихын зэрэгцээ албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байхыг заажээ.
Улмаар уг хуульд албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ гэжээ.
Гэвч УИХ-ын гишүүн Б.Билэгт энэ зарчмыг үл хэрэгсэн уг хуулийн 11 дүгээр зүйлийг бүхэлд нь зөрчжээ.
11.1.Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
11.2.Албан тушаалтан өөрийн нэгдмэл сонирхолтой этгээдтэй ашгийн төлөө үйл ажиллагаатай харилцааг дуусгавар болгосноос хойш хоёр жилийн хугацаанд тухайн этгээдтэй холбогдох захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
12 дугаар зүйл.Шийдвэр гаргахад нөлөөлөхийг хориглох
12.1.Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно.
УИХ-ын гишүүн Б.Билэгт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн эдгээр заалтыг зөрчсөн ба хуулийн хариуцлага нь “… нийтийн албанаас халах…” юм.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Б.Билэгт ашиг сонирхлын зөрчлөөрөө УИХ-ын гишүүнээсээ татагдах хэмжээнд очжээ гэсэн үг.
Мөн хуулийн 14 дүгээр зүйл.Төлөөлөлтэй холбогдсон хязгаарлалтыг зөрчив.
УГ ЗААЛТУУД НЬ:
- 14.1.Албан тушаалтан нийтийн албыг өөрийн хувийн ашиг сонирхлын өмнө төлөөлөхийг хориглоно.
- 14.2.Албан тушаалтан албан үүрэгтэй нь шууд ба шууд бусаар холбогдох иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг бусад этгээдийн өмнө төлөөлөхийг хориглоно.
- 14.3.Албан тушаалтан дараах тохиолдолд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмнө нийтийн албыг төлөөлж болохгүй:
- 14.3.1.өөртэй нь хамаарал бүхий этгээдийн өмнө;
- 14.3.2.өөрөө болон өөртэй нь хамаарал бүхий этгээд нь ашиг хүртдэг аж ахуйн нэгж, байгууллагын өмнө;
- 14.3.3.албан тушаалтан, түүнтэй хамаарал бүхий этгээд нь удирдлага, хяналт, захиргааны ажил эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагын өмнө
Мөн хуулийн 20 дугаар зүйлд Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн зэрэг төрийн албан тушаалтнуудыг аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхийг хоригложээ.
Энэ заалтыг зөрчсөн УИХ-ын гишүүн Б.Билэгт хуулиараа нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, байгуулсан гэрээ, контракт, авсан зөвшөөрлийг хүчингүй болгох хариуцлагатай байна.
Хэрвээ ашиг сонирхлын зөрчил бүхий уг этгээдтэй гэрээ гэрээ, контракт байгуулсан, зөвшөөрөл олгосон бол тухайн албан тушаалтны албан тушаалыг бууруулахаар Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуульд заажээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Б.Билэгтээс Засгийн газар 16 давхар байшинг нь худалдаж авах шийдвэр гаргавал уг албан тушаалтан албанаасаа огцрох хариуцлага хүлээнэ гэсэн үг.
(Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг ЭНД дарж уншина уу)
Түүнчлэн хуулийн 27.2-д “Албан тушаалтан өөрийн үйл ажиллагааны шударга, төвийг сахисан байдалдаа ёс зүйн шалтгаанаар эргэлзээ төрвөл албан үүргээ гүйцэтгэхээс, эсхүл давхар ажил, албан тушаал эрхлэхээс татгалзах үүрэгтэй” гэж заасан байна.
Энэ бүхнээс харвал УИХ-ын гишүүн Б.Билэгт торгуулаад, дээр нь УИХ-ын гишүүнээсээ татагдах хариуцлага хүлээхээр байна.
УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд ч аливаа ашиг сонирхлоос ангид байхыг заажээ.
Харамсалтай нь УИХ-д ашиг сонирхлын зөрчлөө ч мэдэхгүй, мэдсэн ч үл тоодог, зөвхөн хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөж яваа хүмүүс бий нь Б.Билэгтээр зогсохгүй. Ардчилал, ёс зүйтэй улсад парламентын гишүүн болсон бол хувийн эрх ашгаа ор тас мартаж, зөвхөн улсын төлөө зүтгэдэг зарчимтай.
Харин Монголд эсрэг болсныг эргэж байранд нь тавихын төлөө хуульчид, сэтгүүлчид, иргэний нийгмийнхэн, ард иргэд нийтээрээ дуугарах цаг болжээ.
Г.Сар-Уул
Эх сурвалж: gereg.mn
|
URL: