Улсаа там болгохгүй байх нь боловсролтой байхаас хамаарна

3107976ad55a4638429c9c2fc6a202c9Хаврын шалгалт хаяанд ирж, ирээдүйн мэргэжлээ сонгохоор 18 настнууд ном, дэвтэр шагайгаад тун завгүй байна. Энэ жилээс Их, дээд сургуулиудын босго оноо нэмэгдэж ихэнх сургуулийн жишиг 480-580 онооны хооронд байгаа юм. Энэ нь Монголын ирээдүй болсон залуу үеэс өндөр мэдлэг боловсролыг шаардаж эхэлсэн нь маш зөв.

Хүн хүссэн мэргэжилдээ хүрэхийн тулд өөрийгөө дайчилахад сургаж байгаа юм. Улс орнуудын хөгжлийн тулгуур нь өндөр боловсролтой залуу үеэс шууд хамааралтай. Дэлхийн хөгжлийг тодорхойлж буй тэргүүлэх гүрнүүд “ходоод хоосон ч тархи хоосон байх ёсгүй” гэдэг алтан зарчмыг мөрдөж ирсэн. “Дэлхийг бурхан биш инженерүүд бүтээсэн” гээд зүгээр ч нэг хэлчихээгүй юм. Инженерүүдийн ачаар хүн төрөлхтөн дэлхийгээс өөр гариг байдгийг нээж, тэнгэр баганадсан өндөр барилга сүндэрлүүлж, тив алгасан нисэх онгоц бүтээснээс эхлээд дурдаад байвал олон зүйл бий. Тиймээс л дэлхий даяараа инженерүүдийг чухалчилж ирсэн. Монгол Улс бодлогоор байгалийн шинжлэх ухааны өндөр мэдлэгтэй мэргэжилтнүүдийг хөрөнгө заран өндөр хөгжилтэй оронд мэргэжил эзэмшүүлмээр байгаа юм.

Боловсролыг дорд үздэг улс хэрхэн сүйрч там болдгийг Сири нотолно. Мөн Муаммар Кадаффигийн 40 жил тэргүүлсэн Ливийн жишээнээс харж болно. Кадаффи байгалийн баялгаас орж ирсэн мөнгөө боловсролд зарцуулахаас илүүтэй ард түмнээ гахай шиг тэжээсээр байгаад эцэст нь өөрөө амиа алдсан. Боловсролгүй хүн эрх мэдэлд хүрвэл харц ардын амьдрал шавар намагт унадаг. Өөрөө боловсролгүй ч боловсролтой залуу үеэ бэлдэх нь нэн тэргүүний асуудал. Кадаффигийн гашуун жишээг Монгол давтахгүйн тулд хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэм өвөртлөн ирэх инженерүүдээ бэлдмээр байна. Дэлхий дээрх газрын диваажин болсон Япон улс гэхэд дэлхийн хоёрдугаар дайны дараа эдийн засаг нь суларч хүн ам нь ядуурч, бүр өлсгөлөнгөөр үхэж байсан. Ийм улс өнөөдөр дэлхийн топ гүрнүүдийн тоонд орчихлоо. Тэд Toyota, Sony зэрэг нийтийн өмчийн хэлбэртэй корпорациудыг байгуулж, түүний үр ашгийг ажлын байр, боловсрол зэрэгт зориулснаар ирээдүй рүү итгэл төгс алхаж эхэлсэн. Японы залуу үеийг барууны орнуудад өндөр боловсрол эзэмшүүлж, тэнд эзэмшсэн барууны мэдлэг боловсролоор энэ улс өнөөдрийн өндөрлөгөө бүтээсэн. Япон хүн ухаантайдаа улс нь хөгжөөд монголчууд мунхагтаа мэдлэг боловсрол эзэмшиж чадахгүй байгаа юм биш. Боловсролын салбарыг хэр дэмжиж байгаагаар нь улсын хөгжлийг тодорхойлдог. Тэд үүнийг хамгийн сайн ойлгосон учраас дэлхийн тэргүүлэх эдийн засгийг бий болгож чадлаа.

Япончууд ирээдүйг харсан хөгжлийн бодлогоо чанд баримталж, ирээдүйд эрэлт хэрэгцээтэй мэргэжил, технологи, шинжлэх ухаан хөгжихийг харж, тэр чиглэлд боловсон хүчнээ бэлддэг нь дэлхийн хөгжлөөс үргэлж нэг алхам урд явдгийг илэрхийлэл. Монгол Улс 10 гаруй жилийн өмнө дэлхийн технологийн хөгжлийг бид амдан алхдаг болно хэмээн ярьж байсан. Хөгжлийн галт тэрэг хэдийнэ дараагийн өртөөндөө хүрч байхад монголчууд морьтой чигээрээ ташуураа барин давхих юм. Дэлхийн технологийн хөгжлийн талаар ярьдаг ч хүнгүй боллоо. Боловсрол ярьсан нэг нь хэнхэг солиотой гэгддэг ийм л цаг үеийг туулж байна даа. Технологийн хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч Япон улсад 1000 инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх болсноо Л.Гантөмөр салбарын сайдаар ажиллаж байхдаа зарлаж, алга ташин хүлээж авсан нь дөрвөн жилийн өмнө юм. Саяхнаас японд суралцуулах хүмүүсийн тоо гүйцэхгүй байна гэсэн утгагүй зүйлсийг албаны хүмүүс хэлэх боллоо. Социализмын үед малчны хүүхэд хүртэл хойно сурч өндөр боловсрол эзэмшүүлж байсан шигээ танил тохой таталгүй, гар харж уцаарлан гох дэгээ тавихгүй явуулна гэвэл 1000 байтугай хүн явах хүсэлтэй байгаа. Монголд дуучин, хуульч, эдийн засагч тэргүүт мэргэжил савандаа багтахгүй хахлаа. Ойрын 10 жилдээ энэ чиглэлд ажиллах хүмүүс хангалттай болчихлоо. Тиймээс дахин нуршихад инженерүүдээ л бэлд.

БНСУ, БНХАУ гээд өөрсдийн ойрын жишээг авахад тэд залуу үеэ баруунд өндөр боловсрол эзэмшүүлж чадсанаар дэлхийн эдийн засгийн тэргүүлэх гүрнүүд болсон. 20 гаруй жилийн өмнө Монголын хөгжлөөс хол хаягдаад байсан Хонгконгийн жишээг дурдъя. Азийн бар болох нь бүү хэл арай ядан хоол ундаа залгуулж явсан ч боловсролын тогтолцооныхоо шинэчлэлийг хийж, шинэ боловсролын стандартыг баталж, бүх нийтийн боловсрол ба, дээд боловсролд голлон анхаарсан нь зөв алхам байсан нь өнөөдөр харагдаж байна. 1954-1961 оны хооронд бүх нийтийн боловсролын хүрээнд хэдэн мянган шинэ сургуулыг барьж, 1966 он гэхэд сургуулийн насны бүх хүүхдээ сургуульд хамруулж чадсан гэдэг. Харамсалтай нь манайд бичиг, үсэг мэдэхгүй хүн хүртэл Үндсэн хууль өөрчилнө гээд гүйж яваагаас харахад даанч хол байна даа хэмээн бодогдоно. Эдийн засгийн хөгжил боловсрол, шинжлэх ухааны салбартай салшгүй холбоотой. Монголчуудад мэддэг ч юм алга, мэддэггүй ч юм алга. Тиймээс аливаа томоохон шийдвэр гаргахдаа гадны экспертүүдийг урьж амыг нь харж байхаар адилхан экспертүүдээ бэлдэх цаг хугацааны хуанли эргээсээр байна. Манайд харин ч эсрэгээрээ боловсролыг зүхэгчид нэмэгдэж, боловсролгүй нэг нь хог ухаад ч болов амьдарна гэж цэцэрхэнэ. Тэнгэр заяат Чингисийн удам гэж цэхэлзэнэ.

Сингапур улс үнэндээ ядуугийн туйл байхад Англид өндөр боловсрол эзэмшсэн Ли Куан Ю нутагтаа очсоны буянаар хөгжлийн өөр замд орсон гэдгийг манайхан мэднэ. Манайд Их, дээд сургуулиуд бараг гудамж бүрт таардаг ч боловсрол олгохоос урьтаж мөнгөний машин ажиллуулж ирсэн нь боловсролын систем шаландаа унасныг илтгэнэ. Боловсролгүй иргэнтэй улс тэгж хөгжиж дэлхийд тэгж цойллоо гэж лав дуулсангүй. Боловсрол, шинжлэх ухаанаас хол нэг үе бүрэлдсэн нь 1990 оны нийгмийн шилжилтийн донсолгоонд боловсролоо хамт гээсэн 30 гаруй настнууд байна. Тэд ихэвчлэн сошиалд солиорч элий балайгаа гайхуулна. Ойгоос ирсэн сармагчин шиг адгах залуус сошиалд амьдрахаас биш, соёлт нийгэм рүү алхахгүй байна. Залуусын хандлага, мэдлэг, боловсрол фэйсбүүк орчинд толины өмнө зогсож байгаа мэт харагдах юм. Улсаа там болгож мэдэх хүмүүс тамын тогоондоо ёстой арзганах аж. Боловсролгүй тэнэгээ гайхуулсан тийм нэг үеэ ядаж МСҮТ-д хамруулж, арай дөнгүүрүүдийг нь мэдлэг боловсролоор хангаж, хандлагыг нь өөрчилж, галуу шувууны мах идүүлэх сэн.

Технологийн дэвшил цаг, минут бүрээр шинэчлэгдэж байхад манайхан шинэ гар утас авах гэж үйлээ үзэхээс биш, шинэ гар утас бүтээх ухаанд суралцсангүй өнөөдрийг хүрлээ. Боловсрол ярьдаг нэгнээ элий балай гэж үзэх хэмжээнд хүртлээ боловсолд өсөрхөж, сэхээтний давхарга өдөр ирэх бүр хумигдсаар. Бүгдээрээ Солонгос руу гарч ажил хийвэл мөнгө олоод гоё л доо. Хэдэн жилийн дараа эргээд ирэхэд нь хөгжилгүй, буурай улс нь угтан авна шүү дээ. Нэг хэсэг нь гадагшаа явж боловсрол мэдлэгээ дээшлүүлэхийн төлөө зүтгэж байгаа ч нийтээрээ хамрагдаж чаддаггүй. Боловсрол хил хязгааргүй болж байгаа энэ цаг үед өндөр боловсролтой залуу үеэ вагон вагоноор нь ачаад ч болтугай явуулахгүй бол улсаа там болгох ирээдүй их ойрхон байна шүү.

Эх сурвалж: Өдрийн сонин


URL:

Сэтгэгдэл бичих