Эрүүл нь эргэлзээ төрүүлэх болсон хүнээр төр, ард түмэн лүү минь бүү нулимуул!

31312

Зохион байгуулагчдын хоорондын зөрчилдөөн, мөнгө төгрөг идсэн уусан гэх маргаан, эдийн засгийг барьцаалах захиалгат ажиллагаа хэмээн зарим нэг нь дүгнэснийг эс тооцвол  Монголын Эдийн Засгийн Форум (МЭЗФ) гэж нэрлэгдсэн энэ Бизнесийн Чуулга Уулзалт зохион байгуулалт сайтай болж өнгөрлөө.  Тиймээ, ямар юмных нь Эдийн засаг байх вэ дээ, харин  Бизнесийн, хувийн компаниудын Форум шүү дээ. Гэсэн мөртлөө нийт хөдөлмөр эрхлэгчдийн 98.5  хувийг бүрдүүлдэг жижиг, дунд бизнесүүд, баялаг бүтээгчдийн эрх ашиг хөндөгдсөнгүй.  Ямартай ч форумыг их мөнгөөр спонсорлосон гадна, дотны томоохон бизнесүүдийн хувьд  дуу хоолойгоо төр засагт хүргэх, шийдвэр гаргахад нөлөөлөх гэсэн зорилгоо биелүүлсэн болов уу гэмээр харагдав.

Эдийн засаг, бизнес хоёр бол мөн чанараараа ялгаатай, бүр эсрэг тэсрэг байр суурьтай гэж үзэж болно. Эдийн засаг нь нийгмийн, нийтийн, улс орны эрх ашгийн төлөө хийгддэг ажиллагаа, явагддаг бодлого. Үүнийг ашиг сонирхлын зөрчилгүй мэргэжлийн хүмүүс боловсруулдаг. Харин бизнес бол тухайн хувийн компанийн эрх ашгийн төлөө явагддаг үйл ажиллагаа. Тиймээс бизнесийн бодлого нь тухайлбал компани аль болох татвар төлөхгүй байх, төрөөс тендер, лиценз авах гэх мэт ашиг орлогоо ямар нэг аргаар нэмэгдүүлэх ажиллагаанд чиглэгдсэн байдаг.  Үүнд буруу ч юм үгүй. Гэхдээ ихэнх тохиолдолд нийтийн, улс орны эрх ашиг нь өөрөөр хэлбэл эдийн засгийн бодлого нь хувийн бизнесийн эрх ашигтай зөрчилдөж байдаг.  Тиймээс  гадна, дотны томоохон хувийн корпорацуудын эрх ашгийг хамгаалсан  Бизнесийн чуулга уулзалтыг Монголын эдийн засгийн форум гэж нэрлэх нь утгагүй бөгөөд  ихэд төөрөгдүүлсэн ойлголт юм.
Одоо гол асуудалдаа орьё. Энэхүү Бизнесийн форумын үеэр олны эгдүүцэл, зэвүүцлийг ихэд хүргэсэн нэг асуудал гэвэл эрүүл нь эргэлзээ төрүүлэх  нэг нөхрөөр илтгэл тавиулж нөгөөх нь төрийн гурван өндөрлөг, сайд түшмэдүүдийг өмнөө суулгаж байгаад шүлсээ үсчүүлэн загнаж, төр засгаа худал үгээр буруутган, ард түмнээ нулиман доромжилсон явдал байлаа.  1919 онд шанзав Бадамдорж нөгөө мань Шиү Шү Жаны спонсороор Монголын  автономат төрийг унагахдаа төрийн түшээд, ноёдыг өмнөө суулгаж байгаад яг ингэж загнасан юм гэнэлээ. Тэгээд шагналд нь найман чийчаан бараа, зоос Бээжингээс авчруулсан юм гэнэлээ. Муухай л юм бодогдож байлаа. Гэхдээ гайгүй биз ээ.  Жинхэнээсээ  оодорсон гэмээр энэ эрхмийг би бусдын адил эздийн тэжээвэр, гадныхны угаадсаар хоологч энэ тэр гэж дуудахгүй, харин миний ард түмнийг гудамжныхан, шавхруугаар хооллогч, төр засаг, түшээдийг маань бүхэлд нь хулгайч, дээ­рэм­чин, авилгач, нураагч, хонзогногч хэмээн худлаар гүтгэж, эрээ цээргүй орилохийг хараад эмгэгтэй бол­сон юм болов уу гэж бодсоноо л бичиж байна.  Оюутолгойн гэрээнд их санаа зовсон хүн бололтой, тиймээ бид бүгд л энэ асуудалд санаа зовж байгаа.  Үр ашгаа ахиухан өгөөсэй, өр зээлээ багасгаасай гэж хүсч байгаа, тиймээс гадны хамтрагчдаа дэмжин тусалж хамтран ажиллахыг чармайж байгаа. Гэхдээ энэ нөхөр шиг, уурхайг зогсооё, хаая гэж дуугарсан хүн огт байхгүй,  тэгэж дуугарах ч үгүй. Өөрийнх нь хэлээд байгаа жоомоо алах гээд гэрээ шатаадаг үлгэр, тус болох гээд ус болдог явдал өөрөөс нь гарах вэ.  Цаад хүмүүс нь мэдэж л байдаг байгаа даа.
За тэгээд “өөрөө ч иддэггүй өрөөлийг ч хавьтуулдаггүй бухал манасан нохой” гэж ирээ л цэцэрхэв. Бухал нь зэс, алт, нохой нь Монголчууд юм байх оо. Монголчууд хэзээ ч нохой болсон юм, нохой хэзээ өвс, эсвэл алт, зэс иддэг болсон юм бүү мэд. Шударга ёсыг жоомтой адилтгах хэтэрхий цэцэн энэ эрхэм  дубай л гэнэ, гэрээ л гэнэ, тэгсэн атлаа өөрөө огт уншаагүй, мэдэхгүй л гэнэ.  Бүр Монгол улсад энэ гэрээнүүдийг бүтэн байтугай хагас уншсан, уншиж чадах хүн огт байхгүй юм байх оо. Эрүүл нь эргэлзээ төрүүлээд байна гэж би хэлсэн шүү дээ.  Хүн мэдэхгүй зүйлдээ дайсан болдог гэдэг үнэн юм даа.
МЭЗФ нэрийг барьсан энэ ажиллагааг зохион байгуулагчид жил болгон хариуцлага хүлээх чадваргүй гэмээр энэ хүнээр хариуцлагагүй үг хэлүүлж  төр засаг, ард түмнээ гүтгэн буруутгах замаар гадна, дотныхны бүлэглэлийн эрх ашгийг хамгаалах явдлыг би буруушааж байна!  1990-ээд оны эдийн засгийн сүйрэл, үүн дундаа Сэргээн босголт болон бусад арилжааны банкуудын зориудын гэгд­­дэг дампуурал, гадны ком­паниудтай хий­сэн тогтвортой байд­лын гэрээ гэгчээс үүссэн хохирол, ДНБ-ий 25 хувийг бүрдүүлдэг байсан аж үйлдвэрлэлийн  боловсруулах салбар 5 хувь болсон уналт, $6 тэрбүмаас $0.75 тэрбум болж, найм дахин агшсан эдийн засаг нь өдгөө жирийн иргэд, ард түмнээ буруутган загнах энэ хүний сангийн сайд, болоод төрийн бусад томоохон албан тушаал хашиж байх үед болж өнгөрсөн юм.
Тэгвэл тухайн үед  эдийн засгийг сөнөөхөд, сүйрүүлхэд гар бие оролцсон энэ хүн  өнөөдөр өөрийн үйлдсэн бохрыг бусдад тохон  ичгүүргүйгээр  “би  эх оронч, сөнөсөн эдийн засгийг босгосон…“  гэх мэтээр олон худлыг хашгирч, цээжээ дэлдэхээс илүүтэй юугаа яаж байгааг хараад  итгэхэд бэрх.  Үгийг тань гэхээсээ илүү үйлдлийг тань тандаж үнэнийг мэдэж байгаа шүү бид! Бусдын бууны нохой болж эрээ цээргүй авирлах тань алдах юмгүй болсон гэх аминч, бэртэгчин үзлээс тань улбаатай байж болно.  Гэхдээ ард чинь үр хүүхэд, ард түмэн чинь үлдэнэ. Идсэн тогоо руугаа бүү нулим. Түшсэн төр, таныг тэвчиж байгаа ард түмнээ бас бүү нулим, бусдын зараалаар!  Үг минь хатуудсан бол уучлаарай! Гэхдээ үнэнээ, хэлэх шаардлагатай болсон учраас л хэллээ.
Эцэст нь “Эдийн засгийн форум” гэх эрхэм сайхан нэрийг худалдан идэж амташсан нөхдүүдэд  дайх хэдэн үг байна. Үүнд: та нарын зохион байгуулж буй үйл ажиллагаа бол эдийн засгийн бус бизнесийн, үүн дундаа гадна дотнын бүлэглэлүүдийн эрх ашгийг хамгаалсан ажиллагаа юм. Тиймээс эдийн засаг гэж иргэд олныг төөрөгдүүлэхээ зог­сооно уу.  Форум зо­хион байгуулж буй нэг зорилго чинь мөнгө хийх, ашиг олох юм байна гэдгийг хоорондын маргаанаас тань ойлголоо. Мэдээж мөнгөө төлсөн нь дуугаа захиалдаг нь үнэн тул Монголын, улсын асуудлыг хэлцдэг гэдэг үлгэрээр ард түмнээ, төр засгаа дахин бүү төөрөгдүүлээч ээ.  Эдийн засгийн тулгуур болсон жижиг дунд бизнесүүд, малчид, тариаланчдын оролцоогүй Монголын тодотголтой бизнесийн чуулган, эдийн засгийн форум аль нь ч байхгүй шүү.  Зарим хүний тодорхойлж буй шиг эдийн засгийн алуурчдын захиалгат ажиллагаа биш юм гэхэд  эдийн засгийн тусын тулд гэхэд итгэл төрхөөргүй харагдсан шүү. Хамгийн гол нь та бүхэн эрүүл нь эргэлзээ төрүүлэх болсон нэгэн хөгшинийг хөөргөн турхирч эх орон, ард түмэн лүү нь нулимуулан “золиосолдог”  увайгүй ажиллагаагаа зогсооно уу!
Эдийн засагч Х.Батсуурь
http://www.sonin.mn/news/politics-economy/91306

URL:

Сэтгэгдэл бичих