Дархан цаазат Богд уулыг өмчилсөн монголын баячууд

Богдхан уул баячуудын хороолол, барлигын талбай болж хувирчээ “Азийн цагаан дагина” хэмээн магтан дуулж, миний Монголын тэнгэр нь цэлмэг, агаар нь цэнгэг, ус нь тунгалаг хэмээн өөрөө өөрсдийгөө баясгасаар олон жилийг ардаа үдэж. Гэтэл өнөөдөр гашуун утаа хоолой хорсгож, хэдхэн алхамын цаадах зүйл ч харагдахгүй саарал манан дунд бид амьдарч байна. Агаарын бохирдлоос болж сэтэрхий уруул, цоорхой тагнайтай, ургийн гажигтай  хүүхдүүд олноор төрж, уушгины өвчлөл өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа. Харамсалтай нь эрх мэдэлтнүүд энэ асуудалд огтхон ч санаа зовсон шинжгүй сууцгааж байна. “Утаагүй түлшний үйлдвэр байгуулна. Агаарын бохирдолтой тэмцэнэ” хэмээн сонгууль болохоор лоозогнож, Улсын төсөв батлах үед  бүгд л “Мөнгө хэрэгтэй” хэмээн хашгирцгаадаг. Гэвч зовсон зүдэрсэн ард түмний нэрийг барьж, агаарын бохирдлоор далимдуулан өөрсдийнхөө халаасыг л дүүргэж байгаа. Агаарын бохирдолд зориулсан олон арван тэрбум төгрөг элсэнд асгасан ус шиг замхарч, эрх мэдэлтнүүд л баяжиж, хөлжсөөр л. Үнэндээ Монголын эрх мэдэлтнүүд, баячууд цэвэр агаарт амьдардаг, тэдний нүд утаанд хорсдоггүй, хүүхэд нь бохир агаараас болж ханиалгаж, өвдөж зовдоггүй учраас хотыг бүхэлд нь нөмөрчихөөд байгаа битүү хар утаа тэдний санааг зовоодоггүй юм байна. Дархан цаазат Богдхан уул хотын төвөөс хэдхэн км-ын зайтай оршиж байгаа. Төрийн хуулиар дархлагдсан Богдхан уул өнөөдөр Монголын тэргүүн баячуудын эдлэн газар болон хувирч, тэнд баячуудын хороолол сүндэрлэн босчээ. Монголын баячууд утаа, хүний хөл хөдөлгөөн, дуу чимээнээс зугатааж, хууль дүрмийг уландаа гишгэж, Дархан цаазат уулыг хайр найргүй нүхлэн хааны орд харш шиг тансаг хаус барин амьдарцгааж байна. Уг нь Богдхан уул манай орны төдийгүй дэлхийн ууган дархан газрын тоонд зүй ёсоор ордог. Монголын Хэрэйд аймгийн тэргүүн Ван хаан Тоорил XII-XIII зууны үед Богд уулыг дархлан тахиж Хан уул хэмээн нэрлэсэн домог хүртэл  бий.
Тэнгэрийг тэтгэсний 43 дугаар он буюу 1778 онд тэр үеийн Монголын тэргүүний сэхээтнүүд  сайд Юндэндоржийн санаачлагаар Богдхан уулыг дархлуулахаар өргөсөн бичигтээ “… дөрвөн аймгийн чуулган нийлэх газар бөгөөд хормойд нь хар, шар олон түмэн хуран суух  хүрээ оршихын дээр ан амьтан, ой модоор элбэг баян, олон түмэндээ магтагдсан, холын жуулчдын анхаарал татсан энэ үзэсгэлэнт сайхан уулыг эцэг өвгөдөөс эхлэн дархалж ирсэн учир үүнийг хуучин ёсоор тахин онгон дархан цаазтай болгож өгөхийг хичээнгүйлэн гуйсугай” гэжээ. Өргөсөн бичгийг ёсоор болгож, 1778 оны есдүгээр сарын 24-ний өдөр хааны зарлигаар Богдхан уулыг албан ёсоор дархалсан түүхтэй. 1809 оноос эхлэн 28 амыг цагдаатай болгож, нутаг дэвсгэрт орох зөвшөөрлийг Богд хан гардан олгодог журам тогтоож байжээ. Тэгвэл өнөөдөр төрийн тахилгат, дархан цаазат Богдхан уул барилгын талбар болон хувирчээ.

Баячуудыг байшинг үзэхийн тулд 300 төгрөг төлөх хэрэгтэй
Бид Нүхтийн аманд очлоо.  Нүхтийн амыг тойруулан битүү хашаа барьж, үүдэн дээр нь харуулын байр босгосон байх юм. “Төрийн тусгай хамгаалалттай газар тул нэвтэрч орохын тулд хүн бүр 300 төгрөг төлөх ёстой. Дархан цаазат Богдхан уулын хамгаалалтын газрын захиргаа” гэсэн бичиг цаанаа л нэг  даажинтай харагдаж байлаа.  Өвлийн хүйтэн жавар ид тачигнаж, хүйтэн салхи хацар алгадаж байхад ч тэнд барилгын ажил ид өрнөж байх юм. Дархан цаазат Богдхан уулын хормой бэлийг хага татан байшингийн суурь тавьж, хог новш овоолж, газар сэндийлэн ухсан нь нүдэнд хүйтэн. Уул өөд өгсөх тусам тансаг харшууд хаяа нийлүүлэн барьж байна. Үзэх харах зүйл ч алга. Үнэндээ энгийн ард иргэд баячуудын байшинг үзэхийн тулд 300 төгрөг төлөх хэрэгтэй болсон бололтой. Дархан цаазат Богдхан уулын захиргаа иргэдээс мөнгө татдаг,  Улсын төсвөөс олон зуун сая төгрөг жил бүр авдаг. Тэгсэн хэрнээ энэ уулыг хайрлах, хамгаалах талаар ганц ч  ажил хийдэггүй нь харваас илт. Үнэндээ энэ байгууллага  Монголын баячуудын хорооллыг л харж хамгаалдаг бололтой.

Нүхтийг нүхэлсэн Монголын баячуудын тансаг харш
УИХ-ын гишүүн асан “Эрэл”-ийн босс Б.Эрдэнэбатын гэр Нүхтийн аманд байрлаж байна. Модны хаяанд, том төмөр хашаагаар хүрээлүүлсэн гурван давхар тансаг харшийнхаа гадна битүү ногоон тор босгож, гольфийн талбай тохижуулжээ. Түүнтэй хаяа залгаад Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч асан Д.Энххуягийн хаус, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарын эдлэн газар үргэлжилнэ. Д.Сугар захирал саяхан байшингаа их өндөр үнээр зарчихсан гэж тэндэхийн харуул ярьж байлаа. “Гурван гал” худалдааны төвийн захирлууд Төрийн тусгай хамгаалалттай газар бас л гурван давхар байшин барьж амьдарцгааж байна. “Макс” группын захирал Д.Ганбаатар энд олон зуун саяын үнэтэй, дотроо усан бассейнтай тансаг байр бариулсан байх юм. Тэдний барьсан тансаг харшийн дэргэд Төр засгийн үйлчилгээний газарт харьяаллагддаг Нүхт цогцолбор энд яг л ядуусын навсгар оромж шиг харагдах нь өрөвдөлтэй. Хуучин цагт Монголын төрийн бүхий л тансаг хүлээн авалт энд болж, эрх мэдэлтнүүд л амарч зугаалдаг байсан газар гэж хэлэхийн аргагүй. Нүхт цогцолборын хашааны үүдийг хааж тансаг зэрэглэлийн зочид буудал барьсан учраас бүр ч сүр нь дарагдсан бололтой. Энэ зочид буудалд халуун орноос ирсэн гоёмсог тогос сүүлээрээ гайхуулж, баячуудын нүдийг хужирладаг гэнэ. Зочид буудлын хажууд “Бодь групп. Тавтай морил” гэсэн жижигхэн самбар босгочихсон байх юм.

“Ихрүүдийн цэцэрлэг” нэрээр халхавчилсан  хамгийн тансаг хувийн эдлэн
Хээ хуар болсон хоёр давхар тансаг байшингийн урд тоглоомын талбай барьж,  чулуун хөлтэй сүүдэрэвч босгочихож. “Ихрүүдийн цэцэрлэгт тавтай морил” гэсэн жижигхэн самбарыг хараад их л олзуурахлаа. Нүхтэд ганц ч гэсэн хүнд хэрэгтэй зүйл барьж, ихэр хүүхдүүдийн цэцэрлэг байгуулсан юм байхдаа хэмээн бодсоор хашаа руу нь орсон юм. Энэ тансаг байшингийн харуул, хятад цэргийн том ногоон хүрэм өмссөн хижээл насны эртэй уулзлаа. Гэвч хэл нэвтэрч чадсангүй. Монгол хэлэнд маруухан манаач эртэй хэл нэвтрэх гэж будилж зогстол байшингаас нэг бүсгүй гарч ирсэн юм. Ихрүүдийн цэцэрлэг хаана байгааг асуутал бүсгүй их л сандарч “Энд ямар ч цэцэрлэг байхгүй. Энэ чинь айл. Та одоохон хашаанаас гар” хэмээн хөөх нь халаг загналаа. “Энэ хашааны дэргэд Ихрүүдийн цэцэрлэг гэдэг хаяг зүүчихсэн байсан шүү дээ” хэмээн учирлатал “Тоглоомын талбай дээр хүүхэд тоглохыг зөвшөөрч л ийм хаяг хадсан юм” гэснээ хаалгаа тас хийтэл хаачихав. Бид монголын тэргүүн баячуудын нэг, “Гацуурт” компанийн захирал Л.Чинбатын хувийн эдлэн рүү нэвтэрчихснээ хэзээ хойно л ойлголоо. Том хашааны үүд нь хүртэл чамин. Байгалийн боржин чулуу зүйж хийсэн чамин хаалга, үнэтэй тоглоомын талбай, хоёр давхар тансаг байрыг харь нутгийн эр манаж суудаг аж. Тэрбээр биднийг их л сэжигтэйгээр харж, эзнийхээ байрыг тойрч, дахин, дахин шалгаж байлаа.

Н.Энхбаярын зуны зуслан
Нүхтийн аманд экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын зуны зуслан байрлаж байна. Хоёр давхар тансаг харшийн дэргэд цэнхэр угалзтай монгол гэр барьсан байх юм. Экс Ерөнхийлөгч өвөлдөө ирдэггүй, зун л ирж зусдаг гэж тэр хавийнхан ярьж байлаа. Гаднаа даруухан харагдах энэ байр дотроо тун тохилог, өвөлдөө манаачаас өөр хүн амьдардагүй гэнэ. Том байшин бүр гаднаа харуул хамгаалалттай, бас дохиоллын их бүрэн  систем суурилулсан байх юм. Мөнгөтэй хүн хулгайчаас л хамгийн их айдаг гэсэн явган яриа үнэн бололтой.
Богд уулын газрыг онги татан байшин барьж байна Нүхтийн амыг нүхлээд дуусч байна. Хог новшинд дарагдсан Дархан цаазат уулын энгэр бэлээр  дүүрэн нүх, овоолсон шороо, дутуу барьсан барилгыг харахад үнэхээр нүд халтирч, сэтгэл шимширмээр.  Монголын ард түмэн “Богд хан уул минь” хэмээн залбирдаг, мянга, мянган ээж Богд ууландаа залбирч, цай сүүнийхээ дээжийг өргөдөг. Зуу зуун хүний сэтгэлд Богд уул онгон дархан, тахилга сүлдэт уул хэвээрээ байгаа. Тэгвэл бид баячуудын тансаг харшид залбирдаг, тэдний гэрийн зүг цай сүүнийхээ дээжийг өргөдөг болж таарах нь. Харамсмаар ч юм шиг… Хайрлаж харамлах, дээдлэж тахих, шүтэж бишрэх зүйл маань өдрөөс өдөрт хумигдаж, мөнгөтэй, эрх мэдэлтэй хэдхэн хүний хязгааргүй шуналаас болж хүндэтгэх  үнэт зүйл, үндэсний баялаг устаж үгүй болж байгааг өөрийн нүдээр харахад сэтгэл шимширч байлаа.
УИХ-ын Байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хороо 2008 оны аравдугаар сард тогтоол гаргаж, Богдхан уулын дархан цаазат газар болон Горхи Тэрэлж, Хөвсгөл нуур зэрэг байгалийн цогцолбор газарт хууль хэр үйлчилж байгаа, энэ газар нутгийн харуул хамгаалалт, газар ашиглалт ямар байгааг шалгуулахаар ажлын хэсэг томилж байлаа. УИХ-ын гишvvн Д.Будаар ахлуулсан энэ ажлын хэсэг шалгалт хийж, санал дvгнэлтээ гаргасан ч шалгалтын дvнг өнөө хэр нууцалсаар байгаа аж.
Үнэндээ Дархан цаазат Богдхан уулыг нүхэлж, тансаг харш барьсан эрх мэдэлтнүүд, баячуудад  Төрийн тусгай хамгаалалттай газар зарж баяжсан сайд дарга нар өөрсдийнхөө булхайг илчлэхээс айж, энэ шалгалтын дүнг бүтэн хоёр жил дарж байгаа гэнэ. Тиймээс Дархан цаазат Богд уулыг өмчилсөн Монголын баячууд” цуврал сурвалжлагыг та бүхэнд хүргэнэ. Төрийн тахилгат, Дархан цаазат Богдхан уулыг хайр найргүй нүхлэж, газрыг нь онги татаж, хөрс шороог нь хуулж, 26 амыг нь хувааж эзэмшсэн эрх мэдэлтнүүд, баячуудын талаархи мэдээлэх болно.


URL:

Сэтгэгдэл бичих