ГАРЫН ТАВАН ХУРУУ КИНОГ БАС ҮНС ШАЛЗАНД ХУТГАХААР АЙСУЙ….

21257

Түмний эх ажнай хурдан хүлэг морин ганц удаа төрж, эрийн гурван наадмын түрүү магнай болном. Ажнай хүлэг морин суга, цавиндаа гуурстай, шанх дэлэндээ жигүүртэй, молор эрдэнийн толгой нь агаар салхийг шувуу мэт зүсэгч бөгөөд үлгэр домогт мөнхрөн үлдсэн билээ.

Ажнай хурдан хүлгийг хувилж болдог билүү? Хүлэг моринг хувилж болдоггүйтэй адил хүний оюун санаанаас урган гарсан бүтээлийг өөр нэгэн?!? хувилж хийхдээ урьд өмнөхөөс нь муутгаж, дордуулж хийх эрх байхгүй. Ялангуяа ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон дэлгэцийн бүтээлүүд дээр жишээ авъя. Тухайлбал “Би чамд хайртай – 2″кино байна. Би чамд хайртай кино бол өөрөө та бидний хэлж заншсанаар захиргаадалтын үеийн буюу бүхэл бүтэн үеийг байлдан дагуулчихсан “шедевр” кино мөнөөсөө мөн. Ийм лут киноны бэлээхэн суурин дээр босгож ирж буй киноны үргэлжлэл хэмээх сүүдэр уг нь илүү гүн агуулга, утга санааг барьж авах ёстой. Тус киноны хамгийн инээдтэй алдаа нь хайр сэтгэлтэй Золбоо, Хангай хэмээх хоёр хосын дундуур Мэндээ гэгч хөдөөний эгэл нэгэн дайрч орж ирээд салгаж байгаа явдал юм. Энэхүү явуургүй үйл явдлыг киноны найруулагч, зохиолч нар гол үзэл санааг болгож “ариун хайр дурлал” мэтээр тунхагласан нь үнэнхүү ядуу. Дутуу дулимаг ажиллаж, бодсон зүйл тоочвол зөндөө. Хэн нэгнийг хүчлэн муу хүн болгож, Солонгосын савангийн дуурийг дууриаж Дэлгэрийн хүү Мэндээ аавынхаа өс хонзонг авах гэж Үрлээгийн охин Золбоотой очиж наалддаг ямархан хялбар аргачлал вэ?..
Зохиол тааруу байлаа гэхэд киноны найруулагч илүү сайн зохиол хайх шаардах, цаашлаад өөрөө сайн ажиллах аваас зүрхнээс зүрхэнд хүрсэн сайхан кино хийх байлаа. Харамсалтай нь Баатар найруулагч Өмнөд Солонгосын савангийн дууриудыг хялбарчлан дууриаж, өмнөх нэрийг ашиглан хялбараар мөнгө олох тооцоог л сайн хийснээс бус жинхэнэ найруулагч хүний өр өвтгөж, сэтгэлд хүртэл урласан ганц олигтой план ч үзээд өгье гээд байсангүй.

Нэгэнтээ сэтгэлд хүртэл шаглачихсан энэмэтчилэн киноны 2 дугаар “сүүдрийг” хийхдээ бэлэн дуу, бэлэн Үрлээ, Баяраа, Дамчаа, Жарантав нарыг ашиглаад л 25 жилийн дараа хүчээр уулзалдаж буй уулзалт, шоу, телевизийн нэвтрүүлэг шиг зүйл хийж ч байх шиг. Тархиа гашилгаж бодсон, сийлсэн, шигтэгсэн нэг ч зүйл огт байхгүй. Аяа даанч харамсалтай.

Мөн “Нандин эрдэнэ” киноны хоёрдугаар ангийг хийхдээ жүжигчин Бат-Өлзийгөөс гэдсэндээ хүүхэд олоод салдаг жүжигчин уран нугараач охиныг товойлгон гаргаж ирээд түүнийг Бат-Өлзийгийн дараагийн эхнэрээс гарсан хүүхэдтэй санамсаргүй учруулаад эцэг нэгтэй ах дүү хоёрын гунигт ядруухан драмыг өрнүүлэх юм.
Би чамд хайртай -2 кино нь рекламны, наймааны шинж чанараас хальсангүй. Хүний сэтгэлд үлдэх юу ч үгүй ус гэсэн үг л дээ.
Энэмэтчилэн өгүүлэх аваас манай сүүлийн үеийн кино урлагт оруулж буй завхрал, сүүдэр зөвхөн эдгээр хоёрдугаар хувилбаруудаар дуусахгүй.

Харин “Боолын гэрээ”, “650″,”Амьдрах тасалбар”, “Байтаг Богд” зэрэг кинонууд бол эрэл хайгуул хийж тархиныхаа эд эсийг зохиолч, найруулагч нар нь ямартай ч дайчилсан гэмээр байсныг дурдууштай.

Эцэст нь өгүүлэхэд зүрхнээс зүрхэнд шигтэгсэн зохиолч Лодойдамба агсны зохиолоор сайн найруулагч нарын ур авьяас ханаж бүтээсэн “Гарын таван хуруу” киноны хоёрдугаарыг хийх цуурай түгэж байна. Хэн дуртай нь зохиол бичиж, хэн дуртай нь найруулж, бүүр эхнэр нь гол дүрд тоглож, өөрсдөө найруулж, бичиж үгүй мөн тасарчихсан авьяастангууд шүү… Гэр бүлийн хамтлаг маягтай, найз нөхөд нь арилжааны буюу өөрсдийнх нь хэлснээр “солгой” гараараа бичсэн юм гэж ичих ч үгүй ярьж суух. Монголын кино урлаг энэмэтчилэн мөхлийн ирмэгт ойртож, мөнгө бодсон хөөсөн бүхнээр тоглуулж, сэглүүлж суугаад сэтгэл сэмэрнэм.

Хундаам суурь сайн цутгасан байхад байшин барихад сайн байшин баригддагын адилаар Монголын кино урлагт мөрөө үлдээсэн, сэтгэл зүрхэнд үеэс үе дамжин хадагдсан энэмэтчилэн кинонуудын хоёрдугаар сүүдэр гэгчийг хийхдээ өмнөхөөс нь илүү гаргаж чадахуйц ядаж ганц план, дүрс, үг шигтгэж чадахгүй аваас зүгээр л мөрөөрөө явцгаадаг бол яасан юм бэ Монголын “агуу” найруулагч нэртэй сэглэгчид нар аа…


URL:

Сэтгэгдэл бичих