Авлигатай Монголын төрийн түшээдэд холбогдох хэргийг сануулж байна
НҮБ-ын Ерөнхий ассамблей жил бүрийн арванхоёрдугаар сарын 9-ний өдрийг “Авлигын эсрэг олон улсын өдөр” болгон тунхагласан.
Аливаа улс орны хөгжлийг сааруулж байдаг үзүүлэлтүүдийн нэг болох авлигын эсрэг тэмцэхээр манай улс 2005 онд Авлигын эсрэг конвенцид нэгдэж, АТГ-ыг байгуулсан. Гэтэл АТГ байгуулагдсан зургаан жилийн ойн босгон дээр манай улс дэлхийн 183 орны, 120-т орж, авлигын индексээрээ тэргүүлэгчдийн нэгээр нэрлэгдэж байна.
Авлига, хээл хахуулийг багасгах биш, ихэсгэхэд нөлөөлж байгаа гол зүйлүүдийн нэгийг манай АТГ төрийн бусад эрх мэдэл бүхий субьектүүдээс хараат бус байж чадахгүй өнөөг хүрч байгаатай холбон тайлбарладаг.
Тэр дундаа УИХ тус байгууллагын төсвийг батлаж, албан хаагчдынх нь цалинг тавьдаг тул “эзнийхээ” эсрэг ажиллах боломжгүй байдаг гэдэг. Үүний тод жишээ нь өнгөрсөн хугацаанд АТГ-т олон төрийн түшээ шалгагдсан боловч өнөөдрийг хүртэл нэг нь ч ял шийтгэл сонссон удаа байдаггүйтай холбон тайлбарлах хүмүүс бий.
Тэр байтугай авлига авсныг нь хуулийнхан хөдлөшгүй баримтаар тогтоож, олон нийтийн өмнө нь хийсэн бүх үйлдэл нь тодорхой болж, өөрөө гэм буруутайгаа хүлээсэн ч өнөөдрийг хүртэл Монгол төрийн жолоог атгалцаж яваа УИХ-ын гишүүн “Зөвхөн Монголд” бараг байгаа гэхэд хилсдэхгүй биз ээ.
Авлига авснаа өөрөө хүлээсэн ч өнөөдрийг хүртэл төр түшилцэж яваа эрхэм
Хөвсгөл аймгаас сонгогдсон энэ эрхэм ЭМ-ийн сайдаар ажиллаж байхдаа Тайванийн Тайпэй хотын яаралтай түргэн тусламжийн төвөөс манай улсын эрүүл мэндийн байгууллагад тусламж болгон өгсөн 10 ширхэг түргэн тусламжийн машиныг Эрүүл мэндийн үйлчилгээний яаралтай тусламжийн төвүүдэд хуваарилах нэрийдлээр завшиж, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан Ц.Оюунчимэгтэй бүлэглэн Халдварт өвчин судлалын үндэсний төвийн засварын ажлыг хийгээгүй атлаа гүйцэтгэлийг хангасан тухай актуудыг хуурамчаар үйлдэн 98 сая гаруй төгрөг завшсан.
Мөн Эрүүл мэндийн яамнаас орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын хэрэгцээнд тоног төхөөрөмж худалдан авах тендерийг будлиантуулж өөрийн төрсөн ах Л.Баяндалайгийн эхнэр С.Нэргүйн хувийн компани болох “Булгат-Овоо” компанид давуу эрх олгож улсад 630 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэнийг Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид шалгаад тогтоосон байдаг.
Түүнчлэн Халдварт өвчин судлалын үндэсний төвийн данстай “Ланд круйзер” маркийн машиныг Хөвсгөл аймгийн Байгалийн голомтот халдварт өвчин судлалын албанд шилжүүлэх тушаал гаргаад өөрийн ах Л.Доржид эзэмшүүлж байсныг Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагчид хураан авсан байдаг. Дээрх хэргийг удтал шалгаж, эрхэм гишүүний гэм буруутайг АТГ-ынхан тогтоосон ч энэ жил түүнд холбогдох хэргийг Өршөөлийн хуульд хамруулсан.
Өршөөлийн хуульд хамрагдана гэдэг нь тухайн гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдсан этгээд өөрийн гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч, өөрийн хийсэн гэмт үйлдэлдээ харамсч байгаагаа илэрхийлэн Монголын төрөөс өршөөл ирж буйгаа хуулийн байгуулагад уламжилсны дагуу холбогдох хууль тогтоомжийн дагуу ялаас чөлөөлөх агуулгатай байдаг.
Эндээс харахад УИХ-ын гишүүн Л.Гүндалай ЭМ-ийн сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсад 730 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан ч түүнийг Монголын төр өршөөж, түүгээр зогсохгүй авлига авсан хүнээр төрөө жолоодуулсаар байна.
Хуулийн цоорхой гэж Ц.Сүхбаатар нарт холбогдох хэргийг хэлдэг бололтой
Үүнтэй төстэй мөн өөр нэг жишээ байдаг. Энэ бол УИХ-ын гишүүн асан Ц.Сүхбаатарын хэрэг. Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга асан Ц.Сүхбаатар МАХН /одоогийн МАН/-аас 2004-2008 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, УИХ-д сууж байсан.
Түүнийг төрийн жолоог залалцаж явах хугацаанд түүний УНДЕГ-ын даргаар ажиллаж байхдаа тухайн үеийн Санхүү, төлөвлөлтийн хэлтсийн дарга болон бусад хүмүүстэй бүлэглэн 2,6 тэрбум орчим төгрөгийн хэрэгт холбогдуулан АТГ-т шалгах болсон талаархи мэдээлэл дэгдэж, түүний УИХ-ын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УЕП-оос УИХ-ын даргад хүргүүлж байсан.
Хожим түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа энэ хэргийг сэргээн шалгасан юм. Улмаар өнгөрсөн жил түүнд холбогдох хэргийг Монгол Улсын гурван шатны шүүхээр шүүж, гэм буруутайг нь тогтоосон боловч түүнд холбогдох хэргийн хөөн шалгах хугацаа дууссан гэх шалтгаанаар мөн л сул явуулчихсан.
О.Чулуунбатыг Сэлэнгэчүүд сонгохоо болихоор хэргийг нь “шалгана”
Мөн Монгол банкны ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн О.Чулуунбатын гэх тодотголтой хэргийг АТГ-т шалгаснаас хойш багагүй хугацаа өнгөрч, түүний бүрэн эрхийг түдгэлзүүлсний дараа шүүхээр шийдвэрлэнэ хэмээсээр өнөөг хүрэв.
“40000 орон сууц” хөтөлбөрийн хүрээнд Монголбанкны ерөнхийлөгч асан О.Чулуунбат 2006 оны гуравдугаар сарын 9-нд Жорж Чалмерстэй 200 сая долларын аккредитив нээх гэрээ байгуулсан. Түүгээр нь Жорж Чалмерс 20 гаруй сая долларын хөрөнгө босгосон ч нэг ч орон сууц бариагүй юм.
Прокурорын байгууллагаас Ж.Чалмерсийн хэргийг О.Чулуунбатынхаас тусгаарлан хэлэлцүүлэх шийдвэр гаргасан ч өдгөө АНУ-ын иргэнгүйгээр энэ хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж үзжээ. Тиймээс АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэн, шүүхэд шилжүүлсэн О.Чулуунбатад холбогдох хэргийг Ж.Чалмерсийг барьтал түдгэлзүүлэх шийдвэр гаргаад байгаа билээ.
Бүрэн эрхийг нь түдгэлзүүлээгүй ч Х.Наранхүүг шалгасаар
Эдгээрийн араас энэ оны долдугаар сараас УИХ-ын гишүүн Х.Наранхүү төрийн өмчит “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар 2000-2007 онд ажиллаж байхдаа албаны эрх мэдлээ хэтрүүлж, албан тушаалаа урвуулж ашиглан, их хэмжээний хөрөнгө хувьдаа завшсан, мөн үйлдвэрт олон компани, хүмүүсийн шахааны бараа, бүтээгдэхүүнийг авсан хэрэгт холбогдоод байгаа билээ.
Тэрбээр өөрөө ч АТГ-т өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн мэдүүлэг өгч байгаагаа хэлж байгаа. Гэтэл манайд одоо мөрдөгдөж буй хууль ёсоор УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаанд түүнийг дуудан байцаах, хэрэгт холбогдуулан сэжигтнээр татах эрх зүйн орчин байдаггүй гэдэг. Гэвч энэ хэрэг дээр энэ заалт хэрэгжихгүй Х.Наранхүүг байцаагдсаар байгаа.
Д.Дондог гишүүний газрын наймааны хэрэг хаашаа эргэх нь тодорхойгүй хэвээр
Газрын хууль бус наймаа эрхэлж, олсон мөнгөө намынхаа сонгуулийн сурталчилгаанд ашигласан хэргээр УИХ-ын гишүүн Д.Дондог АТГ-т шалгагдаад удаж байна. Энэ хугацаанд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий Прокуророос гурван ч удаа оруулж ирээд байгаа юм.
Д.Дондог гишүүний хувьд хууль бус газрын наймаагаар олсон 2,6 сая ам.доллараа намын нөхөддөө өгсөн талаархи мэдээллүүд хэвлэлээр гараад буй.Мөн өнгөрсөн сонгуулийн санхүүжилтээ ч дээрх аргаар олсон гэж хардагдаж байгаа юм.
Түүний энэ хэрэгт “Сум бар” компаний захирал А.Батбилэг гэгч оролцжээ. Д.Дондог гишүүн тухайн үед түншүүддээ “Манай нам ялж, УИХ-д олонхи болсон нөхцөлд танай газрын асуудал, цаашдын ажилд чинь бидний зүгээс тусалж дэмжинэ” хэмээж байжээ.
Түүний адил МАН-ын өөр хоёр ч гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудал УИХ, УЕП-ын голд явсаар байна.
Энэ мэтчилэнгээр АТГ байгуулагдсан цагаасаа эхлэн ажлаа хийхээр хэд хэдэн оролдлого гаргасан боловч өдгөө тус газарт шалгадсан хэргүүдээс улс оронд учруулсан хор хохиролын хэмжээгээрээ тэргүүлдэг ч эдгээр хэргүүдийн шийдвэрлэлт, мөрдөн шалгах явц ийм байдалтайгаар үргэлжилж байна.
С.Заяа
URL: