Биднийг балайрч байх хооронд…2
Манайхан сонгуулийн хууль, Энхбаярын “маш нууц” стратеги төлөвлөгөө, баривчлагдсан туслах Тулгын асуудал, цалин нэмэх энэ тэр гээд ухаан алга. Энэ хооронд дэлхийн нүүрсний баланс, үнэд сэтгэл зовнимоор их өөрчлөлт бараг өдөр тутам гарах юм. Ингээд бүр тэсэхээ байгаад “Биднийг балайрч байх хооронд” өгүүллийнхээ №2-ыг бичлээ.
Шууд хэлэхэд ямар гээч ард түмэн ийм балай тэнэг байдгийм, миний үйлийн үр юм байхдаа л гэж бодож байна. Уурлавал уурлаарай л даа, надаас өөр олон хүн ингэж бичихгүй л байх шүү…
Хятадад болсон явдал
Энэ оны 10 дугаар сарын 22-нд Хятадын нүүрс, гангийн эрэлт нийлүүлэлтийн 3 дугаар форум болсон байна. Хятадын коксждог нүүрсний салбарын Холбооны дарга Хуан Цинган энэ онд хятадын коксждог нүүрсний олборлолт 400 сая тоннд хүрнэ, харин экспорт 4 сая тонноос хэтрэхгүй гэж мэдээлжээ.
Энэ оны эхний 8 сарын байдлаар хятадын коксны үйлдвэрлэл 13,7 хувь өсч, 285 сая тонн хүрчээ. Харин 9 болон 10 дугаар сард 322 сая тонн болж өнгөрсөн оныхоосоо 13,8 хувь өсчээ. Ингээд Хуан Цинган коксждог нүүрсний үнэ тогтвортой байх бөгөөд дараа жилд ч гэсэн онцгой өөрчлөлт гарахгүй хэмээн мэдэгдсэн байна.
Хятадын статистикаас үзэхэд энэ оны эхний 7 сарын байдлаар коксждог нүүрс дахин боловсруулдаг, баяжуулдаг үйлдвэрүүдийн нийт орлого ойролцоогоор 37,96 хувиар өссөн байна. Коксждог нүүрс баяжуулснаас олсон нийт ашиг 7,46 миллиард юань болжээ.
Атаархаж үхмээр байгаа биз. Яахав, өөрийн өртөг, санхүүгийн зардал нь нэлээд өссөн гэж байна лээ. Ер нь бол Хятадын эдийн засаг өсөхийн хэрээр гангийн үйлдвэрлэл ихсэх бөгөөд энэ нь коксны эрэлтийг гарцаагүй өсгөх юм байна.
Хятадын мужуудад болсон явдал
Хэдхэн хоногийн өмнө Хятадын Шаньси, Хэбэй, Шаньдун мужуудын коксны үйлдвэрүүдийн холбоо болон Шэньси муж кокс үйлдвэрлэгч заводуудад хандан үйлдвэрлэлээ 50 хувь багасгах хүсэлт тавьж, үнээ тогтвортой барихыг хүсчээ. Гэхдээ Шаньси мужийн үйлдвэрүүд үйлдвэрлэлээ нэлээд эрт зогсоосныг тооцох юм бол энэ нь хэдхэн мужуудын хоорондын асуудал биш бололтой…
Хятадын ган хайлуулагчид үйлдвэрлэлээ багасгаж, зарим нь нүүрсний уурхайнуудад өр төлбөрөө төлөхгүй луу унжих болжээ. Энэ нь коксны үнийг багасгах гэсэн оролдлого юм байна.
Манай дарга нар нүүрсээ Шаньси мужийн үнээр 70 доллараар зардаг гэж УИХ дээр албан ёсоор мэдээлдэг. Би ч сүүлийн үед хэн нь Монголын дарга, хэн нь Шаньси мужийн дарга гэдгийг ялгахаа байсан ш дээ. Иймээс юу ч гэсэн Шаньси мужийн хоёрдугаар зэргийн коксждог нүүрсийг Хэбэй мужийн заводуудад 1 тонныг нь 2000 юань буюу 314 доллараар зарах болсон гэдгийг монголчуудад мэдээлж байна. Энд тэдний нэмэгдсэн өртгийн татвар орсон юм билээ…
Монголд болсон явдал
Монголоос Хятадад нийлүүлэх коксждог нүүрс энэ оны 9 дүгээр сард рекорд түвшин буюу 2,31 сая тоннд хүрчээ. Харин Австралийн Хятадад гаргах коксны хэмжээ 63 хувь унаж, 648.451 тонн болжээ. Ингээд ганцхан жилийн дотор Монголчууд “муусайн” Австралчуудыг бараагүй хол хаяжээ.
Энэ нь бидний сайных биш, нөгөө австралиуд нь өөрийнхөө нүүрсийг ухахаа больчихоод монголын нүүрсийг ухаж зардаг “шинэ ажилтай” болсныг онцлон дурдаж байна. Нэг их баярлаад байхаар эд биш л баймаар…
Манайхан энэ оны 9 сард гэхэд л 2,24 сая тонн кокс ачаад гаргачихсан байна. Ганцхан сард шүү дээ…Тэгэхэд Оросууд 477.632 тонн, Индонез 154 311 тонн, Канад 123 718 тонн, Шинэ Зеланд 54 003 тонн кокс Хятадад гаргаж байна. Энэ “муусайнууд” манай Монголын дэргэд ёстой яршиг л байна…
Монголын Таван Толгойн нүүрсний эхний хэсгийг Монгол-Хятадын хил дээрх Ганц модны боомтоор дамжуулж хүлээн авсан хийгээд дараагийн 3 жилд 15 миллиард тонн нүүрс авах болсноо хятадын тал энэ 10 дугаар сарын 19-нд дэлхий дахинаа мэдээлж байхад манай Монголд таг чиг…
Биднийг балайрч байх хооронд ч гэж дээ, энэ засаг шиг юм чинь ингэж балайруулаад байгааг ойлгохгүй бол, нэг сая төгрөг горьдож сайн дураараа хулхидуулж байгаа бол мэдээж балай л байж таарна ш дээ…
2011 оны 12 дугаар сарын 05.
URL: