Мартагдсан хэлэлцээрийг эргэн санах шалтгаан ба цуцлагдсан айлчлалуудын эргэн тойронд
Ирэх, явах айлчлал цуцлагдсан тухай мэдээлэл цахим орчинд хэсэг шуурч байна. Хамгийн шинэ сэргэг нь гэвэл ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголд ирэх гэж байснаа болив гэх мэдээлэл. Хойд хөршийн тэргүүн ирэх сарын эхний хагаст Хятадын Шаньдун мужийн Циндао хотод болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын уулзалтад оролцох буцахынхаа аль нэг замдаа Улаанбаатарт саатаж нэг өдрийн айлчлал хийх байснаа цуцалсан тухай мэдээлэл явж байна. Манай Ерөнхийлөгч ШХАБ-ын энэ уулзалтад оролцоно гэдгээ мөн мэдэгдээд байгаа. Тэгэхээр тэнд хоёр Ерөнхийлөгч уулзах нь тодорхой. Мөн тодорхой асуудлаар ажил хэргийн яриа хэлцэл өрнүүлж ч магадгүй. Магадгүй гэхийн шалтгаан нь энэ тухайд одоогоор албан ёсны мэдээлэл байхгүй байгаатай холбоотой. В.Путины хувьд Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын хувиар Монголд 2009, 2014 онд айлчилж байсан.
Нөгөө нэг цуцлагдсан гэх айлчлал нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хойд хөршид хийхээр товлогдсон айлчлал юм. Тодруулбал, тавдугаар сарын 23-26-нд Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумд оролцох байв. Гэвч ОХУ-ын талаас Монгол Улсын Ерөнхий сайдыг хүлээж авах бэлтгэл ажил хангагдаагүй гэсэн үндэслэлээр айлчлалыг хойшлуулсан гэж албаны хүмүүс мэдээлж буй.
Айлчлал цуцлагдсан талаархи олон таамаглал байгаа ч энэ тайлбар үнэний хувьтай байх боломжтой. Учир нь ОХУ-ын шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг баталсан зарлигт Ерөнхийлөгч В.Путин энэ сарын 18-нд буюу 5-хан хоногийн өмнө гарын үсэг зурсан. Тэгэхээр айлчалын бэлтгэл ажил хангагдаагүй байх магадлал илүү өндөр.
Хэрэв энэ айлчлал товлосон ёсоор болсон бол:
- Монгол, ОХУ-ын транзит тээврийн гэрээнд гарын үсэг зурах, Монгол Улсын эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах санал тавихаар төлөвлөж байв.
- Махны экспорт, Монгол, Оросын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцох байв
- Мөн Монголын ачаа тээвэрт 25 жилийн хугацаатай тарифын хөнгөлөлт үзүүлэх баримт бичгийг ОХУ-аас бэлэн болгоод байсан юм.
Гэхдээ айлчлал хойшилсон болохоос бүрмөсөн цуцлагдаагүй. Тэгэхээр дээрхи асуудлаа хөрштэйгээ хэлэлцэж тохирох хугацаа ойрын үед ирнэ гэдэг нь тодорхой зүйл. Энэ бүхэн асуудлын нэг тал. Харин нөгөө талаасаа Монголын Ерөнхий сайдын айлчлалыг цуцалсан нь хар сэр, элдэв таамаг тааврыг амилуулж байгаа нь үнэн.
Хүний бодол руу өнгийж хардагүйтэй адил эелдэгхэн тайлбарын цаана өөр эрх ашиг, сонирхол байхыг үгүйсгэх аргагүй. Тэгвэл Михайлд ямар бодол байж болохов гэдэг дээр Монголын хэвлэл мэдээллийнхэн ухаанаа уралдуулж байгаа нь буруу биш.
Тавантолгой-Цагаансуварга-Зүүнбаян-Сайншанд-Баруун-Урт-Чойбалсан-Эрээнцав-Соловьевск хүртэлх 920 км төмөр замын төсөлд оролцох сонирхлоо ОХУ хэдэн жилийн өмнөөс хүчтэй илэрхийлсээр ирснийг эргэн санах хэрэгтэй болж байна. Монгол Улсын Засгийн газар ч тухайн үедээ энэ хүсэлтийг дэмжсэн шийдвэр гаргаж байсан билээ.
Таамаглал Тавантолгой руу хөвөрч байгааг ч анзаарахад төвөгтэй биш байна. Даваа гарагт УИХ дахь МАН бүлэгт Тавантолгойг ашиглах хувилбараа Засгийн газар танилцуулсан, улмаар энэ асуудал Эдийн засгийн форум дээр үргэлжлэн яригдсан.
Засгийн газрын санал болгож буй хувилбар Эрдэнэс Тавантолгойн төрийн мэдлийн эзэмшлийн 30 хувьд IPO гаргаж, олон улсын хөрөнгийн зах зээлээс 4,7 тэрбум ам доллар босгож, уг мөнгөөр Тавантолгой төслийн авто зам, төмөр зам, баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, нүүрс химийн үйлдвэр барих бүрэн боломжтой гэж үзжээ. Харин Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын тухайд худалдаж, худалдан авч байгаа талууд хөрөнгө мөнгөө босгож барих ёстой гэсэн байр суурийг салбар яамныхан илэрхийлээд удаагүй байгаа. Ингэж харвал энэ төмөр замд Хятадын компани зайлшгүй оролцох болно. Манай нүүрсний гол худалдан авагч нь БНХАУ. Энэ утгаараа Тавантолгойгоос зүүн тийш чиглэсэн төмөр замуудын төсөлд ч гэсэн худалдан авагчийн хувьд тэд идэвхтэй оролцох магадлал өндөр байгаа юм.
Гэтэл Тавантолгой-Цагаансуварга-Зүүнбаян-Сайншанд-Баруун-Урт-Чойбалсан-Эрээнцав-Соловьевск хүртэлх 920 км төмөр замын төсөлд оролцох сонирхлоо ОХУ хэдэн жилийн өмнөөс хүчтэй илэрхийлсээр ирснийг эргэн санах хэрэгтэй болж байна. Монгол Улсын Засгийн газар ч тухайн үедээ энэ хүсэлтийг дэмжсэн шийдвэр гаргаж байсан билээ.
В.Путин 2009 оны тавдугаар сард Монгол Улсад айлчлах үеэрээ хоёр улсын төмөр замын хамтарсан компани байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурсан нь мартагдаагүй байгаа. Үүний араас “Оросын төмөр зам” нийгэмлэгийн тэргүүн В.Якунин Монголд ойр ойрхон ирж төмөр замын шинэ маршрут байгуулах төслөө олон нийтэд танилцуулж байсан нь саяхны явдал.
Тухайн үеийн төсөөлөл тооцоогоор Тавантолгой-Зүүнбаян-Сайншандын төмөр замын маршрут гол шугамтайгаа холбогдож, Оросын болон Хятадын төмөр замын сүлжээгээр дамжин Европ, Дундад Ази, Зүүн хойд болон Зүүн өмнөд Ази руу, ОХУ-ын Владивосток, Находка болон Восточный боомтууд хүрэх боломжтой болно гэдгийг Оросын тал мэдэгдэж байсан.
Аль ч талаас нь харсан Монголын коксжих нүүрсийг гурав дахь зах зээлд гаргахад ОХУ-тай хамтран ажиллах нь зайлшгүй юм.
Гэтэл Тавантолгойг ашиглах өнөөдрийн төсөөллөөр төмөр замын байгуулалтад БНХАУ-ын оролцоо илүү тод байхаар төсөөлөгдөж байна. Ийм байдал Орос “ах” нарын дургүйг хүргээгүй гэж ам бардам хэлэх аргагүй. Өөрөөр хэлбэл монголчууд хэлсэн ярьсандаа байж чадаагүй гэх дургүйцэл байж мэдэх юм.
Монголын төмөр замын шинэ бүтээн байгуулалтуудын төлөвлөгөө ганцхан урд хөршийг чиглээгүй. Хойшоо чиглэлийн Эрдэнэт-Овоот-Арцсуурь-Кызыль гэсэн 542 км бас нэг чиглэл эрчимтэй яригдаж байгаа. Үүгээрээ монголчууд хойд хөршийнхөө хүсэлтэд хүндэтгэлтэй хандаж байгаагаа илэрхийлэх нэг боломж нь юм. Гэхдээ эн нь зүүнч иглэлийн төмөр замын байгуулалтад оролцох гэсэн оросуудын сонирхол санаачлагыг хангаж чадахгүй нь тодорхой. Энэ бүхэн бол зүгээр л таамаглал, гаргалгаа.
Монгол Улс хоёр их хөршийн дунд хавчуулагдсан “халиуны зулзага”. Мөнхөд ийм оршино. Тэгэхээр өөрийн эрх ашгаа хоёр хөрштэйгээ тэнцүүлэх ухаан, эв дүй үе үеийн улстөрчдийн хамгийн чухал шалгуур байсаар байх болно.
П.Булган
URL: