Ц.Дашдорж, Ж.Энхбаяр нар 200 чоно авлуулжээ

Говь-Алтай аймгаас УИХ-д сонгогдсон МАН-ын гишүүд болох Ц.Дашдорж, Ж.Энхбаяр нар саяхан аймгийнхаа бүх сумын Засаг даргад үүрэг өгч 200 гаруй чоно авлуулжээ. Эрхэм гишүүд энэ том ангийнхаа багагүй хэсэгт оролцсон тухай Говь-Алтай аймгийн иргэд шивэр авир гэж байна. Тун удахгүй сонгууль болно. Тиймээс гишүүд чоно авлаж, малчдын дунд нэр хүндтэй болох гэж оролдож байгаа бололтой юм. Уг нь манай улсад саарал чоно ховордож, байгалийн тэнцвэрт байдал алдагдахад хүрээд байгаа тухай эрдэмтэд ярьсаар байгаа. Тэр ч битгий хэл зүүн гурван аймагт чоно авлахыг нэг жилээр хориглож байсан удаатай. Хэдийгээр одоо хориг цуцлагдсан, аль аймагт чоно авлахыг зөвшөөрч байгаа ч нэг дор энэ олноор нь хүйс тэмтэрэх тийм сайн хэрэг мөн үү гэдэг нь эргэлзээтэй. Нөгөө талаар эрхэм гишүүд ард түмнийхээ амьрал ахуйг дээшлүүлж, сум орон нутгаа өөд нь татаж суух ёстой дарга нарыг чонын авд явуулж, зугаацуулж байдаг гишүүд ч ямар их эрх дархтай юм. Чоно авлахын тулд Засаг дарга нар морь унаад, уулан гараагүй нь л лавтай. Том том жийп машин хөлөглөж, өч төчнөөн мөнгө төгрөг үрсэн л байж таарна. Сонгууль дөхөхөөр хүн битгий хэл чоно хүртэл хохирох юм даа.


URL:

Сэтгэгдэл бичих