Японы уулчин Эверестийн оргилд гарахаар найм дахь удаагаа оролдоод амиа алджээ

21125

Дэлхийн оргил Эверестийг эзлэх гээд долоон удаа бүтэлгүйтэж байсан Японы 36 настай уулчин Нобуказу Курики найм дахь удаагаа авирч байгаад өнөөдөр буюу Даваа гарагт амиа алджээ.

Далайн түвшнээс дээш 8,850 метр өндөр уулын 7,400 метр дэх уулчдын отогт майхандаа унтаж байгаад амьсгал хураасан байсныг олсноо Балбын аялал жуулчлалын албаныхан мэдэгдсэн байна. Уулын өндөрлөг хэсэгтэй холбоо барихад хүндрэлтэй байгаагаас үхлийн шалтгааныг бүрэн тодруулаагүй байгаа гэнэ.

 Курики өмнө нь долоон удаа Эверестийн оргилд гарах гээд чадаагүй байжээ. 2012 онд тэр 8,230 метрийн өндөрт цасан хунгарт Цельсийн -20 хэмээс доош хүйтэнд хоёр хонохдоо гарын есөн хурууныхаа үзүүрийг хөлдөөж, тайруулсан юм байна.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Македоны уулчин 63 настай Георги Петков мөн Эверестэд авирч байгаад амиа алдсан юм.

Энэ оны гуравдугаар сараас тавдугаар сарыг дуустал үргэлжилдэг цаг уурын хувьд боломжтой улиралд нийт 340 гаруй уулчинд Балбын засгийн газраас авирах эрх олгосон байна. Тэгвэл энэ хугацаанд одоогоор хоёр уулчин амиа алдаад байгаа нь энэ юм.

Эх сурвалж: Asahi Shimbun

Э.СЭМҮҮН, IKON.MN


URL:

Сэтгэгдэл бичих