Ялахаа мэдсэн намд “цаг хугацааны хайч байдаггүй”

1ae138ede9e3f1fbbfeaa2f378e5301c_14933454052008 оны 7 сарын 1 монголын улстөрийн түүхэнд хараар бичигдсэн бол 2012 оны 6 сарын 1 эдийн засгийн түүхэнд хараар бичигдэх шахаж.

Шахаж гэдгийн учир нь АН-ын мөнгө тараалт Эрдэнэтийн 49 хувийг алдах шахаж байхад Монголын нэг компани овсгоо гаргаад аваад ирсэн байна.

Яг ийм үед бас Ч.Сайханбилэгийн либерал араншин санаа олж, живж буй хүн өвсний үзүүр шүүрэхийн адил “Хувь ч бай хувьсгал ч бай Монголд байгаа бол 100 хувь Монголынх” гэдэг тайлбар бодож олжээ. Өөрөө өөрийгөө “хайчилчихсан” алсын хараагүй Ерөнхий сайд, өөр юу ч гэх вэ дээ!

“Эрдэнэт”-ийн 49 хувийг Казахстаны Балхаш дахь металлургийн үйлдвэр бас Хятадын өнгөт металлургийн үйлдвэр бас авах сонирхлоо илэрхийлсэн байна. Казахын бизнесүүд бүр нисдэг тэргээр ирж “Эрдэнэт”-тэй танилцаад явсан байна, гэхдээ “манай талын хэн нэгний” урилгаар ирсэн байж магадгүй.
Хуучин ЗХУ өнгөт металлургийн үйлдвэрээ Казахстанд барьсан нь Оросууддаа хайргүйдээ биш байгаль орчин, технологи нь хүн ам, байгальд хортой учраас бага ястнуудын эзгүй нутгийг л сонгосон хэрэг байх.

 Үнэндээ Узбекийн Алмалыкийн зэсийн ордын хүдрийг голчлон боловсруулах (хоёул Холбооны бага улс) зорилготой уг үйлдвэр дорно этгээддээ шинээр бий болсон Монголын “Эрдэнэт”-ийн зэсийн хүдрийг боловсруулдаг болсон юм. ЗХУ задармагц ОХУ өөртөө зэсийн хүдэр боловсруулах үйлдвэргүй болсон тул “Эрдэнэт”-тэй тэгтлээ зууралдаагүй.

Бүр 2015 оны 12 сард Монголын талаас “Эрдэнэт” үйлдвэрт зэс боловсруулах үйлдвэр барих санал Оросын талд хүргүүлж, үйлдвэрийн хагасыг эзэмшигчийн хувьд өөрт оногдох хагас тэрбум ам.долларын хөрөнгө оруулахыг хүссэн байдаг. Оросын тал уг саналыг аваад зөвлөх компаниар шинжлүүлэхэд “Мөнгө өгч болохгүй, монголын улс төрчид хулхидаад сонгуульдаа хэрэглээд дуусгана” гэсэн зөвлөгөө өгсөн тул татгалзсан байдаг.

Үүнээс ердөө хагас жилийн дараа Оросууд тов тодорхой нөхцөл тавьсан байна. “Эрдэнэтийн 49 хувийг 450 сая ам.доллараар зарна, хэн ашигтай санал тавина түүнд нь л өгнө” гэж. Хятад, Казахын компаниуд “49 хувийг эзэмшинэ, гэхдээ мөнгийг үйлдвэрийн үр ашгийг сайжруулах ажил хийсний үр дүнд олох ашгаас тун ойрын хугацаанд буюу 2-3 жилийн хугацаанд төлье!” гэсэн бараг адил санал хүргүүлсэн байна. Яг энэ үед “Монголын зэс” компанийн хоёр залуу “Мөнгийг шууд төлнө” гэсэн санал өгөөд ялжээ.

Үүнээс цааш давуу санал байхгүй, тиймээс тэд жинхэнэ аз туршилт хийсэн байна. Оросууд ч нэг их Монголд хайртайдаа Монголынх компанид өгчихье гэж бодоогүй, “ах нар маань” талийгаад 30 жил болж байна аа… Зүгээр л мөнгөө найдвартай бөөнөөр нь авах гэсэн л байхгүй юу! Гадаад худалдаа хийдэг 50 орчим сая ам.долларын хуримтлалтай энэ жижиг компани ямар худалдаа хийдэг байсан хэрэг вэ? Лав хүнсээр хураах юм биш, тэгэхээр миний хардах нь “Эрдэнэт”-тэй л холбоотой байх. Тэгж яваад “49 хувийг” зарах гэж байгааг мэдээд яваад орчихсон байна. Аз ч юм уу, эз ч юм уу… Тэгээд саналыг тултал нь тавьжээ, “шууд бэлнээр авъя”. Монголын зэсийнхний ярих нь, “Мөнгө босгох бол амархан байсан, “Ростех”-ээс авсан “Эрдэнэтийн хувийг авах компани мөн” гэсэн “тодорхойлолт”-той байхад л бизнес эрхлэгчид маш их шохоорхсон” гэж байна.
Харин гацаачихсан бол өнөө 49% нь Хятад юм уу, Казахын мэдэлд орсон бол өдийд МАН-ынхан “Хурааж ав” гэж биш, “Ч.Сайханбилэгийг цаазал” гэж дэвхцэж байх ёстой, үгүй юм болов уу?

Эдний араншинг ойлгохоо больчихоод удаж байна. Энэ удаад Ч.Сайханбилэг ахиад айсан, “Байсан мөнгөө сонгуульд зориулж цацчихаад, нэмээд 49 хувийг Хятад юм уу, Казах компанид алдчихсан бол Ц.Нямдорж байтугай хүмүүс, бүр мань мэт ч “Алаад хая” гэж дэвхцэнэ л дээ! Ч.Сайханбилэг ордонд өлгүүлэх зургийнхаа ард “Оюу толгой, Эрдэнэт” хоёрын зургийг зуруулж байна гэсэн, ойрд ордон ороогүй тул харж амжаагүй л байна.

 Ял, гавъяа хоёрыг нь ялгаж салгамаар л байгаа юм. Өөрөө яг алины нь төлөө “өлгүүлэх” болчихоод байгаа билээ? Яг үүн шиг 49 хувь Монголд ороод ирсний дараа хэрэг мандаж хэнгэрэг пижигнэсэн. Ял гавъяа хоёрыг ялгаж салгахаа больсон, нийтээрээ. Би бол яг энэ 49 хувийн төлөө зүтгэсэн Монголын “нөгөө нэг компанид” л учир бий гэж бодож байна. Тэр компани Казах, Хятадын компаниудын алинтай нь консорциум болсон бол? Яг одоохондоо тодорхой мэдээлэлгүй учраас үүнийг орхиё! Ц.Нямдорж бол “АН-ынхан мөнгөө банкинд нууцаар мөнгөө цуглуулсаар байгаад авчихлаа” гэж хардаад байгаа юм байна л даа. АН-ынхан авчихсан юм гэхэд хэргийн эзнээр тодруулах гээд бараагүй “сахал” Эрдэнэбилэг нь “МАН-ын хүргэн” биз дээ? Явж явж Эрдэнэтийн 49 хувийг авахад ХХБ-ны оролцоо 20 орчим хувь л болж таарсан. Монгол банк нь ч, Хөгжлийн банк нь ч “тусгай зориулалтын мөнгө” явуулаагүйгээ шүүхэд бичгээр өгсөн мэдэгдэлдээ дурдсан байна.

Тэгэхээр энд л нэг учир яваад байгаа юм. Ч.Сайханбилэгийн ЗГ-ын яаруу шийдвэр “Бүгдээрээ л Эрдэнэтийг алдаа биз дээ, банкинд оочерлож байгаад авсан мөнгө чинь уг нь Эрдэнэтийг авахад хүрэх байсан юм” гэсэн тайлбарт тулгаж байх шиг…

Тухайн үед иргэдэд 300 мянган төгрөг тарааж байхад “эх орноо худалдахгүй” гээд сонгогчдын бараг 2/3 нь тэр мөнгийг аваагүй байна билээ. Гуравны нэг ч яахав, сонгуулиар нэг сайн цадаж авъя л гэж бодсон байх. “Хувьцаагаа зармаар байна, авч байгаа хүмүүсийг олоод аль! Та нар дээгүүрээ зарж идээд болж байхад бид яагаад зарж болдоггүй юм” гэж хашгирч байсан авгайг би мэдэх юм.
Гэхдээ энэ 1/3-ийн мөнгийг “Хүүхдийн мөнгө” олгохыг зогсоож байгаад ч болов нөхчихөж болох л байсан шүү дээ! Тэгээд хүүхдэд хувьцаа болгочих боломж байсан. 3Эрдэнийн хишиг”-ийг “Эрдэнэтийн хишиг” гэж нэрлээд ч юм уу! АН тэгэхэд сонгуульд ялсан бол УИХ-аар “Эрдэнэтийн хувьцааг иргэдэд олгох тухай” хууль батлуулаад л болох зүйл.

Ялахаа мэдсэн намд “цаг хугацааны хайч” гэж байдаггүй юм л даа… Тэгсэн бол мөнгөө авсан нь гомдохгүй байсан биз. Угаасаа сонголт гарах л байсан, “Мөнгө авах уу, Эрдэнэтийн хувьцааг авах уу?” гэсэн.
Ингээд Ч.Сайханбилэг өөрийгөө ч, намаа ч алж, дээр нь нөгөө аваад ирсэн залуусын компанийг ч алахдаа тулж. Тэр компанид хөрөнгө оруулсан Монголын олон компани ч балрана биз. Бодлогогүй “либерал” хүн ээ?

Харин тэр зуур Ц.Элбэгдорж “2А” отвал дахь эрх ашгаа хангах гэж чуулганд оролцсон тухай мэдээлэл саяхнаас яваад эхэллээ. Түүнээс үзвэл өмнөх Ерөнхийлөгчийн эрх ашиг 49 хувийг эзэмшигчдийн талд биш, харин отвалыг эзэмших гэрээг хийж байсан үеийн, “Эрдэнэт”-ийг “Стандарт” банкинд барьцаалсан удирдлагуудынталд байсан юмсанж. Учир нь тэр отвалыг ашиглаж байгаа үйлдвэрийн 34 хувь “Эрдэнэт” үйлдвэрийнх гэнэ. Энэ мэтээр судас шөрмөс бүрийг хөөвөл хязгааргүй хөврөх бололтой байна. Цаг хугацаа явах тусам юм юмны учир олдоод л байна. Одоо асуудлыг ЗГ ч, УИХ ч, Үндсэн хуулийн цэц ч шийдэх чадахаа больж гацсан. “Ростех”-тэй ярьж чадахгүй байж энд аваад ирснээр нь улстөрийн хамгаалалтгүй хоёр бацааныг томчууд нь өшиглөж бахаа хангаж байх шив дээ…

А.Баатархуяг


URL:

Сэтгэгдэл бичих