МАН бохир арга хэрэглэдгийг би мэднэ
УИХ-ын гишүүн, МАХН-ын түр штабын ерөнхий зохицуулагч Ц.Шинэбаярыг “Ярилцах танхим”-даа урилаа.
-Та саяхан “Хамаг Монголын амьдралыг хулгайлагчдын сүлжээг устгах тунхаг” гаргасан. Чухам ямар учиртай тунхаг юм бэ?
-МАХН-ын түр штабыг байгуулснаас хойш 100 гаруй үүртэй боллоо. Мөн 10 мянга гаруй хүн намын гишүүнээр бүртгүүлээд байна. Биднийг гишүүд маань намын онц их хурлаа хурдан хуралдуулаач, улс төрийн байр сууриа тодорхой илэрхийлээч гэж удаа дараа хүсэлт гаргаж байгаа. Бид намын нэрийг сэргээж, намыг жинхэнэ утгаар нь байгуулна. Улс орны өнөөгийн нөхцөл байдалд юу саад болоод байгааг хүн бүр мэдэж байгаа хэрнээ чухам юу вэ гэдгийг томъёолж чадахгүй байна. Тиймээс би хувь хүнийхээ үүднээс болохгүй байгаа бүхнийг тодорхой хэлье гэж бодсон. Манай улс авлигад идэгдсэн орнуудын жишигт их ойртож очсон байна. Уул уурхайн баялгаас орж ирэх орлого нэмэгдээд байгаа хэрнээ ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтоод байна. Үүнд нөлөөлж байгаа зүйл нь баялгийн тэгш хуваарилалт алга байна. Байгалийн баялаг хаашаа алга болоод байна гэвэл улс төр, бизнесийн бүлэглэл, тодорхой эрх мэдэлтнүүдийн халаас руу орж байна. Үүнийг ойлгуулахын тулд тунхаг бичигтээ бирд гэдэг үгийг хэрэглэсэн. Бирд гэж цадаж ханадаггүй үлгэрийн амьтан байдаг.
Анх Тэрэлжийн тунхаг гарч МАХН-ын нэрийг өөрчилж байсан бол би үүний эсрэг тунхаг гаргая гэж бодсон.
-Ардын намын удирдлагууд МАХН нэрийг яасан ч өгөхгүй, өгөх хууль эрх зүйн үндэс байхгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Харин танай штабын зүгээс Үндсэн хуулийн Цэцэд Улс төрийн намын тухай хуулийн 15.6-д заасан заалтыг авахуулахаар өргөдөл өгчихсөн байгаа. Үнэхээр та бүхэн МАХН нэрийг авч чадах уу?
-МАХН нэрийг авч болохгүй гэдэг үндэслэлийг зарим нэг улстөрчдийн зүгээс тайлбарлаж байгаа. Улс төрийн намын тухай хуулийн 15.6 дугаар заалт бол уг хуульд байсан 6.3 гэдэг заалттай адил авагдах ёстой. Гэтэл 15.6 дугаар заалтад “нэр” гэдэг үг л үлдчихсэн юм. Тиймээс бид Цэцэд уг заалтыг авахаар өргөдөл өгчихөөд байна. Онолын хувьд нэр авах боломж бий. Мөн практикт ч ийм зүйл байсан. Улс төрийн намын тухай хууль батлагдсанаас хойш ИЗН, БНН салсан. Салахдаа хоёулаа “Бүгд найрамдах” гэдэг нэрийг хуваагаад авчихсан. Үүнээс гадна Социал демократ намын жишээ бас бий. Социал демократ намыг анх А.Ганбаатар байгуулж байсан. Урьд нь байсан нэрийг эргээд ашиглаж болоод байна. Ер нь улс төрийн нам, хүний нэр бол оюуны өмч биш шүү дээ. Хэзээ ч өмчлөгддөггүй. Тиймээс дараагийн улс төрийн хүчин нэрийг нь авч болдог. Бидний хувьд хууль зүйн үүднээсээ нэр авах гарцаа олчихсон, нээлттэй байгаа. Харин онц их хуралдаа сайн бэлтгэх хэрэгтэй. Их хурлаа бид зөвхөн улс төрийн намуудын зарчмаар тодорхой хугацаанд хуулийн дагуу хийе гэсэн бодолтой байгаа. Гэсэн ч манай гишүүд хурдан хий гэж яаруулж, шаардаж байна. Намын дотор онц байдал үүсчихээд байхад заавал хуулийн дагуу 45 хоног хүлээх шаардлага байдаг юм уу гэсэн хүсэлтийг тавьсаар байгаа. Бид ямар ч байсан 45 хоногийн дараа л намын онц их хурлыг хуралдуулах бодолтой байна.
-Намын онц их хурлыг хэдэн гишүүд дэмжээд хийчихдэг юм уу. Чухам ямар үед онц их хурлыг хуралдуулах ёстой байдаг юм бэ?
-Түр штабаас онц их хурлыг хуралдуулах ажлын хэсэг байгуулсан. Улс төрийн илтгэлээ бэлтгэх, хурлаа зохион байгуулах, намын гишүүд, их хурлын төлөөлөгчдийг сонгож, бүртгэх зэрэгт ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа. Бид гол нь улс төрийн илтгэл бэлтгэх ажилд их нухацтай хандаж байна. Намын гишүүд, иргэдтэй уулзаж байгаад тэдний санаа бодлыг бодлогын бичиг баримтдаа тусгах болно. Энэ богино хугацаанд аль болох олон иргэнтэй уулзах бодлого барьж байна. Үүнд ч нэлээд цаг орж байна.
-Онц их хуралд хэдэн гишүүн оролцох төлөвлөгөөтэй байна. Их хурлын жишгээр 801 төлөөлөгч орох уу?
-Бид их хуралд 801-ээс дээш төлөөлөгч оролцуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Ойрын хугацаанд энэ асуудлыг эцэслэн шийднэ гэж бодож байна.
-Та бүхэн МАН хэмээх товчлол нэр хууль зөрчсөн гэж үзээд байгаа. Ямар үндэслэлээр хууль зөрчсөн гэж үзэж байгаа юм бэ?
-Ардын нам гэсэн нэр урьд нь байсан. Тэр нэрийг эргээд ашиглаж болж байгаа бол МАХН гэдэг нэрийг эргээд ашиглах бололцоотой гэдэг талаас нь ярьж байгаа. Нөгөө талаасаа өмнө байсан “Монголын анчдын нийгэмлэг” ч гэдэг юм уу МАН гэсэн товчлол авч болох олон байгууллагын дараа байгуулагдчихаад түрүүлж энэ товчлолыг авч болдог юм уу гэдгийг бид асууж байгаа. Үүний хариуд Улсын бүртгэлийн ерөнхий газар МАН гэдэг товчлол ганц Ардын намд л байгаа гэсэн.
-Түр штаб байгуулснаас хойш тантай Ардын намын удирдлагууд уулзсан уу?
-Түр штаб байгуулснаас хойш уулзаагүй. Ер нь бол Монгол Улсад ардчилал байна уу үгүй юү гэдэг нь эгзэгтэй байна. Ардын намд орохгүй МАХН нэр дээрээ байя гэсэн гишүүдийг хүчээр Ардын намд оруулна, ороогүй байхад хөөсөн гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр тунхаглаад байгааг ойлгохгүй байна. Мөн төрийн байгууллагууд хуулийн дагуу ажиллахгүй байгаа олон жишээг харлаа. Түр штабт ажиллаж байгаа ахмадууд нийлээд “Уламжлалыг хадгалах нийгэмлэг” төрийн бус байгууллага байгуулахаар нэрээ шүүлгэхээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт очсон. Гэтэл “дээрээс асууж байгаад шийднэ” гээд гурав хоног хүлээлгэсэн. Хуулиар бол дээрээс асуух шаардлага байхгүй. Төрийн бус байгууллагуудад ямар ч дарамт шахалтгүйгээр нэр өгч байдаг. Мөн Үндсэн хуулийн Цэцэд бид өргөдөл гаргаад 15 минут болж байхад Ардын намын удирдлагууд манай хуулийн зөвлөх рүү “та нар яагаад улстөржөөд байгаа юм. Өргөдөл яах гэж гаргасан юм” гэж утасдсан. Энэ чинь юу гэсэн үг вэ. Үндсэн хуулийн Цэц нь улс төрийн намд 15 минутын дотор рапорт өгдөг болчихсон юм уу. Үүнээс харахад л төрийн байгууллагууд ажлаа хийхгүй, зөвхөн тодорхой бүлэг хүмүүст үйлчилдэг болсон байна. Хуулийг хэрхэн завхруулдгийг харуулж байгаа юм. МАХН нэрийг авахаас гадна тунхгийн дагуу л гол ажлаа явуулна.
-Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр түр штабынхны ард бий гэж ярьдаг. Үнэхээр та Н.Энхбаяртай нийлж түр штабыг авч яваа юм уу. Штаб байгуулснаас хойш Н.Энхбаяртай хэдэн удаа уулзсан бэ?
-Надаас энэ асуултыг олон хүн асуудаг. Хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, эвлэлдэн нэгдэх эрхтэй болохын тулд 1990 оны ардчилсан хувьсгалыг хийсэн. Хэрвээ ардаа хүнтэй хүн л үг дуугардаг бол 1990 оны ардчилсан хувьсгал зэрэмдэг, дутуу хувьсгал. Тэгэхээр одоо ардаа хүнгүй болохын төлөө дахиж хувьсгал хийх болчихсон гэсэн үг үү. Н.Энхбаяр даргатай би хэд, хэдэн удаа утсаар ярьсан. Н.Энхбаяр дарга Ардын намын ХXVI их хурал дээр МАХН нэрээ өөрчлөх нь хэлбэр төдий зүйл гэдэг байр сууриа илэрхийлсэн. Би олон жил үйлдвэрт ажилласан хүний хувьд аливаа зүйлийн хэлбэр бус агуулга, үр дүнг эхэлж хардаг, хариуцлага, сахилга барих нь зүйтэй гэж үздэг. Түүнээс биш бусад улс төрийн хүчинтэй ижил хэлбэр хөөцөлддөгөөс ангид байх ёстой гэж боддог. Миний байр суурь, Н.Энхбаяр даргын байр суурьтай үндсэндээ ойролцоо байгаа.
-Түр штабынхны явуулж буй үйл ажиллагааг хараад зарим хүмүүс ирэх сонгуулийн өмнө шоу хийж байна гэж үзэж байгаа?
-Хаа сайгүй шоу хийсээр байгаад монголчууд юм бүхнийг шоу гэж ойлгодог болчихож. Түр штабыг ахалж байгаа хүний хувьд хэлэхэд бидний үйл ажиллагаа шоу биш. Цэвэр үр дүн, ажил, хариуцлагын төлөө юм. Агуулгын хувьд л МАХН-ын шинэчлэлийг хийх ёстой. Түүнээс бус загвар хөөцөлдөх шаардлага байхгүй.
-МАХН нэрээ авчихвал ирэх сонгуульд өрсөлдөнө биз дээ?
-Монголд хууль шударгаар үйлчилж байгаа л бол МАХН нэрийг авах 100 хувийн бололцоо бий. Магадгүй төрийн байгууллагууд нь хуулийн дагуу ажиллахгүй тодорхой бүлгийн эрх ашигт нийцэж ажиллавал бидэнд МАХН нэрийг өгөхгүй. Хэрэв нэр өгөхгүй бол дараагийн гарцыг хайна.
-Нууц биш бол дараагийн гарц, алхам нь юу байх вэ?
-Хэрэв үнэхээр дараагийн алхмыг хийхээр болвол намын нэрийг өөрчлөх үү, яах вэ гэдэг асуудал руу л орно. Шинэ нэр авбал бид цаг их алдах аюултай. Бас бидний хүчийг сааруулах гэсэн хууль бус ажиллагаа явуулах вий гэж санаа зовж байна.
-Хэрэв ирэх сонгуульд өрсөлдвөл танай лидерүүд Н.Удвал, С.Молор-Эрдэнэ нар байх уу?
-Би сонгуулийг ерөөсөө бодохгүй байгаа. Сонгууль бол хаяанд байгаа өчүүхэн зүйл. Бид их холыг харж байна. Монголоо хэрхэн авлигаас цэвэрлэх вэ. Авлига, бирдүүдтэй байгаа үед сонгуульд орох юм бол улс орны ирээдүйн сайн сайхныг нөгөө хэдэн бирдүүд нь л цөлмөнө. Тиймээс бирдүүдээ яаж цэвэрлэх вэ гэдэг нь чухал. Авлигын тухай хууль, байгууллага нь байна. Харин авлигаас ангижрах улс төрийн хүсэл сонирхол алга. Засгийн газрын нийт төсвийн зууны нэг хүрэхгүй төсвийг авлигатай тэмцэхээр зарцуулж байна. Гэтэл авлигагүй орны жишээг харахад манайхааас 30-40 дахин илүү хөрөнгийг авлигатай тэмцэхэд зарцуулж байгаа юм. Авлига, ардчилал хоёр нэг дор байдаггүй. Тиймээс ийм үед сонгууль явуулах нь хэр оновчтой вэ.
-Авлига их байна гэж байгаа ч ирэх сонгууль болдгоороо болно. Намууд ч амлалтаа өгөх байх. Та МАХН-д элсэхдээ явуулж буй үйл ажиллагааг нь мэдээж дэмждэг болоод л элссэн байх?
-Би 1990 онд элссэн. Элсэхдээ улс төрийн нөхцөл байдлыг үнэлж дүгнээд энэ нам бол хамгийн тулхтай улс төрийн хүчин, ирээдүйд улс орныхоо хөгжлийн төлөө ихийг хийж бүтээх нам байна гэж элссэн. Өнөөдрийн миний сонголт ч адилхан. Монгол орны хөгжил цэцэглэлт, монгол хүний төлөө байгаасай гэж ийм шийдвэр гаргаж байгаа болохоос биш улс төрийн ямар нэг ашиг хонжооны төлөө ийм алхам хийгээгүй. Хувь хүнийхээ дотоод сэтгэлээр шийдвэрээ гаргасан.
-Таны энэ шийдвэр, үйлдлийг хүн бүр өөр, өөрийнхөөрөө дүгнэж байна. Бараг л дуугардаггүй байсан гишүүн гэнэт улстөр хийгээд эхэллээ гэх хүмүүс ч бий. Та үүний хариуд юу хэлэх вэ?
-Хүн бүр нэг хэвэнд цутгачихсан юм шиг сонгууль болохоор шоуддаг баймааргүй байна. Би бол өөрийнхөөрөө л явж байна. Намайг ингэж бодож байгаа хүмүүсийг битгий и гэж хэлэхгүй. Бусад хүмүүстэй адил байгаасай гэж хүсч байгаа бол би тэгж чадахгүй. Өөрийнхөөрөө байхыг хүсч байгаа учир л ийм шийдвэр гаргасан.
-Н.Энхбаяр та хоёрыг хэсэг залуусыг шоудууллаа гэх яриа бас гарч байсан. Энэ ямар учиртай юм бэ?
-Мөхөж байгаа тарвага гошгирдоггүй гэдэг шиг дуусч байгаа улс төрийн хүчний л бохир арга. Ардын нам бол тэртэй тэргүй улс төрийн тавцан дээр удаан оршин тогтнох боломжгүй. Яагаад гэвэл авлигад идэгдсэн хүмүүс тэр намд цугласан. Мөн НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид “Авлига бол хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг” гэсэн. Тэгэхээр гэмт хэргийн бүлэглэлтэй хүмүүсийн аргыг бид гайхаад байх зүйлгүй. Сул дорой хүмүүсийн явуулдаг арга бол хууль бус, бүдүүлэг байдаг. Би Ардын намынхны ийм бохир заваан арга хэрэглэдгийг мэднэ. Энэ бол байдаг л нэг гүтгэлэг. Ийм гүтгэлэг цаашдаа ч гарах байх. Гэхдээ ингэж удаан явж чадахгүй. Учир нь гэмт хэрэгт хутгалдсан улсууд үргэлж аймхай байдаг.
-Таныг 1990 онд МАХН-д элсэхэд одоогийн удирдлагууд гишүүн байсан. Гэтэл та одоо гэв гэнэт удирдлагууд нь ийм бусармаг зүйл хийдэг гэж мэдэв үү. Энэ намд элссэнээсээ хойш юу ч мэдээгүй гэж үү?
-Би улс төрийн идэвхтэй үйл ажиллагаанд 2004 онд орсон. Гэхдээ 2008 онд УИХ-ын гишүүн болж дээд түвшинд орж ажиллаж байна. Үүнээс өмнө хөдөө орон нутагт ажиллаж байсан. Би УИХ-д өөрийгөө тодорхой хэмжээнд харуулж, улс оронд болохгүй, бүтэхгүй байгаа бүхнийг засч, залруулахын төлөө өндөр хүсэл эрмэлзлэлтэй орж ирсэн. Орж ирснээсээ хойш олон зүйлийг анзаарлаа. Засгийн эрхийг дангаараа барих ёстой байсан чинь Ардчилсан намтай нийлэхгүй бол барахгүй нь гэсэн үг намайг анх цочролд хүргэсэн. Ер нь сонгуульд өрсөлдөх хэрэг байгаа юм уу. Нөгөө талаас нь Ардчилсан нам “Парламентынхаа сөрөг хүчнийг хиймээргүй байна. Та нартай хамтарч Засгийн эрхийг барьж, албан тушаал авахгүй бол ажлыг чинь хийлгэхгүй” гэсэн байдлаар л хандсан. Тэгэхээр ийм парламентын хяналтгүй, хулчгар, сул дорой байдал намайг шийдвэр гаргахад хамгийн их нөлөөлсөн.
-Уул уурхайн мэргэжилтэй хүний хувьд та Тавантолгой, Оюутолгой гээд энэ томоохон ордуудыг хэрхэн зөв ашиглах хэрэгтэй гэж үзэж байна?
-Би Монголын бүх уурхайгаар явж үзсэн. Бас ажиллаж ч үзсэн. Манай улс жил бүр таван сая тонн нүүрс олборлохдоо ганц ч гадны мэргэжилтэнгүй ажилласан. 1990 оноос хойш бид 100 сая тонн эрчим хүчний нүүрс олборлосон. Эрчим хүчний нүүрсний үнийг төрөөс барьдаг. Ийм үнэтэй нүүрсийг монголын уурхайчид ашиглаж чадаж байна. Гэтэл Тавантолгой бол үнийг нь барьдаггүй нүүрс. Ийм байхад монголчуудыг доромжилж байгаа юм шиг гадныханд өгч байгаа юм. Монгол хүн эх орондоо хоёрдугаарт гэсэн зарчмыг баримталж байгаа юм. Үүнийг би эрс эсэргүүцэж байгаа. жижиг шоу хийлээ гэж үзэх хэрэггүй.
Ц.ЭНХЦЭЦЭГ
URL: