Н.Энхбаярын дүү Н.Энхтуяаг интерполоор эрэн сурвалжилж эхэлжээ
ТЭРБЭЭР 2004 ОНООС ХОЙШ АНУ-Д АМЬДАРЧ БАЙГАА ГЭНЭ-
МАХН-ын дарга буюу Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт холбогдох хэрэгт дүү Н.Энхтуяаг нь сэжиглэж эхэлжээ. Түүнийг интерполоор эрэн сурвалжилж буй гэнэ. Тэрбээр 2004 оноос хойш АНУ-д амьдрах болжээ. Эх орноосоо явснаас хойш хэд хэдэн удаа Монголд богино хугацаагаар ирсэн байна. Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөсөө буумагцаа “Эскон” нэртэй компани байгуулсан байдаг. Энэ компанийн 25 хувийг түүний шадар туслахаар ажиллаж байсан Б.Тулга, 75 хувийг нь
Н.Энхбаяр эзэмшдэг байжээ. 2010 онд энэ компаниа Н.Энхбаяр дүү Н.Энхтуяагийнхаа нэр дээр шилжүүлсэн байна. Компани шилжүүлэх энэ гэрээ хуулийн дагуу болоогүй гэж хуулийнхан үзэж байгаа аж.
Мөн гадаадад олон жил амьдарч байгаа дүүгийнхээ нэр дээр компаниа шилжүүлсэн нь Н.Энхбаяр өөрийн өмч хөрөнгөө нуун дарагдуулахыг оролдсон оролдлого хэмээн буруутгах үндэслэл болж байгаа бололтой. Түүнчлэн Н.Энхтуяа Монголд байнга суурин байдаггүй атлаа компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдог түүнийг нь гэрчлэх баримтууд ч олджээ. Тэгэхээр Монголд байдаггүй хүний өмнөөс хэн нэг нь хуурамч гарын үсэг зурж үйл ажиллагаатай нь холбоотой ажлуудыг зохицуулдаг болж таарч байгаа гэнэ. Энэ мэтийн асуудлаас болж Н.Энхтуяаг олж шалгах шаардлага гарч буй аж. Иймд интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн байна.
“Media холдинг” компанийн 500 ширхэг хувьцааг эзэмшдэг асан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил өөрийн хувиа Н.Энхбаярын дүү Н.Энхтуяагийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Энэ хувьцааг авсан Н.Энхтуяа удалгүй тус холдингийн бас захирал болсон аж. Харин энэ явдлын дараахан Ц.Мөнх-Оргил Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан тушаалд очсон байх жишээний. Хуулийнханд харагдаж буйгаар хувьцаа, болон төрийн зарим нэг өмч хөрөнгө бэлэглэлийн журмаар ийн очиж байсан байх юм.
Гэхдээ хэн нэгэн эрх мэдэлтний Н.Энхбаяр болон түүний ойр дотныхонд өгсөн бэлэг явсаар албан тушаал болж байсныг тухайн үед болсон үйл явдлын цаг хугацаагаар хөөхөд гарч ирж буй гэнэ. Дээр дурдсан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын сайд болсон түүх ч Н.Энхбаярт “бэлэг” өгсөнтэй нь холбогдож буй аж. Мөн Ерөнхийлөгч байхад нь шадар туслах байсан Б.Тулга ч Н.Энхбаярын одоо ажиллаж амьдарч буй Батлан хамгаалах яамны баруун талд орших хоёр давхар шар байшинг 650 сая ам.доллараар Оросын компаниас авсан байдаг. Түүнийгээ мөн л Н.Энхтуяад бэлэглэж байсан аж. Дараа нь тэрбээр АНУ-д сурахаар явж байжээ. Оросын компаниас 650 ам.доллараар дээрх байрыг Б.Тулга үнэхээр авсан уу эсвэл тус компани бас Н.Энхбаярт бэлэглэсэн үү гэдэг ч эргэлзээ төрүүлж байгаа аж. Н.Энхбаярын аав Намбар гуай ч олон рашаан сувиллыг өөрийн болгож зөвлөхөөр нь ажилладаг гэдгийг багагүй хүн мэддэг. Насаараа ажил хийж явснаас ямар нэгэн бизнес эрхэлж яваагүй энэ хүн хэдий заваараа ямар мөнгөөр рашаан сувиллуудыг өөрийн болгосныг ч судалж эхэлсэн байна. Ийнхүү Н.Энхбаяр төрд ажиллаж байхдаа ойр дотныхноо өмч хөрөнгөтэй болгож, тэднийхээ нэр дээр өмч шилжүүлж байсан тул хуулийнхан дээрх хүмүүсийг судалж, шалгахаас өөр аргагүй болоод буй гэнэ. Харин Н.Энхбаяр “Хуулийнхан миний эхнэр, хүүхдээр оролдох боллоо” хэмээн дургүйлхэж буйгаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа өгсөн байдаг. Н.Энхбаярт холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэрэг 2010 оны 12 сараас угшилтай аж. Тодруулбал анх “Өргөө” зочид буудлаа алдсан Ж.Энхжаргал хуулийнханд гомдол гаргажээ. Энэ явдлын дараахан буюу нөхцөл байдал өөрөөр эргэж буйг мэдсэн Н.Энхбаяр “Эскон” компаниа дүү Н.Энхтуяагийнхаа нэр дээр шилжүүлсэн байдаг аж. Дараа нь хуучин хэвлэх үйлдвэрийн менежментийн багийн хөрөнгө оруулагчаар ажиллаж байсан Л.Сэргэлэн хуулийнханд гомдол гаргаж Н.Энхбаяртай холбоотой хэргүүдийг шалгах учиг эндээс гарч байжээ.
Г.Онон
Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.
“ӨДРИЙН СОНИН”
URL: