Жижгүүдийг дэмжих зээлийг тэрбумтнуудад зориулжээ
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх хөнгөлөлттэй зээлийг том компанийн “охин” компаниуд авсан нь шалгалтаар илэрчээ.
“Гачуурт”, “Баяндулаан-Уул” тэргүүтэй компаниуд 2000 тонн хүнсний ногооны агуулах барих, мал нядлах, ангилан боловсруулах үйлдвэр барих зориулалтаар тус бүр нэг тэрбум, “Шаргал тариа” компани гурилын үйлдвэр барихаар 500 сая төгрөгийн зээл авчээ. Зээл гурван компанид олгогдсон мэт
боловч барьцаа хөрөнгө болон батлан даалтыг “Гачуурт” компанийн захирал Л.Чинбат гаргасан байна.
Энэ гурван компани Сэлэнгэ аймгийн Цагаан нуур суманд нэг хашаанд байжээ. Уг нь эл зээлийг зоорь барих, мах нядлах, боловсруулах үйл ажиллагаа эрхлэх заалт байхгүйг албаны хүн хэллээ. Зээлийг жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа хуулийн этгээд, жилийн орлого нь 1,5 тэрбум хүртэл байхаар заасан нь ийнхүү том компаниуд зээл авах боломж бүрдүүлжээ.
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхээр олгосон зээлийг зарим аж ахуйн нэгж, байгууллага зориулалтын дагуу зарцуулахгүй байгаа нь энэ. Үйлдвэрлэгчид хөрөнгөгүй, дутмаг хүссэн зээлээ авч чаддаггүйгээс ихэнх тохиолдолд зээлийг зориулалт бусаар ашигладаг ажээ.
“Тиймээс жижиг, дунд үйлдвэрлэгчийн тухай хуульд том компанийн охин компанид зээл олгохдоо толгой компанийн үзүүлэлтийг харгалзаж үзэх заалтыг оруулах нь зүйтэй. Нөгөө талаар энэ хууль ерөнхий болсон учраас хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэлтэй гол заалтуудыг тухайлбал, дунд, жижиг гэдгийг зааглах, өөрчлөх саналуудаа тавьсан байгаа” гэж Жижиг, дунд үйлдвэрийн газрын Хөрөнгө оруулалт, төслийн хэлтсийн дарга Н.Галцог онцлов.
ХАС банкны Хэнтий болон Төв аймаг дахь салбараас “Умардын Од” компани сүүний үхрийн ферм байгуулахаар 50 сая төгрөгийн зээл авчээ. Зээлийн мөнгөнөөс 1,5 сая төгрөгөөр зургаан саалийн үнээ авч үлдсэн 41 сая төгрөгийг худалдааны бизнестээ ашигласан байна.
“Улаанбаатар” банкаас “Деннисон пойнтр” компани цагаан хоолны бүтээгдэхүүн боловсруулах тоног төхөөрөмж авахаар 100 сая төгрөгийн зээл авсан ч үйл ажиллагаа явуулаагүй. Тэр ч бүү хэл “Голомт” банк бизнесийн зээлийн хугацаа хэтэрсэн өртэй “Дорны зам” компанид 140 гаруй сая төгрөгийн зээл олгосон байна. Энэ мэтчилэн өр зээлтэй олон компани жижиг, дунд үйлдвэрийн зээлийг завшжээ.
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд зориулж улсын төсвөөс 2009 онд 30.8 тэрбум, 2010 онд 30 тэрбум, нийт 60.8 тэрбум төгрөгийн санхүүжилт авснаас арилжааны банкуудаар дамжуулан нийт 66.2 тэрбум төгрөгийн зээл олгож, 11.5 тэрбум төгрөгийн зээл төлөгдөж, 57.9 тэрбум төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй байжээ.
Энэ онд нийт 254 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор болсон. Одоогоор 30 тэрбум төгрөгийн зээлийг олгоогүй байгаа аж.
Энэ жилийн тухайд дүүргүүдээс шийдвэрлэгдсэн төслүүдийн санхүүжилт банкинд хүлээгдэж байгаа юм. Энэ нь бондын эх үүсвэр арилжаалагдах нь удааширсантай холбоотой аж. Одоогоор хөдөөд 3000 гаруй хүн жижиг, дунд үйлдвэрийн хөнгөлөлттэй зээл авчээ.
Өнгөрсөн онд 1000 гаруй хүн хамрагдсан нь зээлийн хэмжээ нэмэгдэж буй ч жинхэнэ эзэндээ хүрэхээсээ өмнө тэрбумтнуудын халаасыг ийнхүү өсгөсөөр байна.
Жижиг, дунд үйлдвэрийн газар “Сум хөгжүүлэх сан”-гийн нийт 23544.5 тэрбум төгрөгийн 5094 төслийг санхүүжүүлсэн бөгөөд 8773 ажлын байр шинээр бий болжээ. Харин Сэлэнгэ, Булган, Говь-Алтай аймагт хэрэгжилт удаашралтай байгаа юм байна.
Ц.Мягмарбаяр
URL: