Хятад улс АНУ-аас худалдаж авах бараа бүтээгдэхүүнээ их хэмжээгээр нэмэгдүүлэх тохиролцоонд хүрлээ
АНУ, БНХАУ худалдаа, эдийн засгийн асуудлуудаа “Худалдааны дайн” гэж нэрлэгдсэн хурц шийдлүүдэд хүргэлгүйгээр яриа хэлэлцээрийн замаар шийдэх тохиролцоонд хүрчээ. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Лю Хэ Вашингтонд албан ёсны айлчлал хийх үедээ энэ талаар мэдэгдсэн байна. Тэрээр АНУ-ын нийслэлд өнгөрсөн мягмар гаригт очсон бөгөөд олон хоногийн турш АНУ-ын албаны хүмүүстэй уулзалт хэлэлцээр хийсэн юм.
Дээрх уулзалт, хэлэлцээрүүдийн үр дүнд хоёр улс аль, аль нь импортдоо татвар ногдуулахгүй байх арга замыг эрэлхийлэхээр тохирсон төдийгүй эрчим хүч, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, өндөр технологийн салбарт илүү нягт хамтран ажиллахаар болжээ.
“Ингэснээр хэн нь хохирохгүй байх боломж бүрдэнэ. БНХАУ-тай хийх худалдаанаас хүлээж буй алдагдлыг нь бууруулахын тулд Бээжин тодорхой арга хэмжээ авахад бэлэн. Гэхдээ бид зөвхөн АНУ-аас бараа бүтээгдэхүүн худалдаж аваад зогсохгүй бүх дэлхийн улсуудаас бараа худалдаж авахад бэлэн” гэж Лю Хэ мэдэгдэлдээ онцлон дурджээ.
URL: