ХАР ТУГАЛГЫН АЮУЛ ХҮҮХДҮҮДИЙГ ОНИЛЖЭЭ

olloo_mn_1526867151_hartugalgaХар тугалга (plumbum) үелэх системд Рb гэж тэмдэглэгддэг, атомын дугаар 828 рөөлөн, хувийн жин ихтэй, хортой хүнд металл болно. Байгаль дээр исэл, сульфид байдлаар тохиолдоно. Энэ нь уран, тори зэрэг цацраг идэвхт элементүүдийн задралын эцсийн бүтээгдэхүүн юм.

Амархан хайлдаг, боловсруулахад хялбар дөхөм учраас өргөн хэрэглэдэг. Хар тугалгаар аккумляторын тугалган дугтуй, химийн үйлдвэрийн хүчилд тэсвэртэй тугалган аппарат хэрэгсэлд хэрэглэнэ.

Ерөөс энэ металл тэр чигээрээ хор юм. Тиймээс өндөр хөгжсөн орнуудад хар тугалгыг хэрэглээнээс аажмаар хасаж байгаа. Гэхдээ чухам яагаад энэ металлаас ингэтэл айх шаардлагатай юм бол.

Хар тугалга бидний ирээдүйг хөнөөж байна

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хор судлалын лабораториос хамгийн энгийнээр дараах тайлбарыг өгч байна. Хар тугалга нэн түрүүнд мэдрэлийн, зүрх судасны, бөөрний, хоол боловсруулах, цусны эргэлтийн, нөхөн үржихүйн зэрэг олон эрхтэн системийг хордуулах нөлөө үзүүлдэг.

Хамгийн ноцтой нь, зургаа хүртэлх насны хүүхдүүд хордох магадлал насанд хүрэгсдийнхээс хэд дахин өндөр ажээ. Учир нь хүүхдийн амьдралын өвөрмөц зан үйл нь (гадаа тоглох, гараа амандаа хийх, орчны эд зүйлсийг амаараа мэдрэх гэх мэт) хар тугалгын өртөлтийг нэмэгдүүлдэг. Мөн хоол боловсруулах замаар хар тугалгыг шингээхдээ насанд хүрэгчдийг бодвол хүүхдүүд илүү байдаг (насанд хүрэгчид хоол боловсруулах замаар нэвтэрсэн хар тугалгын 10 хувийг шингээдэг бол хүүхэд 50 хувийг шингээдэг).

Дээр нь хоол тэжээлийн дутагдлаас үүдэн (төмөр, витамин Д гэх мэт) хар тугалгын шимэгдэлт дутмаг. Тэгээд ер нь цус, тархины хориг хараахан бүрэн хөгжөөгүй нь энэ хордлогын гол шалтгаан болдог ажээ.

Тэгвэл Улаанбаатарын хүүхдүүд энэ аюулд хамгийн ихээр нэрвэгдэж байна. Сүүлд явуулсан судалгаагаар Улаанбаатар хотод 7-14 насны эрэгтэй 62, эмэгтэй 58 хүүхдийн цусанд хар тугалгын агууламжийг судалжээ.

Энэ судалгаагаар хүүхдүүдийн цусан дахь хар тугалга 10 mg/dl байх ёстой атал 15.7-17.4 орчим байгаа нь тогтоогдсон байна.

Цусан дахь хар тугалга дээрх нормоос дээш гарсан байх юм бол хүүхдүүд амархан уурлах, цочромтгой болох, анхаарал сулрах, ой тогтоолт муудах нь ихэсдэг байна. Хүүхдийн цусан дахь хар тугалгын агууламжид хөрсний хар тугалга 17.4, агаар дахь хар тугалга 34.2 хувь нөлөөлдөг аж.

Улаанбаатар хотод бөөгнөрсөн 1,300 гаруй үйлдвэр, аж ахуйн газарт жилд 3,800 тонн химийн бодис хэрэглэж 700 тонныг нь усанд, 70 гаруй тонныг нь агаарт, 600 тонныг нь хөрсөнд хаяж байна гэсэн судалгаа гараад байгаа юм.

Энэ талаар Нийгмийн эрүүл мэндийн ухааны магистр “Хар тугалга биед ормогц хамгийн эхэнд цусанд эргэлддэг. Цусанд байх хагас задралын хугацаа ойролцоогоор 30-40 хоног. Түүнээс хойш зарим хэсэг нь биеэс гадагшилж, үлдсэн нь яс, шүдэнд хуримтлагдана. Ихэвчлэн хоол тэжээлийн хомсдолтой, кальци, фосфор авч чадахгүй байгаа хүмүүс  өртөмхий байна. Манайхан сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэггүй. Дийлэнх нь кальцийн дутагдалтай. Ясанд суусан хар тугалга 23-25 жил ясанд оршдог. Кальци хүний бодисын солилцоонд байнга оролцдог. Шаардлагатай бол яснаасаа дайчлагдаад гарчихна. Хэрэгцээ багасвал ясандаа суучихна.

Нэгэнтээ ясанд хуримтлагдвал хүний биеэс гадагшлах боломж нь багасна. Цусанд орсон хар тугалга биед орсноор тэнцвэрт байдал алдагдуулдаг. Эс үхнэ, завсрын бүтээгдэхүүнүүд үүснэ. Тэрнээс болж хордоно. Нэг ёсондоо хүн архаг хордлогод өртсөнөө ч мэдэхгүй явж байдаг. Харин биед 40 микро грамм дицлитерээс дээшээс хар тугалга агуулагдаж байвал өндөр түвшний хордлогод орсон гэсэн үг. Архаг цочмог хордлого нь зүрх судасны систем, мэдрэлийн системд шууд нөлөөлнө.

Цусны эргэлтийн системд төмөр хүчилтөрөгчийг тээвэрлээд явж байдаг атал үүний оронд хар тугалга болчихоор цус багадалт, толгой тархи өвдөх, бодисын солилцооны тэнцвэрийг алдагдуулна. Хамгийн гол нь, муу, дунд сурдаг хүүхдийн цусан дахь хар тугалгын хэмжээ их байв. Харин онц сурдаг хүүхдүүдийнх мэдэгдэхүйц бага байгаа ажиглагдлаа. Өөрөөр хэлбэл хар тугалгын хордлогоос хамаарч хүүхдүүдийн хооронд ялгаа байгаа нь батлагдсан. Ууртай, мэдрэмтгий, цочромтгой хүүхдийн цусанд хар тугалга их байдаг” гэж ярьсан.

Бидэнд аврал бий юү

Хар тугалга үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч нь Хятад улс юм. 1970 оноос хойш дэлхий даяар будганд хар тугалга хийж болохгүй хэмээн хорьсон ч Хятадууд энэ дүрмийг дагалгүй өнөөг хүрчээ. Үр дүнд нь олон мянган хүүхэд эрүүл мэндээрээ хохирч байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхааруулсан удаатай. Өмнөд хөршийнхөн хар тугалгыг үйлдвэрлэлдээ түлхүү хэрэглэх болсон гол шалтгаан нь энэ химийн хүнд металл нь будгийг хурдан хатаах, удаан хугацаанд өнгөө барих, чийгэнд автуулдаггүй учраас бүтээгдэхүүнээ борлуулахын тулд хүний эрүүл мэндэд хортой аргыг хэрэглэж байгаа.

Хятадууд хүүхдийн тоглоомыг хар тугалгатай будгаар буддаг нь дэлхийн хүн амын эсрэг террорист үйл ажиллагаа гэж нэрлэхэд буруудахгүй хэмээн олон орон үзэж, урд хөршид үйлдвэрлэсэн хүүхдийн тоглоомыг үр хүүхдэдээ авч өгөхгүй байхыг эцэг эхчүүддээ зөвлөж байна.

Дэлхийн хүүхэд багачуудын тоглодог нийт бүтээгдэхүүний 70 хувийг урд хөрш үйлдвэрлэдэг. Ихийг үйлдвэрлэж, дэлхийн улс орон руу экспортолдог ч бусад улс үүнтэй дүйцэхүйцийг буцаадаг байна. Хятадын хувьд 2017 онд түүхэндээ байгаагүй их тоглоом экспортолсон ч мөн хамгийн олон буцаан таталт хийсэн жил байжээ.

Иймээс АНУ, ОХУ, Европын холбоо болон бусад улс Хятад улсад үйлдвэрлэсэн тоглоомоос болгоомжилж, хилээр нэвтрүүлэхийг хориглосон байна. ОХУ урд хөршид үйлдвэрлэсэн тоглоом оруулахыг хориглосон ч зах зээлийн нийт тоглоомын 15 хувийг тус орны бүтээгдэхүүн эзэлж байна. Энэ нь ард иргэдийн худалдан авах чадвартай холбоотой. Хямд, баталгаагүй тоглоомыг хууль бус, ганзгын наймаачид оруулж ирж байгаа аж.

Хэн нэгэн хортой бүтээгдэхүүн үйлдвэрлэж нөгөө хэсгийгээ хордуулж байж таарахгүй. Стандарт хангахгүй бол үйлдвэрлэлээ зогсоох хэрэгтэй” гэсэн юм. Вашингтон хотод худалдаалж Хятадаас орж ирсэн 675 мянган ширхэг барбиг зах зээлээс эргэж татав. 2017 онд вагон хөдөлгүүрт тоглоом, “Бонго” нэртэй ачааны машины тоглоом хар тугалга ихтэй байснаас буцаан таталт хийжээ. 2017 онд Хятад улс хамгийн их тоглоом нийлүүлж, хамгийн их татсанаас “Хятадын синдром” нэртэй сөрөг кино хүртэл гарсан байна.

Өглөөний сонин
Р.Саруул


URL:

Сэтгэгдэл бичих