“УРБАНЕК” КОМПАНИ ХООЛ БИШ ХОР ОРУУЛЖ ИРЭХИЙГ ЗАВДСАН УУ
Монголчууд бидний хүнсний аюулгүй байдал алдагдаад удаж байна гэх.
Импортоор оруулж ирсэн хоол биш хорыг идэж ходоодоо хордуулахаас эхлээд элдэв өвчлөлийн эх уурхай болоод байгаад үнэхээр эмзэглэж байна. Ялангуяа гаднаас импортоор оруулжж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүдэд тавих хяналт муу. Дээр нь иргэд амт, үнэр, гаднах савлагаа өнгө үзэмжинд хууртагдаж худалдан авч идэх тохиолдол их бий.
Сүүлийн үед хаяг шошго тодорхойгүй, хэзээ үйлдвэрлэгдсэн нь мэдэгдэхгүй, он сар нь хэзээ дуусах нь үл мэдэгдэх хүнсний бүтээгдэхүүнүүд зах зээл дээр ил, далд хэлбэрээр их хэмжээгээр зарагдаж байгаа нь үнэн. Хэдхэн хоногийн өмнө НМХГ-аас хэд хэдэн газруудад шалгалт хийжээ.
Тухайлбал, “Урбанек Монгол” компанийн захиалгаар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-ны өдөр “АБТЕМА” дахь гүний гаалийн хяналтын бүсээр Польш улсаас импортлосон нэг нэрийн, 790 кг, 50 хайрцаг, 600 ширхэг, 2 сая төгрөгийн даршилсан байцаа оруулж ирэхийг завджээ. Тодруулбал, байцааны салатынх нь он сар өөрчлөлттэй буюу энэ оны зургадугаар сарын 12-нд үйлдвэрлэсэн гэсэн огноотой импортлогдсон тул буцаах мэдэгдэл өгчээ. Гэвч энэ байцаа нь сарын өмнө үйлдвэрлэгдсэн байцаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ирээдүйгээс ирсэн даршилсан байцааг хэрэглэгч бид идэх байжээ. Ийм байж болохуу.
Тиймээс ч “Урбанек” цагийн машинаар яваад бидэнд ирээдүйгээс хүнс авчирч, мэргэжлийн хяналтынхныг мэл алмайруулсан үзэгдэл боллоо гэж хошигнож байна. Энэ үйлдлээ тус компаниас үйлдвэрлэгчдийн алдаа байсан гэж тайлбарлажээ. Үүнд нь итгэнэ гэж бодоо юу. Магадгүй он сарыг нь хуурамчаар үйлдвэрсэн байх хэмээн олон нийт хардах эрхтэй.
“Урбанек” компани нь Польш улсаас хүнсний бүтээгдэхүүн импортолдог бөгөөд эзэн нь МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч Б.Лхагважав гэдгийг олон нийт сайн мэдэх байх.
Дээрх үйлдэл нь Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12.4.5.6 дахь заалтуудыг зөрчжээ. Тодруулбал, буруу шошголсон гэдэг утгаараа буруудаж байгаа юм. Мэргэжлийн хяналтын газраас хилээр нэвтэрсэн бүтээгдэхүүнийг буцаах мэдэгдлийг өгсөн бөгөөд наашаа орж ирээгүй гэдгийг тодотгосон юм.
Ийнхүү хүнс хэрэглэгчдийн ходоод хогийн сав биш гэдгийг импортын бараа оруулж ирдэг компани, аж ахуй нэгжүүд бодохгүй мөнгөний төлөө ажиллаж байгаа нь Монгол Улсад хүнсний аюулгүй байдал алдагдсаны тод жишээ гэж хэлэхэд хилсдэхгүй байх.
О.Сайхан
Оллоо.mn
URL: