Их наяд төгрөгийн өрийн хүү ба эмч нарын цалин
Улаанбаатарын төв талбай хэд хоног байнгын эзэдтэй байна. Тэнд суулт зарлагчид өдөр өдрөөр нэмэгдэж өөр өөр салбарынхнаар бүл нэмж байгаа бололтой. Гэхдээ тэдний нийтлэг төрх нь төсвийн цалинтай, тэр нь амьдрал ахуйд хүрэлцдэггүй, цалингаас цалингийн хооронд зээлээр амьдардаг гэх ижилдүүхэн зовлон жаргалтай хүмүүс.
Суулт зарлагчид дээр улаан майхнаар ижилссэн хэсэг хүмүүс нэмэгддэг. Харин тэд бол гэр хорооллынхон гэсэн хаяг адрестай. Шаардлага хүсэлт нь эмч сувилагч нарынхаас өөр.
Эрүүл мэндийн салбарынхны ингэж хаврын хавсарганаар хүйтэн чулуун талбай дээр хөлөө жиндүүлэн сууж, үсээ хусуулж эсэргүүцэл илэрхийлэх шалтгаан нь цалин хөлсөө нэмэгдүүлэх явдал. Үнэхээр тэдний цалин, тухайлбал сувилагч нарынх сардаа 450-570 мянган төгрөгөөс хэтэрдэггүй. Хоёр хувааж авна, эндээс суутгалуудаа төлнө гэхээр гар дээр бэлнээр авдаг нь хэд байх вэ гэдгийг төсөөлөхөөр үнэхээр л дэн дун. Эмнэлгийн салбарынхнаа бид эрүүл энхийн манаачид, цагаан нөмрөгт баатрууд хэмээн хөөрөгддөг. Хэдийгээр урмын үг ч гэлээ тэдний амьдралд нь аяга будаа, атга гурилын нэмэргүй.
Энэ салбарынхны хөдөлмөр хүнд. Хүний амь нас, эрүүл мэнд гэдэг араасаа нэхэлтэй айхтар хариуцлагатай ажил. Цаг наргүй ажилладаг болохоор нь тэднийгээ манаачтай зүйрлэсэн байж ч магад. Гэсэн хэрнээ хөдөлмөрийнх нь үнэлэмж ийм доогуур. Товчхондоо хөдөлмөрийн мөлжлөгт хамгийн их нэрвэгдэж байгаа хүмүүс аж. Эмч нарын энэ тэмцлийг салбарын сайд Д.Сарангэрэл “Эрүүл мэндийн салбарыг хариуцаж байгаа сайдын хувьд Эрүүл мэндийн үйлдвэрчний байгууллагаас тавьж буй шаардлагыг бодит зүйл гэж хэлнэ. …үүнийг улстөржилт байна гэж хэлж чадахгүй. Цалин мөнгөө голох ёсгүй юм гэж хэлээд суух ам надад үнэхээр алга.” гэжээ. Бодит байдлыг мэдэж мэдэрсэн хүний хувьд дэмжиж байгаагаа ийн илэрхийлжээ.
Эмч нарын суулт шаардлага өчигдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хөндөгдсөн. Хэдийгээр салбарын байдлыг ойлгож байгаа ч энэ онд цалин нэмэх боломжгүй гэдэг дээр ихэнх гишүүд санал нэгтэй байгаа бололтой. Боломжийг боомилж байгаа нэг тээг бол Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд 2017,2018 онд цалинг нэмэхгүй гэсэн тохироо гэдгийг гишүүн Б.Чойжилсүрэн хэлж байна билээ. Харин зургаан сар тэсвэл 2019 оноос төрийн албан хаагчдын цалинг нэмэх боломжтой болох юм байна.
Эмнэлгүүд нэмэлт орлого хөөцөлдвөл иргэдэд санхүүгийн дарамт үүсэх үү
Эмч нарын шахаж шаардаж байгаа ч энэ онд цалинг нэмэх боломжгүй гэдэг нь тодорхой байна. Ингэхээр тэдний орлогыг нэмэгдүүлэх өөр арга замыг эрж хайх хэрэгтэй болох нь.
Цалин нэмэхээс өөр ямар боломж байгаа талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Эрүүл мэндийн салбарын асуудлыг ойлгож байна. Эрүүл мэндийн даатгалын санг Тэтгэврийн сангаас салгасан. Ингэснээр Эрүүл мэндийн даатгалын санд жил бүр 40 тэрбум төгрөгийн үлдэгдэл гарна. Хоёрдугаарт, томоохон эмнэлгүүд санхүүгээ өөрсдөө захиран зарцуулах эрх мэдлийг өгч байгаа. Ингэснээр тухайн эмнэлэг өөрсдөө нэмэлт орлого олох боломжтой болох юм” гэжээ.
Томоохон эмнэлгүүдийн хувьд санхүүгийн эрх мэдэлтэй болж, мөн нэмэлт орлого олох боломж нээлттэй болж байгаа нь сайн хэрэг. Эмнэлгийн байгууллагуудад нэмэлт орлого олох анхдагч шийдэл боломж нь төлбөртэй үзлэг оношлогоо, шинжилгээ байх нь бараг эргэлзээгүй. Харин энэ нь эргээд үйлчлүүлэгч иргэддээ санхүүгийн дарамт үүсгэх вий гэсэн болгоомжлол төрж байна. Жишээ нь үнэгүй үзлэг, шинжилгээнийхээ зарим хэсгийг үнэ өртөгтэй болгох, төлбөртэй орныхоо тоог нэмэгдүүлэх гэхчлэнгээр иргэдийнхээ эрүүл мэндийн үйлчилгээг эргээд хүндрүүлэх, хүнд сурталтай болгох магадлал бий. Бодолцох л асуудал.
Өрийн хүүнд “өргөж” байгаа их наядын хүү
УИХ-ын өчигдрийн хуралдаан дээр нэгдсэн төсвийг хэлэлцэх явцад дурдагдсан нэг тоо монголчуудыг цочроосон байх. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Өрийг харахаар төсөвт ирж байгаа ачаалал их байна. 2018 онд 1,1 их наяд төгрөг, 2019 онд 865 тэрбум төгрөг, 2020 онд 723 тэрбум төгрөгийн хүү төлнө” гэв. Энэ оны /2018/ улсын төсвийн нэгдсэн орлого 7,2 их наяд төгрөг. Гэтэл үүнийхээ 1,1 их наяд буюу 1/6 орчмыг зөвхөн өрийн хүүнд өгөхөөр байна. Зээлийн хүү гэдэг бол огт үр ашиггүй, үлдэх мөргүй нэмэлт зардал бөгөөд угтаа салхинд хийсгэж байгаагаас ялгаагүй. Зөвхөн хүү нь гэхэд улсын төсвийн орлогын 1/6-тэй тэнцэхээр тийм их хэмжээний өр зээлтэй байгаа нь үнэхээр асуудал төдийгүй энэ бол эдийн засгийн аюулгүй байдалд ирж буй дохио түгшүүр. Тийм их хэмжээний зээлээр юу бүтээж хийв, эргээд эдийн засгаа тэтгэх бүтээн байгуулалт байгаа билүү гэхээр толгойд орж ирэх тоймтой юм бараг үгүй. Хэдэн аймгийг холбосон засмал зам, Улаанбаатарын хэдэн уулзвар төдийхэн төсөөлөгдөөд байх юм.
Төрийн албан хаагчийн нийт цалин 1,8 их наяд төгрөг болдог. Үндсэндээ өрийн хүүнд төлж байгаа 1,1 их наяд төгрөгтэй ойролцоо очно. Ийм хэмжээний мөнгөөр төрийн бүх албан хаагчдынхаа цалинг бараг нэг дахин нэмэгдүүлэхээр байгаа биз. Эмч, багш нарын цалинг нэмэхэд их наядаар хэмжигдэх их мөнгө хэрэггүй. Сайндаа ганц хоёр зуун тэрбум төгрөг байхад хүрэлцэнэ.
Угаас тарчигхан эдийн засаг өрийн хүүний дарамтанд байна. Үе үеийн улс төрчид, эрх мэдэлтнүүд улс орны эдийн засгаа ийм л янзаар зурж бүтээж явна даа.
М.Нэргүй
Zaluu.com
URL: