УИХ-ЫН ГИШҮҮД ТӨВ ТАЛБАЙД БОЛСОН ЖАГСААЛЫГ ХҮЧЭЭР ТАРААСНЫГ ШҮҮМЖЛЭВ

21022
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.15 цагт эхэллээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулав. Энэ үеэр Л.Болд, Ж.Батзандан нарын гишүүд өчигдөр буюу энэ сарын 17-нд Сүхбаатарын талбайд болсон “Гэр хороолол” хөдөлгөөний жагсаалыг хуулийн байгууллагынхан хүчээр тараасныг шүүмжлэв. Тухайлбал, Ж.Батзандан гишүүн, “1992 онд Монгол Улс хүнлэг, энэрэнгүй нийгэм байгуулна гэсэн зорилт тавьсан. Тиймээс иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх боломж, нөхцлийг хангах хэрэгтэй. Мөн төрөөс гааль, хүчний байгууллагын хүний эрхийн зөрчлийн асуудалд анхаарах болсон. Тухайлбал гаалийн байгууллагад ажиллаж байгаа 100 эмэгтэй тутмын 60 нь гэр бүлгүй байна. Нөгөөтэйгүүр удирдлагууд шаардлагыг биелүүлээгүй албан хаагчийг хол байршилтай, хөдөлмөрийн хүнд нөхцөлтэй боомт руу явуулах тохиолдол гарах болсон. Тиймээс энэ асуудлыг Хүний эрхийн дэд хороо анхааралдаа авах цаг болсон” гэлээ.

Түүнчлэн О.Баасанхүү гишүүн, “Монгол Улсын бүх хүүхдэд мөнгө олгох асуудлыг чуулганаар шийдвэрлэхэд ердөө 30 минут л хангалттай. Тиймээс энэ асуудлыг өнөөдрийн хуралдаанаар яаралтай шийдвэрлэх хэрэгтэй” гэсэн санал хэллээ.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, “Үндсэн хуулиар Монгол Улсын иргэн жагсаал цуглаан хийх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Жагсаалыг хүчээр тараасан эсэхийг хуулийн байгууллага тогтооно. Үдээс хойш Ерөнхий сайд мэдээлэл хийх үеэд энэ асуудлыг тодруулах боломжтой” хэмээв. Харин хүүхдийн мөнгөний асуудлыг Төсвийн байнгын хороо хэлэлцээгүй байгаа тул чуулганаар оруулах боломжгүй гэдгийг тайлбарласан юм.

Ийнхүү чуулганаар  Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг хийж байна.

Ч.Ариунболд
Эх сурвалж: http://www.montsame.mn/read/90235

URL:

Нэр: bath bombs Огноо: 28 February 2019

Thank you

natural

Сэтгэгдэл бичих