Ядуурлаас болж 250 сая хүүхэд хүнд хүчир хөдөлмөр эрхэлж байна
Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр гэдэг нь нас, биед хүрээгүй хүмүүсийг хүнд хүчир ажилд татан оролцуулахыг хэлнэ. Өдгөө дэлхийн олон орон хүүхдийн хөдөлмөрийг мөлжлөгийн нэг хэлбэр, хууль бус үйл ажиллагаа хэмээн үздэг болжээ. Дээр үед дэлхийн аль ч оронд хүүхдийн хөдөлмөр хэвийн зүйлд тооцогддог байсан. Харин хүүхдийн аюулгүй байдал, эрхийн конвенци гарснаар насанд хүрээгүйчүүдийн хөдөлмөр дэлхийн хэмжээнд харьцангуй буурч байна.
Хүүхдийн эрхийн конвенцид хүүхдийг эдийн засгийн мөлжлөг, эрүүл мэндэд нь аюул занал учруулах, боловсрол эзэмшихэд нь саад болохуйц, эсвэл бие, оюун ухаан, сэтгэл санаа, ёс суртахуун, нийгмийн хөгжилд нь хохирол учруулах ямар ч ажлыг хийхгүй байх эрхтэй хэмээн заасан.
Харамсалтай нь ядуурал, нийгмийн хөгжил доогуур түвшинд байгаагаас болж хүүхдүүд өөрийгөө болон гэр бүлээ тэжээхийн тулд ажил хөдөлмөр эрхэлсээр байна.
Монгол Улсад л гэхэд хөдөлмөр эрхэлж буй хүүхдийн тоо 68.5 мянга байгаа нь цөөн хүн амтай улсын хувьд харьцангуй өндөр үзүүлэлт. Эдгээр хүүхдийн 90 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Орон нутагт малчин өрхүүд хүүхдүүдээ сургуулиас нь завсардуулж, мал маллуулдаг. Энэ бол хөдөлмөрийн мөлжлөгийн нэг хэлбэр мөн. Харин хотод хүүхдүүд зах дээр тэрэг түрэх, гуйлга гуйх, уурхайд ажиллах, хаягдал түүх, машин угаах зэрэг хүнд хүчир ажил эрхэлж байна.
Тэгвэл дэлхийн зарим улс хүүхдийн хөдөлмөрийг хэрхэн мөлждөг вэ? Хөгжингүй орнуудад хүүхдүүдийг садар самуунд уруу татах, ажил хийлгэх тохиолдол мэр сэр гарсаар байна. Харин хөгжил буурай Африкийн орнуудад хүүхдүүдийг зэвсэглэж, тулаанд хүчээр оролцуулж байгаа нь хөдөлмөрийн хамгийн ноцтой хэлбэрийн нэг юм.
Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын мэдээлснээр зөвхөн хөгжиж буй орнуудад л гэхэд 5-14 насны 250 сая шахам хүүхэд ажил хөдөлмөр эрхлэхээс өөр аргагүй байдалд оржээ. Эдгээрийн 153 сая нь Азид, 80 сая нь Африкт, 17 сая нь Латин Америкт амьдарч байна.
Мали улсад гэхэд 20 мянган хүүхэд алт олборлож байгаа нь “Human Rights Watch” хүний эрхийн байгууллагын судалгаагаар тогтоогджээ. Энд хүүхдүүд өөрсдийн биеийн жингээс илүү хүнд ачаа үүрч байна. Тэд зөвхөн алт олборлоод зогсохгүй меркурий хэмээх хортой бодистой ажиллаж байгаа нь цаашид мэдрэлийн системийг нь гэмтээх эрсдэлд орж байна гэсэн үг.
Тэгвэл зарим улс орон, томоохон байгууллагууд хүүхдийн тэвчишгүй хөдөлмөртэй хэрхэн тэмцдэгийг сонирхъё.
Шоколад, кофегоороо алдартай “Nestle” компани какаоны тариалангийн талбайд хүүхдүүдийг ажиллуулахын эсрэг шинээр арга хэмжээ авч эхэлжээ. Тус компани Шударга хөдөлмөрийн холбоотой хамтарч, энэ асуудлыг шийдвэрлэхээр тохиролцоод байгаа аж. Тухайлбал ирэх нэгдүгээр сард тус холбоо “Nestle”-гийн Зааны ясан эрэг улс дахь тариалангийн талбайд шалгалт явуулахаар төлөвлөсөн байна.
“Nestle” компани ийм чухал шийдвэрийг оройтож гаргаж байгаад шүүмжлэгчид таагүй хандаж байна. Дэлхийн шоколадны томоохон үйлдвэрлэгч тус компани какаоны тариалангийн талбайд хүүхдээр хөдөлмөр эрхлүүлэхтэй тэмцэх тухай зөвшилцөлд 10 жилийн өмнө гарын үсэг зурсан. Харин тус компанийн какаоны ихэнх хэсгийг нийлүүлдэг Зааны ясан эрэг рүү дөнгөж одоо л комисс илгээж, тариалангийн талбай дээрх нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт гаргуулахаар болсон нь хачирхалтай.
Үүнтэй холбогдуулан “Nestle” компани “Какаог хүргэх систем маш хүнд. Тиймээс хүнсний компаниуд үйлдвэрлэлийнхээ шат дамжилга бүрийг нэг бүрчлэн хянахад бэрхшээл тулгардаг” хэмээн мэдэгдэлдээ дурджээ.
АНУ-ын Тьюлений их сургуулийн гаргасан тооцоогоор Баруун Африкийн энэ оронд какаоны тариалангийн талбайд 1.8 сая гаруй хүүхэд ажилладаг байна. “ВВС” агентлагийн сэтгүүлчид тус улсад очиж, какао хураалтад ажиллаж буй хүүхдүүдийн талаар сурвалжилжээ. Хүүхдүүдийн нэг нь “Эцгийнхээ зөвлөснөөр энд ирж ажилласан, гэр бүлийнхэнтэйгээ уулзаагүй гурван жил болж байна” гэжээ.
Хятадад л гэхэд 2007 онд хүүхдийн хөдөлмөрийг мөлжиж, боол эзэмшсэн байгууллага, хүмүүсийн эсрэг кампанит аян өрнүүлсэн. Тус улсын Шаньси, Хэньань мужийн уурхай, үйлдвэрүүд хэдэн зуун ядуу иргэн, хүүхдүүд, оюуны хомсдолтой хүмүүсийн хайр найргүй ажиллуулж байсан нь илэрсэн тул ийм арга хэмжээ авчээ.
Энэ оны есдүгээр сард “Burberry”, “Levi”, “H&M”, “Adidas”, “Puma” зэрэг дэлхийн хувцасны 60 гаруй брэнд Узбекистанаас нийлүүлж буй хөвөнд хориг тавьсан. Хүүхдийн хүнд хүчир хөдөлмөрөөр цуглуулсан хөвөнг авахгүй байх энэхүү уриалгыг Америкийн хүний эрхийг хамгаалагч “As You Sow” бүлэг санаачилсан байна.
URL: