ДУР МЭДЭН МОД ТАЙРЧ, НҮЦГЭЛСЭН СӨХ-НЫХОНД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭНЭ

olloo_mn_1526527315_modnudНэг хэсэг нь нийслэлээ өнгө үзэмжтэй, ногоон байгууламжтай болгох гээд уулнаас хүртэл амьд мод булгалж ирээд суулган усалж тордож ургуулж байхад нөгөө хэсэг нь өөрсдийнхөө дур зоргоор, хэний ч зөвшөөрөлгүйгээр мод тайран “алж” байна.

Өчигдрөөс эхлэн олон нийтийн сүлжээгээр ургаа модыг үндэс хүртлээ хөрөөдөж тайрсан зурагнууд шэйр хийж, ихээхэн шүүмжилж байна.

“Ургуулж услахын оронд устгаж байна. Хот дотроосоо түлээний мод бэлтгэж эхэллээ. 60 тэрбумынхан 60 секундын дотор тайрч унагалаа. Тайрахаар сайн ургадаг гэсэн, ургахыг нь харъя” гэх мэт сөрөг сэтгэгдэлүүд олон харагдав.

Тодруулбал, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр ЭХЭМҮТ-ийн баруун талын замын эсрэг талд байрлах моддыг багасгаж эн тэнцүү болтол тайрсан байсан. Үүнийгээ албаныхан тайлбарлахдаа “Оршин суугчдын хүсэлтээр тайрсан. Яагаад гэвэл модны цагаан юм их хийсдэг болохоор харшилтай хүмүүст их хэцүү байдаг. Тиймээс тайруулсан” гэх тайлбарыг өгсөн юм.

Харин Хан-Уул дүүргийн “Нарлаг” хотхоны гадна талын талбайд байсан модыг мөн юу ч үгүй устгажээ. Түүнчлэн Хүүхдийн паркийн зам дагуух модыг, СУИС-ийн урд талын явган хүний зам дагуух моддыг юу ч үгүй тайрчээ.

Ямар учраас ийнхүү тайраад байгаа талаар Нийслэлийн Захирагчийн албаны хот тохижилтын хэлтсийн дарга Г.Ууганбаяраас тодруулахад “Иргэд болон СӨХ-ынхон өөрсдөө дур мэдэж мод тайрсан асуудал гаргаад байна. Тухайлбал, “Нарлаг” хотхоны гаднах талбайн модыг СӨХ-ныхон нь тайрчихсан байгаа юм. Тиймээс бид тус дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулахаар хандсан байгаа.

Харин Хүүхдийн паркийн зам дагуух моддыг тайрах болсон шалтгаан нь давхар зам баригдаж байгаа учраас тайрсан. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дэх мод тайрах цэвэрлэх асуудлыг тохижилт үйлчилгээ хариуцсан хэлтсийнхэн нь анхаарч байгаа. 60-70 жил болж үхсэн моднуудыг авч байгаа” гэлээ.

Тэгвэл СУИС-ийн урд явган хүний зам дагуух моддын хувьд олон жил болж, үхэж өвгөрсөн учраас ийнхүү авсан юм байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих